Английн "10 зоригт арслан" шигшээ багаа шөвгийн наймд үлдээлээ
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 16-гийн тоглолтууд үргэлжилж байна.
Мексикийн алдарт "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагч Мексик, Английн багийн хооронд тоглолт болов. Эхний хагаст англичуудын дараалсан хоёр довтолгоог Жюд Беллингэм эсрэг багийн хаалганд гоол болгосон юм. Ердөө хоёр минутын дотор тооны харьцааг 2:0-ээр зочин баг тэргүүлж эхэллээ.
Харин эхний хагасын үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө Хулиан Киньонес тооны зөрүүг ойртуулав.
Харин хоёрдугаар хагасын 54 дэх Жаррель Күйнса эсрэг багийн тоглогчийг алдаа хийж зогсоосон юм. Шүүгч бичлэг нягталж үзээд түүнд шууд улаан хуудас өгсөн. Ингэснээр тэр ДАШТ-д улаан хуудсаар талбайг чөлөөлсөн Английн дөрөв дэх тоглогч болжээ.
Түүнээс өмнө 1986 онд Рэй Уилкинс, 1998 онд Дэвид Бекхэм, 2006 онд Уэйн Руни нар ийм алдаагаар талбайг орхиж байв.
Рэй Уилкинс 1986 онд Мароккогийн багтай хэсгийн шатанд хийсэн тоглолтод улаан хуудас авчээ. Тэр тоглолтод англичууд хуурай тэнцсэнээр хэсгээсээ хоёроор шалгарч, Парагвайг буулган авсан ч шөвгийн наймд Аргентинд дийлдсэн.
Францад болсон 1998 оны ДАШТ-д Дэвид Бекхэм Аргентины Диего Симоныг өшиглөснийхөө үр дүнд улаан хуудсаар торгуулжээ. Англичууд хүн дутуу үлдсэн ч цаг сунгаад улмаар торгуулийн цохилтоор хожигдсон удаатай. Тэгвэл одоогоос 20 жилийн өмнө Уэйн Рүүни Португалийн эсрэг тоглолтод хөөгдөж байлаа. Хүн дутуу үлдсэн англичууд үндсэн цаг болон нэмэлт цагт хаалгандаа гоол алдалгүй тэнцсэн ч торгуулийн цохилтоор тэмцээнийг орхисон.
Харин энэ удаад тэд үр дүнгээ хадгалж чадлаа. 60 дахь минутад Энтони Гордон дээр эсрэг багийн хаалгач алдаа хийснээр Харри Кэйн торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулсан. Үүнээс нэг их удалгүй Мексик торгуулийн цохилтоор гоол оруулсан ч үлдсэн хугацаанд үр дүн өөрчлөгдсөнгүй.
Ийнхүү хүн дутуу үлдсэн ДАШТ-ээс дандаа хасагддаг англичууд шөвгийн наймд Норвегийн эсрэг тоглохоор боллоо. Харри Кэйн мэргэн буучдын жагсаалтад зургаан гоолтойгоор Месси, Мбаппе, Хааландын араас нэхэж явна. Ирэх долдугаар сарын 12-ны Ням гарагт Хааланд, Кэйн хоёрын нэг нь ДАШТ-ээ өндөрлүүлэх боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

