Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод 100 хонолоо. Тэрбээр энэ албанд очоод “Миний хийх ажил эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг байх болно” гэж мэдэгдсэн. Монголчууд ухаалаг оновчтой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс гарах учиртай.
Дэлхийн зах зээлд нүүрс, төмрийн хүдэр, жоншны үнэ буурсан. Араас нь зэсийн ханш унаж байна. Төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг зэсийн үнэ уруудаж буй нь Ч. Сайханбилэгийн Засгийн газарт томоохон бэрхшээл учруулна. Түүний танхим хэрхэн ажиллахаас Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа уруудах, өгсөх нь шийдэгдэх учиртай.
Тиймээс тэд Засгийн газартаа шийдлийн гэсэн тодотгол өгсөн биз.
Дэлхийн зах зээлд нүүрс, төмрийн хүдэр, жоншны үнэ буурсан.
Гүйцэтгэх засаглалынхан 100 хоногт 40 шахам ажил амжуулсан тухай тайлан бэлтгэжээ.
Эдгээрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сэтгэж хийсэн болон албажуулсан ажил гэж ангилж болно. Албажуулсан гэдэгт өмнө нь хийхээр ярилцаж, тохироод боловсруулж байсан ажлыг багтаая.
Үүнийг үл хэрэгсээд шинэ Засгийн газар 100 хоногт ямар ажил санаачилсныг хөндье. Ингэхдээ эдийн засагт бага нөлөөтэйг орхиж, чухлыг нь илүүтэй “сонжих” нь зөв. Засгийн газар Хууль зүйн яамыг байрлуулахаар өөрчилж байсан барилгыг эргүүлэн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн.
Мөн Ховдын Эрдэнэбүрэн суманд усан, Дорнод, Багануурт нүүрсний цахилгаан станц барихыг зөвшөөрөв. Түүнчлэн 200 сая орчим ам.долларын урьдчилгаа өгч, 12 тонн алт олборлохыг дэмжлээ.
Авто бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг тогтоодог боллоо. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн эзэмших хувь хэмжээг нөөц ашигласны төлбөрөөр солих эрх зүйн шинэ орчин бий болголоо. Гацууртын ордыг ашиглуулахаар тогтлоо. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үе шаттайгаар зогсоохоор болов. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлав. Эдгээр шийдвэрийг эдийн засагт чухал нөлөөгүйд тооцож болно. Харин нөлөө ихтэйг илүүтэй хөндье.
Засгийн газрын анхны ажил 2015 оны төсвийн тодотголыг батлуулах байв. Ч.Сайханбилэг төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр танах санал гаргасан. Ингэхдээ цалин хөлсийг нэг төгрөгөөр ч нэмэхгүйгээр үл барам нийгмийн халамжийг танаж, зорилтот бүлэгт нь чиглүүлэх саналтай байлаа.
Засгийн газар сүүлийн жилүүдэд анх удаа хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх, хөөсрөөгүй төсөв батлах санал гаргасан нь энэ. Одонтой эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг танах Ерөнхий сайдын санал нь улс төржилт дагуулсан. Ирээдүйд хэт ихсэх нь тодорхой болсон нийгмийн халамжийн зардлыг танах түүний санал зөв байсан.
Гэвч тэр УИХ-ын эрхэм гишүүдэд ойлгуулж чадаагүй. Эцэст нь хүүхдийн мөнгийг ч, одонтой эхчүүдийн тэтгэмжийг ч хэвээр олгохоор болсон. УИХ-ын гишүүд халамжийг хасах бүү хэл тэтгэврийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж орхисон.
Халамжийн зардлыг бууруулах тэмцэлд Ч.Сайханбилэг цэвэр ялагдсан гэхэд болно.
Авто бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг тогтоодог боллоо.
Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер анх Засгийн газрын танхимд багтаж боловсролын сайдаар ажиллахдаа бага ангийн сурагчдад сүү өгөхөөс татгалзсанаар 19 сая ам.доллар хэмнэсэн байдаг.
Тухайн үед Англи улс манайх шиг эдийн засгийн хүндрэлтэй байжээ. Түүнээс хойш Тэтчерийг “сүүний хулгайч” гэж хочлох болсон. Ч.Сайханбилэг “халамжийн хулгайч” хочтой болохоос айсан юм уу, ямартай ч байр сууриндаа бат зогсож чадаагүй юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, Засгийн газрын өрийн хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэх санал унасан.
Түүний саналыг Засгийн газарт хамтарч буй МАН дэмжээгүй. Эдгээр явдлаас хойш түүнийг зоримог биш, няцдаг, ухардаг гэж шүүмжлэх болсон. Магадгүй тэр улстөрчдөд ч иргэдэд ч найдвар төрүүлээгүй байх. Гэхдээ бодит нөхцөл байдалд тулгуурласан, үндэслэл тооцоо сайтай төсөв батлуулсан нь шинэ Засгийн газрын ололт байв. Төсвийг бодит нөхцөлд тулгуурлаж баталснаар эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой болж буй юм. Төсвийн зардлыг хумьсан учраас Монголбанк мөнгө, хөрөнгө оруулалтын бодлогоор эдийн засгийг тэтгэхээр ажиллаж байна.
УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөхдөө өрийн хязгаарыг 58.3 хувьтай тэнцүү байхаар тогтоож, Засгийн газарт хөгжлийн санхүүжилт татах боломж олгоогүй. Тэгвэл Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулснаар Засгийн газар санхүүжилт татах эрхээ олж авч чадсан. Энэ хууль Засгийн газарт зээлийн баталгаа гаргах эрх олгож буй.
Өөрөөр хэлбэл, Монголчууд гадаад төлбөрөө бүрэн төлөх валют олж чадахгүй байгаа гэсэн үг. Манай зах зээлд 1.4 тэрбум ам.доллар орж ирвэл төлбөрийн чадвар сайжирч эдийн засгийн хүндрэлээс гарна. Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан нь зээлээ зөв зарцуулахаас гадна валют далхаараа чухал ач холбогдолтой юм.
Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт татварын тогтолцоог шинэчлэх, Таван толгой, Оюу толгойг хөдөлгөхөөс өгсүүлээд 60 гаруй арга хэмжээг багтаасан. Уг хөтөлбөрт Засгийн газрын баталгааны, зээлийн батлан даалтын сан, үндэсний давхар даатгалын корпорац, экспортын даатгалын компани байгуулахаар тусгасан нь анхаарал татаж байгаа.
Бизнесийг нөмөрлөдөг эдгээр бүтэц манайд өдий хүртэл байгуулагдаагүй байсан. Эдгээрийг байгуулснаар бизнесийг санхүүжүүлэх, эрсдэлийг хамгаалахад том түлхэц болох нь дамжиггүй. Мэдээж Таван толгой, Оюу толгойд хөрөнгө оруулалт татах нь Монголын эдийн засагт эерэг нөлөөтэй. Оюу толгойн далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар болжээ.
Энэ бол хөрөнгө оруулалт эхлэх нохойн дуу ойртсоныг илтгэх мэдээ юм. Харин эрчтэй урагшилж байсан Таван толгойд хөрөнгө оруулах хэлэлцээ завсарласан.
Шийдлийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх нам багтсан.
Таван толгойгоос олборлосон нүүрсийг Хятадын “Чалко” компанид 10 жил нийлүүлэх гэрээ байгуулсан явдал хэлэлцээг зогсоосон хэрэг. Хятадын төрийн өмчийн “Чайна Шинхуа энержи” компани Таван толгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэн хэлэлцээ хийж байгаа.
Гэтэл мөн л Хятадын төрийн өмчийн компани “Чалко” 10 жил нүүрс худалдаж авах гэрээ хийчихсэн байдаг. Ерөнхий сайд Хятадын талд захидал бичсэн гэнэ. “Чалко” компанитай хийсэн гэрээг цуцлахад дэмжлэг үзүүлнэ үү. “Чалко” ч, “Шинхуа” ч танай төрийн өмчит компани. Тиймээс гэрээг цуцлаад “Шинхуа”-тай хамтарч ажиллах сонирхолтой байна гэж гуйсан болов уу.
Шийдлийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх нам багтсан. Гэхдээ шинэ Засгийн газрын шийдэл, санаачилгыг улстөржүүлсээр байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг батлахад АН-ынхан өмнөх Засгийн газрын Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх хөтөлбөртөө тусгаж байсан арга хэмжээнүүдийг хасах байр суурьтай байсан.
Харин МАН-ынхан хүндрэлээс гарах хөтөлбөртөө тусгаад явах саналтай байв. Эцэст нь МАН-ын санал давамгайлж хөтөлбөрөөс олон чухал арга хэмжээг хасаагүй юм.
Одоо АН, МАН-ын фракцууд Таван толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээг нэлээд улстөржүүлэх бололтой. Хятадын талаас нааштай хариулт ирүүлж, Таван толгойн хөрөнгө оруулалт эхэлбэл эдийн засаг хүндрэлээс гарах төдийгүй сэргэж эхэлнэ.
Ер нь Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүдийг бүгдийг нь шийдэж чадвал Ч.Сайханбилэгийн эдийн засгийн төлөө ажилласны хэрэг бүтнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|