“Цензургүй яриа” хэмээх ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч редактор нь ч оролцох зочин нь ч олон нийтийн сонирхлыг татсаар хэдийнээ жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт оролцох юм билээ.
Үзэгчид “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзээд хөтлөгч, редакторыг нь сайн, муугаар бишгүй л хэлдэг. Сошиал ертөнцөөр дамжуулан өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ хуваалцдаг.
Олон дугаар нь олон нийтийн анхаарлыг татаж, хэд хоногтоо ярих сэдэв нь болдог “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор, сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.
-Таны ээждээ зориулан бичсэн “Сүүлчийн нийтлэл” тань олон нийтэд их хүрсэн. Та энэ нийтлэлдээ ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн тасагт хагалгааны өрөөнөөс, хагалгааны үйл явцыг шууд дамжуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг олны хүчээр босгож өгнө гэсэн байсан. Энэ ажил одоо юу болж байгаа вэ?
- Энэ тухай ярихын тулд эхлээд өөртөө тохиолдсон явдлаас эхлэх нь зөв байх. Би тавин наймхан настай, цоглог хөөрхөн ээжийгээ хорт хавдар гэдэг өвчнөөр гуравхан сарын дотор зуургүй алдчихсан юм. Миний ээж өглөө бүр 24-р сургуулийн арын биеийн тамирын талбайд гүйдэг, хөнгөн шингэн, сүүлийн арав гаруй жил зөв хооллосон, барагтайд өвчин хэлдэггүй оворгүй сайхан эмэгтэй байсан. Ээж минь тийм хөнгөхөн болохоор бид ээжийгээ бараг 100 насална л гэж боддог байлаа.
Ээж минь их цоглог сайхан хүн. Найз нөхөд ах дүү нар маань мэднэ дээ. Гэтэл гэнэт л нэг өдөр цөсөндөө хордоод хамаг бие нь ногоороод эмнэлэгт очтол хорт хавдрын дөрөвдүгээр үе гэсэн онош тодорсон.
Хорт хавдар дотроо олон янз. Гэтэл нойр булчирхайн толгойн хорт хавдар хэмээх хамгийн хүндээр нь өвдөж, тэгэх тэгэхдээ бүр дөрөвдүгээр үедээ хүрч найдваргүй гэсэн онош тавиулсан. Тэгээд инээгээд гүйж авсан цоглог ижийгээ гуравхан сарын дотор хамгийн муухай өвчний хамгийн хүнд хэлбэрээр үүрд алдсан.
Ээжийнхээ дуртай амттанг ч идүүлэх боломжгүй, очих юмсан гэж хүсч байсан Чежү арал руу нь ч нисгэж чадахгүй /Чежү рүү нисэх тийзийг нь захиалчихсан байсан боловч хагалгаанд ороод дөнгөж арав хонох хугацаанд таарсан юм/, цагаан сараар өгнө дөө гэж бодож байсан дээлийн ганц торгоо ч авч өгөх завдалгүй, “ ээж минь үхнэ” гэдгийг нь мэдсээр байж юу ч хийх боломжгүй тийм өдөр хоногуудыг би аавтайгаа, дүү нартайгаа, ханьтайгаа, ах дүү амраг садангуудтайгаа туулсан.
Бүх зүйл ар араасаа аймшигтай хурдан өрнөж үхэл биднээс ээжийг минь шууд булааж авсан. Хорт хавдар ямар муухай өвчин гэж санана. Хүнийг яаж зовоож, өвтгөдөг тухай үгээр илэрхийлж ч чадамгүй. Одоо би боддог юм. Ядаж нэг жил ээжийгээ асарсан бол гэж. Гуравхан сар дэндүү богино байсан. Тийм болохоор ах дүү бидний үзсэн энэ зовлонг дахиж хэн нэгэн бүү амсаасай гэж бодсондоо, дахиж эх үрс хорт хавдраар бүү хагацаасай гэж хүсэхийн дээдээр хүсч байгаа тул хорт хавдрын эсрэг сайн санааны “Ижий сэтгэл” аяныг зохион байгуулсан. Зорьсон ажил маань дууссан. Маргааш хүлээлгээд өгчихнө. Анх хагалгааны өрөөнөөс хурлын заал руу дүрс дамжуулах холболт хийгээд орхичихсон юм.
ХСҮТ-ийн эмч нар энэ санаачлагыг гаргаж эхний холболтынхоо хөрөнгө мөнгийг гаргасан. Би зөвхөн холболтыг нь инженер авчирч хийлгэж өгсөн юм. Харин миний сүүлд зөвхөн дүрс биш дууны холболтыг нь шийдэж өгөхийн тулд телевизийн зориулалттай төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, телевизийн шууд дамжуулалтын холболтыг бүрэн шийдэж өгсөн гэсэн үг. Одоо хагалгааны өрөөнөөс хагалгаа хийж буй эмч нь тайлбарлаж ярьж болно.
Нөгөө талаас хурлын заалнаас нь эмч нар юм асууж болно. Сайхан сэтгэлтэй сайн хүмүүсийн буянаар энэ ажил амархан бүтлээ. Миний “Сүүлчийн нийтлэл” гарсны дараа Австрали, Япон, Шведээс хүмүүс холбогдож, тусалсан. Тэгээд 20 гаруй сая төгрөгийн ажлыг сарын дотор л хийчихлээ. Гэхдээ 20 гаруй сая төгрөг цуглаагүй, хамгийн үнэтэй тоног, төхөөрөмжийг нь нэг хүн хандивлачихсан юм. Тэгэхээр богино холболт, микрофонууд, бас пультийг авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлангаа удахгүй олон нийтэд ил гаргана аа.
-Манай улсад хагалгааны үйл явцыг шууд дамжуулах боломжтой тоног, төхөөрөмжтэй эмнэлэг бий юү?
-“Гурван гал” эмнэлэг тэгж тоноглогдсон гэж сонссон. Гэхдээ ашигладаг эсэхийг нь мэдэхгүй байна. Улсын эмнэлгээс бол анхных нь байх. Энэ тоног төхөөрөмжийг ашиглаад 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт хийх боломжтой. Гэхдээ тухайн аймгуудын эмнэлгийг мөн шаардагдах тоног, төхөөрөмжөөр хангах ёстой юм байна.
Тиймээс цаашдаа үүнийг ч гэсэн нэг мөсөн хийж өгөх бодолтой байгаа. Ямар ч гэсэн одоо хөдөөнөөс эмч нар авч ирээд, оюутнуудыг суулгаад хагалгааны үйл явцыг шууд дамжуулаад хийчих боломжтой болсон. Гадаадаас эмч нар ирээд хагалгаа хийхэд ч хагалгааны багийн эмч нар л туршлага, ур чадварыг нь хардаг байсан бол одоо хэдэн ч хүнд зэрэг үзүүлэх боломжтой болж байгаад л ач холбогдол нь оршиж байгаа хэрэг шүү дээ.
-ХСҮТ-ийн хагалгааны тасагт тоног төхөөрөмж авч өгөөд энэ ажил дуусах уу. Цаашдаа үргэлжлэх үү?
-Ер нь үргэлжлүүлээд хүмүүнлэгийн ажил болгоё гэж бодож байгаа.
Хорт хавдар Монголд маш их тархаж байна. Айл бүхэнд хорт хавдартай хүн байна. Таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилж нас барж байх жишээтэй. Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар элэгний хорт хавдраар манай улс тэргүүлсэн байна билээ.
Анх би 13 настай хүүхэд хорт хавдраар өвчилсөн гэдгийг сонсоод ийм жаахан хүүхэд өвдсөнд гайхаж байсан. Гэтэл ердөө хэдхэн хоногийн өмнө хоёр настай хүүхэд хорт хавдар авхуулсныг мэдсэн. Би тэр хүүхдэд хандив өгсөн юм. Гэтэл бүр хоёр сартай хүүхэд хорт хавдрын хагалгаанд орсон байхыг сонслоо. Учрыг асуувал эхийн хэвлий дэх ураг хорт хавдраар өвчилж байна гэнэ. Генд хорт хавдрын өөрчлөлт орж байна гэсэн үг шүү дээ.
Шалтгаан нь архи, тамхи, стресс, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, эмнээс болж байна. Дээрээс нь нийгмийн стресс, хорт утаа. Мэдээж өөр шалтгаанууд бас бий. Энэ онд гэхэд л ХСҮТ-ийн жилийн төсвийг таначихсан. Гэтэл хорт хавдар бол хамгийн үнэтэй тоног төхөөрөмж, эмчилгээний хэрэглэлүүд, эм тариа шаардагддаг өвчин.
Тэднийг бүгдийг нь хасчихсан. Тэгэхээр дунд, дундаас доош амьдралтай хүмүүс эмчилгээгээ хийлгэж чадахгүй үхэж байна.
“Сүүлчийн нийтлэл”-ийг бичсэний дараа хүмүүс намайг хандивын данс заавал нээ гэсээр байгаад нээлгэсэн. Одоо үйл явдал алгуурхан өрнөж заавал ТББ байгуулах ёстой гэдэг рүү намайг шахаж байна.
Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Нэгэнт төр өөрийнхөө үүргийг сайн биелүүлж чадахгүй байгаа юм чинь сайхан сэтгэлийн угаас энэ ажлыг хийлцэхийн төлөө би ажиллана. “Сүүлчийн нийтлэл”-ийн дараа хүмүүс намайг хандивын данс заавал нээ гэсээр байгаад нээлгэсэн.
Одоо үйл явдал алгуурхан өрнөж заавал ТББ байгуулах ёстой гэдэг рүү намайг шахаж байна. Тиймээс өөрөө ТББ байгуулах уу, эсвэл өмнө нь энэ чиглэлээр ажилладаг байгууллагатай нэгдэх үү гэдэг сонголт миний өмнө байна. Ойрын үед сонголтоо хийгээд ажилдаа ханцуй шамлан орно доо.
-Тухайлбал ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Нэгдүгээрт хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж эрт үед оношлох вэ? Хоёрдугаарт эмч нарынхаа мэдлэг боловсролыг хэрхэн дээшлүүлэх вэ. Сайн эмч нар бидэнд хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хот, хөдөөгийн эмчийн мэдлэгийн асар их зөрүү байна. Энэ зөрүүг хэрхэн арилгах вэ гэсэн хоёр чиглэл рүү л ажиллана гэж бодож байгаа.
Мэдээж эмч нарт би хичээл заахгүй. Тэднийхээ сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх, бие биенээсээ туршлага судлах боломжийг , тэр орчинг бүрдүүлж өгөх юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм.
Чин сэтгэлийнхээ угаас хүссэн бүхэн биелдэг гэдгийг би амьдралаараа мэдэх учраас энэ ажил минь бүтэж олон хүний амь насыг аварна гэж бодож байгаа. Болно доо, болно.
-“Цензургүй яриа” нэвтрүүлэгт Монголын улс төрийн лидерүүд их оролцдог. Энэ ч утгаараа нэвтрүүлэг гарахаас өмнө, гарсныхаа дараа ч олон нийтийн дунд дуулиан болдог. Мөн сошиал сүлжээгээр шүүмжлэл, магтаалын аль аль нь хүчтэй өрнөдөг. Зочдодоо яаж зөвшөөрүүлээд нэвтрүүлэгтээ оруулаад байдаг юм бэ?
-Бүх л телевизэд ярилцлагын нэвтрүүлэг байдаг.
Надаас мундаг, насаараа энэ салбарт ажиллачихсан, мэдлэг боловсролтой сэтгүүлч олон. Би бол телевизэд шинэ хүн шүү дээ. Гэтэл нэвтрүүлэг бүрийн дараа ингээд шуугиад байхаар нь би бас гайхаад байх юм. Яагаад ингэж шуугиан тариад байгааг одоо хүртэл бүрэн ойлгоогүй л явна.
Гол учир нь зочдодоо л байх шиг байна. Мэдээж тэднийг энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид дуудаж байгаа, нэвтрүүлэгтээ урьж байгаа. Харин яагаад миний нэвтрүүлэгт тэд ирээд байгаагийн учрыг зоригтой хэлчих үү. Томорсон л нэр зүүх байх даа. Гэхдээ яадаг юм. Би чинь сэтгүүл зүйн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна.
Тэр он жилүүдийн үнэ цэнэ одоо надад ирж байгаа юм. Капитал хуримтлагджээ. Зочид намайг голохгүй ирж байна. Энэ бол том үнэлгээ. Энэ бол сэтгүүл зүйн салбарт унаж босч явсны минь хариуд ирсэн алтан гэрэгэ.
Зарим хүн намайг гэнэт л ийм хүүхэн гарч ирээд нэвтрүүлэг хөтлөөд эхэллээ гэж бодож магадгүй. Үгүй юм аа. Амьдралынхаа 19 жил сайн муугаараа хэлүүлж, залуу нас, аль л өнгөтэй бүхнээ энэ салбарт зориулсан юм. Нөгөө талаар нь бодож үзвэл би хэзээ ч өөрийгөө хуурдаггүй. Үзэгчид энэ тэр гэж гэж том яриад яах вэ. Би өөрөө өөртөө зориулж энэ нэвтрүүлгийг хийсэн.
“Мөнхбаясгалаан, чи ер нь хэн юм бэ. 19 жил энэ салбараас зүгээр л хоол хороож явсан нэгэн үү. Эсвэл юм хийж чадах хүн үү. Одоо чамайг хэн ч залуухан гэж хэлэхгүй насанд ирлээ. Энэ насанд туршлага хуримтлуулж капитал босгож чадаагүй бол хохь чинь. Чи ярилцлагын нэвтрүүлэг хийж чадах уу. Сайн асуулт бэлтгэж чадах уу, нүд рүү нь харж байгаад огтхон ч долигонохгүй асууж барах уу” гэж өөрөөсөө асуусан юм. Тэгээд оролдож явна.
Улсын эзэн ч бай, гуйлгачин ч бай, тэрбумтан ч бай надад бол бүгд адилхан. Тэд миний рейнгд гарахыг зөвшөөрч ирсэн. Тэгэхээр энэ бол миний дэвжээ. Энд би асууна, би хөтлөнө. Тэр хүмүүс үнэн юм асуугаасай, олон жил нийгэмд бугшиж улиг болсон зарим зүйлд хариулт өгье гэж ирж байна. Тэд намайг чадна гэж бодоод ирж байгаа нь надад эргээд үүрэг хүлээлгэж байгаа юм. Тэдний урмыг хугалж , зусардаж, эсвэл ерөнхий асуулт тавьж тэнэгтэж болохгүй.
Соёлтой боловсролтой хүн болох гэж энэ тэндээс хуулчихсан, өөрөө ч ойлгохгүй юм асуух хэрэггүй. Ийм л бодлоор нэвтрүүлгээ хийсэн. Тэгээд жаахан сонирхол татаж байгаа юм болов уу даа, одоо. Улам л олон хүн үздэг болоод байна. Тэгэх тусам надад айдас төрөөд байх юм.
Заримдаа нэвтрүүлэг эхлэхийн өмнө зугтаагаад явчихмаар санагддаг юм. Миний энэ сонин занг Өлзий-Учрал гэж найз маань мэддэг байлаа. Тэгээд нэвтрүүлэг эхлэхээс цагийн өмнөөс намайг эргүүлдэж, “хөтлөгч мурихгүй шүү” гээд л хаалга онголзуулж инээд хүргэдэгсэн. Тэгээд “Цензургүй яриа их сонин нэвтрүүлэг шүү. Бусад нэвтрүүлгээс зочин нь зугтдаг бол энэ нэвтрүүлгийн хөтлөгч нь зугтчих гээд байдаг” гэж шоглодог байлаа.
-Та нэвтрүүлэгтээ зочноо уриад, тэр хүнтэй ярилцахын тулд асуултуудаа хэр удаан бэлддэг вэ?
-Хүн итгэхгүй байх л даа. Жишээ нь С.Баяраас ярилцлага авъя гэж би анх Ерөнхий сайд болсон 2007 оноос саналаа тавьж эхэлсэн юм шүү. Бүтэн найман жилийн турш ярилцлага хийе гэж урьсан. Энэ бол бага биш хугацаа. “Өдрийн сонин”-ы тоймч байх үеэсээ гэсэн үг. Энэ хооронд би С.Баярын тухай уншиж, түүний тухай зүйлүүдийг цуглуулсаар л байсан.
Харин Ц.Нямдорж гишүүнээс ярилцлага авъя гэж таван сар гуйсан. Энэ хугацаандаа ч түүний талаар уншаад л яваад байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би гурван жил санал тавьсны эцэст сая орлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би гурван жил санал тавьсны эцэст сая орлоо. Анх “Цензургүй яриа” нэвтрүүлэг “Шонхор” телевиз дээр гарсан юм. Тэгэхээр 2012 оноос хойш Ерөнхийлөгчийг “Цензургүй яриа”-нд орохыг хүссэн байгаа биз. Хамгийн удаан гуйлгаж байгаа хоёр хүн бий дээ.
1999 оноос хойш “ярилцлага авъя аа” гэж хүсч байгаа, үе үе өөрт нь сануулдаг тэр хүн бол ШШГГ-ын дарга бригадын генерал Б.Билэгт юм. Нөгөөх нь ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн байсан хурандаа Д.Мөрөн. Энэ олон жилийн турш асуух зүйл хуримтлагдсаар байгаа. Гэхдээ яг шууд эфирт суух мөчид бас өөр уур амьсгал гарч ирдэг л дээ.
Ер нь ярилцлага авна гэж бодсон хүмүүсийнхээ талаар уншаад, мэддэг нэгнээс нь асуугаад л яваад байдаг. Тэгж байгаад л оруулдаг. Одоо миний төлөвлөгөөнд 20 гаруй хүн бий. Тэгэхээр 20 гаруй хүний материал цуглуулаад л уншаад яваад байна гэсэн үг. Ерөнхийлөгчид би фейсбүүк, твиттерээр санал тавихад зөвшөөрсөн. Яг үнэндээ нэг ч удаа утсаар яриагүй. Тэгэхээр тэр хүн бас ардчилсан сэтгэлгээтэй байгаа биз. Н.Энхбаяр, Н.Багабанди нар тэгж орох уу.
Үгүй шүү дээ. Ц.Элбэгдорж л орсон. Ардчилсан Ерөнхийлөгч гэдгээ баталсан нь надад маш их таалагдсан. Тэгээд өмнө нь нэг ч уулзалгүй, хүний урамд утсаар ч ярихгүй байж байгаад шууд орсон. Энэ бол өөртөө итгэлтэй, задгай сэтгэлгээтэй л хүний зан. Ер нь миний зочид голдуу тэгдэг юм даа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би гурван жил санал тавьсан.
-Жил гаруйн өмнөөс таны нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн. Одоогоор хэдэн дугаар хийгээд байна вэ?
-“Шонхор” телевизийг байгуулаад 2012 оны арванхоёрдугаар сард анх нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Гэтэл “Шонхор” телевиз 2013 оны гуравдугаар сард нь хаагдсан. Тэгээд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “2-р суваг” телевизээ нээгээд дахин эхлүүлсэн. “2-р суваг” телевизийн туршилт дуусаагүй байхад л УИХ-ын дарга оролцож байсан юм. Одоо бол С1 телевизтэй гэрээ байгуулж ирээд удаагүй байхад Ерөнхийлөгч оролцлоо.
-“Цензургүй яриа” нэвтрүүлгээ цаашдаа хэдий хүртэл хийх бол. Одоо хийхээ болъё гэсэн үед таны нэвтрүүлэг ямар шатанд хүрсэн байна гэж харж байна вэ?
-Бүүр хөгширтлөө хийе гэж бодож байгаа. Нүүрэнд үрчлээ суучихсан, үс нь цал бууралтчихсан авгай хөтлөөд сууж байвал гоё шүү дээ. Үүнд л үнэ цэнэ оршино. Барууны ток шоунууд чинь тийм байдаг.
Ларри Кинг нэвтрүүлгээ 30 жил хөтөлсөн. Би ч гэсэн нэвтрүүлгээ тэгж л хөтөлмөөр байна. Одоо хийсэн байгаа дугаарууд миний санаж, бодож яваа зүйлийн дөнгөж арван хувь нь. Цаашдаа бүүр сайн нэвтрүүлэг болгоно, илүү зоригтой асуулт тавьдаг болно гэж бодож байгаа. Мөн техникийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байна.
-Сошиал ертөнцөөр таныг их шүүмжилдэг. Урьсан зочинтойгоо эн зэрэгцэх мэдлэг, мэдээлэлгүй байна гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Нэг бодлын их баярламаар. Намайг С.Баяр, Ц.Нямдорж, Ц.Элбэгдоржийн зиндаанд үзэж байна.
Үүнээс илүү үнэлэмж гэж хаана байх вэ.
Нэгдүгээрт би тэднээс насаар хамаагүй бага. Бас улстөрч биш. Би жирийн л сэтгүүлч. Улс төрд 20, 30 жил явчихсан, улс орныг удирддаг, Монголын төрийн бодлогыг тодорхойлдог лидерүүдтэй намайг жишээд байгаа юм. С.Баярын хаана ч хүрэхгүй байна. Нам тавиуллаа гээд л. Би С.Баярыг нам тавьж байх юм гэнэ ээ.
Нэг бодлын хамраа сөхмөөр санагддаг. Намайг тийм лидерүүдтэй харьцуулж байгаад. Нөгөө бодлын инээд ч хүрэх шиг. С.Баяр бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд халз мэтгэлцээнд орж байгаа мэтээр бодоод байх юм. Үгүй шүү дээ. Би зүгээр л ажлаа хийж байгаа сэтгүүлч.
-Тэр их шүүмжлэлүүдийг хараад танд ямар санагддаг вэ?
-Ер нь би сэтгүүл зүйн салбарт ажилласан 19 жилийн хугацаанд магтаал маш бага сонссон. Дандаа л шүүмжлүүлдэг байсан гэж хэлэхэд хол зөрөхгүй л болов уу. Тэгэхээр би тэднийг уншаад байдаггүй. Унших хэрэг огт байхгүй. Уншаад байвал хүн л юм чинь бухимдаад, ажлаа хийж чадахгүй шүү дээ.
Аягүй бол галзуурна. Угаасаа зохион байгуулалттай, хэн хаанаас ямар зорилгоор хийгээд байгааг нь ч би мэднэ. 19 жил энэ салбарт ажилласан хүн бага сага гадарлана шүү дээ. Одооноос харин магтаал их сонсдог болоод байгаа. Гэвч надад магтаал зохихгүй. Би бол шүүмжлүүлж л сурсан хүн. Тэр чинээгээрээ өнгө орж явдаг гэхүү дээ.
Намайг С.Баяр, Ц.Нямдорж, Ц.Элбэгдоржийн зиндаанд үзэж байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон дугаар цацагдсаны дараа таныг Х.Баттулга гишүүнд заамдуулж байгаа эвлүүлэг бүхий зураг хийсэн байсан. Түүнийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Ер нь маш олон эвлүүлэг гарсан.
- Инээд хүрсэн.
Би тийм эвлүүлгүүдээ цуглуулдаг ш дээ. Өнгөрсөн жилээс эхлээд миний зургаар тиймэрхүү эвлүүлэг хийж эхэлсэн. Одоо надад 20 гаруй бий. Ерөнхийлөгчтэй хов живийн асуудал ярилаа гэж байгаа хэдхээн хүн бий. Тиймээ, би хов жив асууна. Тэр байтугайг асуусаар байх болно. Яагаад гэвэл энэ “Цензургүй яриа”.
Эсвэл тэр хүмүүс өөрсдөө нэг нэг нэвтрүүлэг гаргаж ирж хөтлөөд тэр зочдыг уриад хов живгүй ухаантай, соёлтой асуултуудаа асууж бас болно. Боломж хязгааргүй. Би бол Монголын ард түмэн хэзээ ч хариулт авч байгаагүй, гэхдээ ам дамжин яригдсаар байдаг тэр асуултуудыг Ерөнхийлөгчөөс асуусан. Ерөнхийлөгч хариулсан. Ингээд л боллоо.
Тухайлбал “Таван Толгойн” тендерт шалгарсан ММС компанийн 5.5 хувийг Ерөнхийлөгч эзэмшдэг үү”, “ Өмнөх шалгаруулалтын богино жагсаалтад орж ирээгүй компанийг тендерт ялуулж зүтгүүлээд байгаа нь үүний нотолгоо биш үү” “Төмөр замын талаар “юу ч хийгээгүй далан л байна билээ” гээд байсан. Та тэр зам дээр өөрөө очиж үзсэн үү гэж би асуусан. Тэгсэн үзээгүй гэж байна билээ. Үзээгүй байж яагаад муулаад байгаа юм бэ.
Төрийн тэргүүн хүн асуудалд ингэж хандаж болдог юм уу, мөн Жастин Капла нарыг өршөөсөн нь цаанаасаа захиалгатай байсан уу, хоёр хүний амь хөнөөсөн хүнийг нэг хүний амь хөнөөсөн гэх зэргээр уучилсан уу гээд асуусны төлөө зарим хүн айгаад байхын учир юу вэ. Яагаад үнэн юм асуухад уурлаад байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улс төрд ороод 25 жил болсон энэ хугацаанд ийм ярилцлага нэг удаа ч хийгдэж байгаагүй юм билээ.
Тэр утгаараа үзэгчдэд шинэ, сонин санагдсан байх. Нөгөө Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Уны тухай америкуудын хийсэн “Ярилцлага” кино биш шүү дээ... Энэ кинонд Хойд Солонгосын Ерөнхийлөгч шууд нэвтрүүлэгт орж байгаад өөрт нь тал засаагүй, тэвчишгүй асуултуудад уурлаж бухимдаад эцэстээ хөтлөгчөө буудчихдаг юм... Манай улс Хойд Солонгос биш. Тиймээс асуулт асуусны төлөө, түүнд нь Ерөнхийлөгч чөлөөтэй хариулсны төлөө бид хоёрын өмнөөс уурлаад байх хэрэггүй дээ, зарим нь.
-Таны нэвтрүүлэг хүмүүст хүрээд, сонирхлыг нь татаад байгаа учраас л иймэрхүү зүйл гараад байна гэж ойлгож болох уу?
-Магадгүй л юм. Гэхдээ олны анхаарлыг татна гэдэг аймаар шүү дээ. Би л хувьдаа мартагдахаас биш санагдахаас айж явдаг хүн. Гэвч давахгүй гэсэн даваагаар долоо давж байх шиг байна. Хэрэв нэвтрүүлэг анхаарал татсаар байгаа бол улам сайн хийх ёстой болжээ гэсэн үг. Одоо алдах, зулгуйдах, долигонох эрхгүй болсон. Энэ бол эвгүй үүрэг дээ.
Үнэнийг хэлэхэд, үнэнийг асуухад нэг их зориг шаарддаггүй юм. Харин урвуугаа харчихсан манай өнөөдрийн нийгэмд л хачин харагдаад, тэр хачирхал нь надад бүүр хачин санагдаад байна. “Гэвч зүгээрээ, Баясаа минь нэвтрүүлгээ л сайн хий. Нэг ч дугаарыг хулхидаж болохгүй” гэж өөртэйгөө яриад л байгаа.
Ингэж өөртэйгөө ярих болсны учир гэвэл 2012 оноос нийтлэл бичиж байгаа сэтгүүлч, нэвтрүүлэг хөтөлж байгаа хөтлөгчийнх зоригийг мохоох ажиллагаа эхэлсэн. Асуудлыг хөндөж байгаа сэтгүүлчийг нь доромжлох, сэдвийг хөндсөн хүнийг нь нийгэм даяар гутаах энэ PR Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлэлтэй. Одоо ч үргэлжилсээр. Энэ PR над дээр нэлээд хэрэгжсэн юм. Мохоох гээд л үзээд байгаа хэрэг. Гэвч мохохоосоо өнгөрсөн. Энэ PR-ыг хэн хийгээд байгааг ч би мэднэ.
-Хэлж болох уу?
-Би фейсбүүк, твиттертээ нэг удаа бичсэн. Дараа нь тэр хүн “Баясаа эгч та яах гэсэн юм бэ, дүүгээ. Тэртээ тэргүй мэдэж байж муухай ш дээ, тогоон дотроо” гэсэн.Тэгэхээр ингэж ярьж байгаа түүнийг хэлээд ч яах юм бэ. Улаан цайм тийм юм хийж цалингаа авч байгаа гэдгээ хэлж байгаа хүнийг би хэлэхгүй.
Намайг доромжлоод цалин аваад явж байвал болж л байна. Яруу найрагч Б.Галсансүхийн Р.Чойномд зориулж бичсэн нэгэн шүлэгт
“Тамхиа татаж цайгаа ууж суухдаа
Тагнуул туршуулуудын цалингаа авах хэрэгсэл болсон
Тэр тэвчээрийг одоо л надад хайрла...” гэсэн мөрүүд бий. Үүний адил би ажлаа хийгээд явж байхад муулах нэг нь муулаад хоолоо олж идэж чадаж байвал болж л байна.
-Гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авдаг вэ. Хүүхдүүд тань том болж байна уу.
-Одоо манай хүүхдүүд 14, 15 хүрч байна. Гэр бүлийнхэнтэйгээ ний нуугүй ярилцдаг учраас ойлгодог. Манай нөхөр тоохгүй ээ. Бид хоёр гэр бүл болоод 15 жил болж байна. Энэ хугацаанд юу эсийг үзэх вэ. Ер нь сэтгүүлч эмэгтэй маш сайн нөхөртэй байхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй.
Манай салбарын эмэгтэйчүүд ихэнх нь нөхөргүй, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Энэ маш хэцүү. Тэгэхээр би ийм сайхан хүнтэй учирснаа бурхны хишиг гэж боддог.
Хэрвээ манай нөхөр энэ бүхнийг тоодог байсан бол хэцүү шүү дээ. Магадгүй амьдралаа бүтэн авч үлдэх гэж, ажил мэргэжлээ орхих хэмжээнд хүрч ч болно.
Сэтгүүлч эмэгтэй маш сайн нөхөртэй байхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй.
Эсвэл мэргэжилдээ үнэнч үлдэх гээд гэр бүлээ золиосолно. Харин миний нөхөр ойлгодог учраас би сайн муугаараа хэлүүлсэн ч дуртай ажлаа хийгээд л явж байна.
Хүүхдүүд асуухаар том хүнтэй ярьж байгаа юм шиг тайлбарлаад өгчихөөр ойлгодог. Манай охин заримдаа “Цензургүй яриа” хийж байна гэж тоглож харагддаг.
-Цаашдаа ямархуу хүмүүсийг нэвтрүүлэгтээ урихаар төлөвлөж байна вэ?
-Ихэнхдээ улстөрч, төр нийгмийн зүтгэлтнүүд. Гэхдээ урлаг, спортынхон байгаа. Мөн топ моделиудыг нэлээд урина даа.
-Яагаад топууд руу явчихав аа?
-Тэд чинь хөөрхөн ш дээ. Би гоё эмэгтэй хүнийг харах, тэдэнтэй ярилцах дуртай. Тэд чинь гэгээ татуулаад, цэмцэгнээд хөөрхөн. Сайхан эмэгтэйчүүд энэ хорвоог чимж улам гоё болгож яваа хүмүүс. Топ моделиудыг хараад бухимддаг уурладаг хэрэлдэг хүн гэж байхгүй. Сайхан эмэгтэй сайхан л сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ.
Харин улс төрчидтэй ярихад жинхэнэ шандас сорьдог. Нэн ялангуяа шууд нэвтрүүлэг бол зочин, сэтгүүлч хоёрын чансааг шалгадаг. Зочин гэнэт эргээд надад асуулт тавибал яах уу. Тэгэхээр би огт ярилцахгүй сэдэв байсан ч түүнийгээ унших хэрэгтэй болдог. Хэрэв мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ ичихгүйгээр хүлээх ёстой.
-“2-р суваг” телевизийн ажлаа бүүр өгчихсөн үү?
-Би “2-р суваг” телевизийн 30 хувийг эзэмшдэг байсан. 70 хувийг нь гурван хүн хувааж эзэмшдэг байсан юм. Надад менежментийн 30 хувь гэж өгсөн. Тэгээд би зүтгэж зүтгэж туйлдаад ажлаа өгсөн. Ер нь өнгөрсөн жил би маш их өвдсөн. Ээж минь өвдөөд, би өөрөө хөлөө гэмтээгээд, нурууны хагалгаанд ороод, хорт хавдар гэдэг онош тодроод маш их зүйлийг амсаж өнгөрүүлсэн.
Хүн үхэл хагацал, өвчин зовлон үзээд ирэхээр хүний амьдралыг үзэх үзэл өөрчлөгддөг юм билээ. Би “Өдрийн сонин”-оос гарснаас хойш таван жил дарга хийлээ. Удирдагч, ажил олгогч байснаас уран бүтээлээ хийвэл дээр юм байна гэж бодсон. Би бол зүгээр л сэтгүүлч. Тиймээс түүнийгээ л хийж явъя гэж бодсон.
Бурхан болсон ээждээ олигтой цаг зав зарцуулж яваагүй хэрнээ 40, 50 хүний амьдрал шийдэж явна гэдэг надад үнэхээр хүнд санагдсан. Миний сэтгэл зүй дийлээгүй юм аа. Надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй болсон. Чөлөөтэй бодож, бясалгаж, бас чөлөөтэй уйлах орон зай цаг хугацаа хэрэгтэй байлаа. Дээрээс нь “Цензургүй яриа”-г жинхэнэ утгаар нь ток шоу болгохын тулд цаг зав гаргах шаардлагатай гэж шийдсэн.
Тэгээд хэд хэдэн телевиз рүү “Цензургүй яриа”-г авах уу гэдэг санал тавихад, дөрөв, таван телевиз өрсөлдсөн. Тэндээс С1-ийг сонгосон.
-Л.Мөнхбаясгалан сэтгүүлч Х.Баттулга гишүүний “хүн”. Хийж байгаа нэвтрүүлэг, бичиж байгаа нийтлэл, жиргэж байгаа жиргээ нь хүртэл Х.Баттулгыг дэмждэг, хамгаалдаг гэдэг. Тэгээд л Х.Баттулга гишүүний нэг телевизээс гараад нөгөөд нь ирлээ гэж ярьж байсан?
-Ер нь бол С1-ийг сонгох болсон эхний шалтгаан бол тэр. Х.Баттулга гишүүн энэ телевизийн багахан хувийг эзэмшдэг юм шиг байгаа юм. Таамаглал болохоос би ямар ТУЗ-ийн хуралд нь сууж үзсэн биш дээ. Би түүний байр суурийг дэмждэг, хүндэлдэг учраас энэ телевиз рүү илүү татагдсан байх.
Нөгөө талаасаа С1 үнэхээр сайн санал тавьж чадсан. Намайг хараат бус байлгах, зочин урихад нөлөөлөхгүй байх, асуулт чөлөөтэй, ажиллах орчин цаг хугацааны боломжийг үнэхээр сайн хангаж өгч чадсан. Хэнийгээ дэмжинэ, хэнийгээ дуудаж нэвтрүүлгээ хийх нь С1-т хамаагүй. Гагцхүү нэвтрүүлэг сайн байх ёстой. Үзэгч олон байх ёстой гэдэг шалгуур тавьсан. Хэрэв үзэгчгүй болчих юм бол гэрээгээ цуцална. Шударга гэрээ. Дуртай ажлаа хийнэ.
Тэгээд санхүүгийн бэрхшээлгүй амьдарна. Энэ бол сэтгүүлч хүнд олдоод байдаггүй боломж юм. Хэрэв ийм боломж олгож өгөөд байхад үзэгчгүй болчих юм бол миний л хохь.
Ээждээ олигтой цаг зав зарцуулж яваагүй хэрнээ 40, 50 хүний амьдрал шийдэж явна гэдэг надад үнэхээр хүнд санагдсан.
Тулга гишүүний хувьд би түүнийг олон жилийн өмнөөс дэмжиж ирсэн юм. Одоо бараг 10 гаруй жил боллоо.
Гэтэл одоо л тод харагдаад байгаа. Учир нь “Таван Толгой”, төмөр зам гэх мэт асуудал дээр Х.Баттулга гишүүн тод харагдаж байгаа учраас. Бас миний нэвтрүүлэг, нийтлэл олонд хүрч эхэлсэн байна. Ийм л үе таараад байгаа юм. Хэрэв энэ хүн улс төрөөс гараад явчихвал намайг дахиад нэг өөр хүнтэй холбох хэрэгцээ гарах л байх даа. Дараагийн хүн хэн байх юм бол доо. Өмнө нь намайг Сү.Батболдын хүн гэдэг байсан. Яагаад гэвэл би Сү.Батболдын зарим асуудлыг би хүчтэй дэмждэг байлаа.
Тэгэхээр л Сү.Батболдын хүн гэж хардаад “Улс төрийн тойм” сонинг Сү.Батболдынх ч гэж ярьж, бичиж байсан үе бас бий юм шүү.
Нэг хэсэг бас Х.Тэмүүжингийн хүн байлаа, би чинь. Тэгэхээр тухайн үеийнхээ тод харагдаж байгаа хүмүүсийг дэмжихээр тэдний хүн болоод, тэр үе нь өнгөрчихөөр өөр болчихоод байгаа юм. Гэхдээ Монголын гурван сая хүн бүгд тэгж боддоггүй байх. Фейсбүүк, твиттер баригдмал орчин шүү дээ. Цөөхөн хэдхэн л хүний үг
-Та С1 телевизийн сэтгүүлч болсон гэсэн үг үү. Хаана харьяалагдаж байна вэ?
-Би С1-тэй дөрвөн жилийн гэрээтэй. Гэрээгээр нэвтрүүлгээ өгдөг гэсэн үг. Нийтлэлээ “Үндэсний шуудан” сонинд бичээд, хажуугаар нь хорт хавдрын эсрэг хүмүүнлэгийн ажлаа хөөцөлдөөд л явна даа.
-Та сэтгүүлчийн гараагаа долоо хоног тутмын “Сэрүүлэг” сониноос эхэлсэн. Дараа нь өдөр тутмын сонин, тэгээд телевиз. Хамгийн хэцүү нь аль нь вэ?
-Сонинд ажиллаж байсан хүн телевизэд ажиллахад хэцүү талууд байдаг юм билээ. Телевизэд харагдах байдлаасаа эхлээд хоолойны өнгө хүртэл чухал. Гэхдээ миний нэг давуу тал бол “Өдрийн сонин”-ы тоймч байсан гэж боддог.
Шууд телевизээс эхэлсэн хүн гадна төрх, өнгө байдал, хоолойны өнгөндөө хэт анхаарч эхэлдэг.
Намайг “Өдрийн сонин” уншдаг, анализ хийдэг, тоймлодог болгож сургасан. Шууд телевизээс эхэлсэн хүн гадна төрх, өнгө байдал, хоолойны өнгөндөө хэт анхаарч эхэлдэг. Миний хувьд одоо телевизэд ирээд бас арай өөр талаасаа "нухуулж" байна.
-“Улс төрийн тойм”, “Шонхор” “2-р суваг” телевиз гээд хэвлэл мэдээллийн байгууллагад удирдах ажил хийж байсан хүний хувьд одоогийн сэтгүүлчдийн чадвар ямар байна гэж боддог вэ?
- Залуу сэтгүүлчид бараг юм уншихгүй байна. Зарим нь өөрсдийгөө ядаж л англи хэлтэй гэж тодорхойлдог. Үнэхээр тийм хэлтэй юм бол тэр хэлээрээ юм унш л даа. Дэлхийн сонгодог зохиолуудыг эх хэлээр нь унш. Би анх өөрийнхөө ажилласан он жилээс урагшаа 10 жилийг уншчихсан байхад хангалттай гэж боддог байлаа.
Эндүүрэл байсан юм билээ. Харин бүр ч их унших ёстой юм байна. Гэтэл манай залуу сэтгүүлчид уншихгүй юм. Тэгсэн атлаа улстөржөөд л....УИХ-ын гишүүдийг, Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг том томоор хараагаад л ...Өмнөөс нь ичмээр. Нүднийх нь харц тогтоогүй жаахан годгор банди зурагтаар цод цод хийгээд 1921 оны хувьсгал яриад Сүхбаатар, Чойбалсанг хараахыг үзэхээр нүд халтирмаар байдаг, яг үнэндээ.
Өөрөө битгий хэл өвөө нь ч төрж амжаагүй цаг үеийг хэт мэдэмхийрч шүүмжлэх инээдтэй. Твиттер, фэйсбүүкээр бүүр ч балмад. Өмдөө ч индүүдэж мэдэхгүй шахам байж өвөө шигээ төрийн түшээг шүүмжилж томроод улс орны бодлого яриад байгаа залуу сэтгүүлчдийг ямар ч юм бэ дээ. Хэлэхээр ад болно. Хэлэхгүй байхаар өмнөөс нь ичээд байдаг.
Зарим нь бүр ажлаа хийж чадахгүй халагдчихаад шүүхээр заргалдаад буцаагаад ажил дээрээ томилуулж байна. Ийм сэтгүүлчээр бид яах юм бэ. Бид биш юмаа гэхэд цаг үе нь булгиад шидчихнэ дээ. Чадвараар гологдсон бол чи энэ фронтоос өөрөө явах ёстой. Энэ фронтод чадвартай нь эхлээд тэсч үлддэг. Дараа нь жинхэнэ галын шугамд гардаг. Эцэст нь мэргэжлийн чадвараа үнэлүүлж хүнд хэрэгтэй юм хийж эхэлдэг.
-Та хэр уншдаг вэ?
-Их уншдаг хүмүүсийн хажууд ичмээр дамшиг. Гэхдээ цаг үргэлж уншиж судалж суухыг хичээдэг. Би өнөөдрийн цаг үеэс урагшаа 100 жил ухарч уншихдаа хоёр жил зарцуулсан. Сая Баабарын сүүлд гаргасан Чойбалсанг уншихдаа өмнө нь уншиж сэтгэлдээ буулгасан Чойбалсан дахиад л өөрчлөгдөж байх жишээний. . .Тухайлбал би анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай ярилцахад Ю.Цэдэнбалын үеийг мэдэхгүйгээр би юу ярих юм бэ, юу асууж чадах билээ.
Сэтгүүлч хүн сайн унших ёстой.
Тэр хүмүүс намайг тоох шалтгаан нь энэ байх ёстой. Сэтгүүлч хүн сайн унших ёстой. Сайн сэтгүүлчдийн тухайн цаг үедээ нийгмийг цочроож байсан нийтлэлүүдийг олж унших хэрэгтэй. Баабар, “Хонх”-ын С.Цогтсайхан, Гандигийн нийтлэлүүдийг наад зах нь олоод уншчихсан байх ёстой. Жишээ нь сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ цаг үеийн нэгээхэн сэдвээр л ярилцсан. Гэтэл арагшаа 20 жил ухарч ярилцмаар л байсан. Даанч нэвтрүүлгийн цаг хангалтгүй юм даа. Хоёр цаг 30 минутад юу ч ярьж амжаагүй.
- Хэвлэлийн зөвлөлтэй боллоо. Та үүнийг шүүмжилж твиттер хуудсандаа тэр дүүжлүүрт орж үхмээргүй байна гэж бичсэн. Яагаад тэр вэ. Хэвлэлийн зөвлөл байх нь хэрэгтэй биш гэж үү?
-Хэвлэл мэдээллийн зөвлөл байх ёстой. Гэхдээ одоо цаг үе нь биш. Үзэг нэгтэй нэг найзыгаа бусдын захиалгаар элдвээр гүтгэж болдог, мөнгийг нь авч доромжилчихоод дараа нь “найзаа цалингаа тавих ёстой байлаа ш дээ, чи ойлгоно биз дээ ” гэж хэлдэг энэ үед тэр зөвлөл байж болохгүй ээ. Зохиомлоор “хэрэг шүүнэ”. Хэрэг шүүнэ гэдгийг хашилтад хэллээ шүү. Өнөөдүүл чинь бид шүүх биш гээд ирэх вий.
Жишээлбэл надад дургүйцсэн нэгэн албан тушаалтан тэр зөвлөлд очоод гомдол гаргавал намайг авч хэлэлцэнэ биз дээ. Сэтгүүл зүй нэлээд цэвэршиж байж хийх ёстой байсан юм. Тэр уг нь сэтгүүлчдийг авардаг газар. Одоо бол биднийг “алдаг” газар болно вий. Тэгээд л анх байгуулагдсан өдөр нь би “Сэтгүүл зүйн зөвлөлийн дүүжлүүрт орж үхмээргүй байна шүү” гэж бичсэн.
Сэтгүүл зүйг хямдхан худалдаж авч байгаа цаг үед хэвлэлийн консул байгуулж байгаагаас би яг үнэндээ айж байна.
Телевизийн салбарт лангуу ажиллаж эхэллээ.
-Хэвлэлийн зөвлөл байгуулагдсанаар энэ олон хэвлэл мэдээллийг ёс зүйтэй үйл ажиллагаа явуулахад чухал үүрэгтэй биш гэж үү. Ер нь ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх нь зөв үү?
- Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх нь зөв гэж би боддог. Олон байх тусмаа өрсөлдөөн ихтэй. Тэр хэмжээгээрээ чанаржина. Хотын дарга Э.Бат-Үүл надад “Монголд хамгийн хөгжиж байгаа салбар бол хэвлэл мэдээлэл. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Үүн дотор өрсөлдөөн явагдаж байна. Хоногийн хоолны төлөөх өрсөлдөөнөөс мэргэжлийн тулаан өрнөж байгаа” гэж хэлж байсан. Нээрээ яг тийм шүү дээ.
Цаашдаа байгалийн шалгарлаар шилдгүүд нь үлдэнэ. Телевиз гэхэд контентынхоо 60 хүртэлх хувиа өөрсдөө бэлд гэж байна. Тэгэхийн тулд сайн сэтгүүлч хэрэгтэй. Сайн сэтгүүлчтэй байхын тулд цалин мөнгийг нь цагт нь өгөх ёстой гээд л шалгарал эхэлнэ.
Гадны бараа авч ирээд л борлуулаад, өөрсдөө эсгий шаахай, ноолууран цамцнаас өөр юу ч хийхгүй байгаа. Тэгэхээр бидэнд хөгжил харагдахгүй байгаа юм. Бид эх оронч биш, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд юм худалдаад авдаггүй. Гэтэл телевизийн салбар нь одоо тийм болж байгаад харамсаж байна.
Үүнд би маш их санаа зовж байгаа. Сайн контентын төлөө төр мөнгө төлж эхэллээ. Тэгэхэд баян хүмүүс телевиз байгуулаад гадны сайн шоунуудыг мөнгөөр худалдаж авч ирээд тавьчихаж байна.
Яахав нөгөө талаас нь харвал гадны гоё нэвтрүүлгүүд албан ёсны эрхтэйгээр нь үзэж байгаа байх. Гэхдээ энэ чинь бид хэвлэл мэдээлэл, телевизийн салбарт зүгээр л лангуу ажиллуулж байна гэсэн үг. Гаднаас сайхан нэвтрүүлэг худалдаж авч ирээд лангуун дээрээ тавьчихаж байна. Эрээнээс оймс авчраад зарж байгаатай адилхан энэ.
Өөрсдийнх нь толгойноос юу ч гарахгүй байгаа нь үнэхээр шог. “Монгол тулгатны 100 эрхэм” шиг нэвтрүүлэг хийчих л дээ, тийм их мөнгөтэй юм бол. Тэгэхээр уран бүтээлийг, авьяасыг мөнгөөр худалдаж авдаггүй байгаа биз. Мөнгөтэй хүнд тэр нь заяадаггүй юм байна л даа.
Өөрсдөө яагаад гоё кино, сайхан нэвтрүүлэг хийхгүй байгаа юм. Хүний бэлэн юм авч ирж зараад байдаг. Телевизийн салбарт лангуу ажиллаж эхэллээ. Сэтгүүлүүдийг оруулж ирж хийдэг боллоо. Яахав ийм зүйл байдаг л даа. Огт байх ёсгүй гэсэн үг биш. Гэхдээ үүнээс бид аль болохоор татгалзаж өөрсдийнхөө оюун санаагаар сайн контент бүтээх хэрэгтэй. Монгол хүний уураг тархинаас гарсан уран бүтээлүүд төрөөсэй л гэж хүсэх юм даа.
Ярилцсан: Л.Одончимэг news@ikon.mn
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир / mpa.mn /
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!