Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн багийн огцорсон дасгалжуулагчийг “бойкотлох” хөдөлгөөн АНУ-д үргэлжилж байна
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд Өмнөд Солонгосын үндэсний шигшээ баг тоглохыг үзэх хүсэлтэй байсан Лос-Анжелесын солонгос иргэд тус багийн огцорсон дасгалжуулагч Хон Мюн Бог тун таагүй хүлээн авчээ.
Удирдсан багаа хэсгийн шатнаас шалгаруулж чадаагүй Хон албан тушаалаасаа огцорсноос хойш хэдхэн хоногийн дараа буюу Пүрэв гарагт Лос-Анжелес хотод ирсэн юм байна.
Одоо Өмнөд Солонгосын парламентын гишүүд Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудыг оролцуулсан сонсгол зохион байгуулахаар бэлдэж байгаа. Энэ үеэр үндэсний шигшээ багийг ДАШТ-д хэн яагаад ийм амжилтгүй оролцуулсан шалтгааныг олж тогтоох зорилготой байна.
Ийм хариуцлагатай цаг үед Хон Мюн Бо гадаадад аялж яваа нь Өмнөд Солонгост төдийгүй хилийн чанадад олон хүнийг бухимдуулжээ.
Лос-Анжелес хотын солонгос эзэнтэй үйлчилгээний газрууд Хоныг оруулахгүйгээ мэдэгдсэн тэмдгийг үүд хаалган дээрээ байрлуулсан байна.
Солонгос гаралтай Америкчуудын MissyUSA онлайн форум дээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд Хоныг “бойкотлох” уриалга гарсан нь олон хүний дэмжлэгийг авчээ.
“Тэр өөрийгөө Солонгосоос явахаар хүмүүс мартана гэж бодож байгаа бололтой. Гэхдээ энд солонгосчуудын эзэмшдэг олон бизнес байдаг. Бүгдээрээ ‘Хон Мюн Бо, эндээс гар’ гэсэн тэмдгийг үүдэндээ тавьцгаая. Энд солонгосчууд маш олон тул Хон эсэргүүцлийг энд бас мэдрэх ёстой” гэж энэхүү уриалгад өгүүлсэн байна.
Хэрвээ Өмнөд Солонгосын шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан бол Лос-Анжелес хотод болох шөвгийн 32 багийн тоглолтод оролцох байжээ.
Тиймээс энэ хотын солонгос оршин суугчид Хон Мюн Бод илүү хатуу хандаж байгаа юм байна.
Тэд түүний сонгосон буруу тактик үндэсний шигшээ багийг нь хэсгийн шатнаас хасагдахад гол нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Калифорнид амьдардаг нэгэн солонгос хүн онлайн форумд “Би шөвгийн 32 болон 16 багийн тоглолтуудыг үзэхээр тасалбар худалдаж аваад байсан ч өнөөдөр Лос-Анжелес нисэх тийзээ цуцлаад сууж байна” гэж гомдлоо бичжээ.
Хон огцорсныхоо дараа АНУ-д аялахын оронд Өмнөд Солонгост байж, багийнхаа гүйцэтгэлийн талаар хууль тогтоогчдын асуултад хариулах ёстой гэж үзэж байгаагаа олон хүн сэтгэгдлээр илэрхийлсэн байна.
Гэхдээ зарим нь дасгалжуулагчийг хэт жигшин зэвүүцэхийг дэмжихгүй байгаагаа бас илэрхийлцгээжээ.
“Хон чадваргүй дасгалжуулагч байсан байж магадгүй ч энэ хатуурхал хэтэрсэн гэж бодож байна. Түүнийг томилсон холбоо болон удирдлагуудтай нь хариуцлага тооцох хэрэгтэй бус уу?” гэж тэд бичсэн байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

