Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Оргүйгээс охинтой нь дээр" буюу хүүхэд харах үйлчилгээ

Б.Номин
2015 оны 3 сарын 16
ӨНӨӨДӨР
Зураг зураг

“Сайн хүнд садан мундахгүй” гэдэгчлэн манай улстөрчид олон нийтийн зүгээс шийдчихээсэй гэж хүлээсэн зүйл дээр овоорч, автор нь болох гэж булаацалддаг. Сонгуулийн дуу ойртож байгааг ч хэлэх үү улстөрчдийн өвчих улам сэдэрч байх шиг. Хамгийн ойрын жишээ дурдахад, арилжааны банкны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар амтай болгон ярих болж.

Бүр сүүлдээ Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хүртэл дээрх асуудлаар шаардлага хүргүүлчихсэн тууж явна лээ. Үүнтэй адил авторын эрэлт ихтэй байгаа асуудал бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл. УИХ-ын өнгөрөгч намрын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үеэр тодорхой болгох шаардлагатай хэмээн хойшлуулаад буй эл төсөл тун олон санаачлагчтай.

Гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нар эл санааг хууль болгохоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах төсөл санаачилж хэсэг явсан. Сүүлдээ энэ асуудалд Төрийн тэргүүн хүртэл хошуу дүрж, Хүүхэд харах үйлчилгээний тухай нэрээр хууль санаачилсан хэрэг. Эдгээрийг УИХ-ын түвшинд агуулга, зарчмын хувьд нэгтгэн хэлэлцэж эхэлсэн юм.

Үнэхээр ч Монголд бага насны хүүхдийг харах, асран хамгаалах асуудал анхаарал татахаар байгаа. 2012 оны байдлаар 2-5 насны 220 мянга гаруй хүүхэд байсны 56 мянга нь буюу арван хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байсан.

Харамсалтай нь өнөөдөр энэ тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Тиймээс ч тав хүртэлх насны хүүхдийн найман хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог, эсвэл ах, эгч болох арван нас ч хүрээгүй хүүхдийн “асрамжид” байдаг гэсэн тоо баримт байна.

 Монголд бага насны хүүхдийг харах, асран хамгаалах асуудал анхаарал татахаар байгаа. 

Үүнтэй холбоотойгоор гэртээ, том хүний хараа хяналтаас ангид үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ ч утгаараа хууль санаачлах эрхтэй хүмүүс хүүхэд харах үйлчилгээг соргогоор олж харсан биз.

Өөрөөр хэлбэл, энэ нь 1.5-3 хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах үйл ажиллагаагаар дамжуулан тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ байх ёстой гэж санаачлагчид нь үзэж буй.

Нөгөө талаас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуультай болсноор цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхэд л төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чадахгүй байгаа тэгш бус тогтолцоог өөрчлөх сайн талтай. Тодруулбал, цэцэрлэггүй хоцорсны хохь аятай бусдад нь хоолны мөнгө гэж төрөөс cap бүр олгодог 116 мянган төгрөгийг тэд ч бас тэгш хүртэх боломж нээгдэнэ гэсэн үг.

Гэхдээ үүнийг цэцэрлэгтэй андуурав. Анхны хэлэлцүүлгээс харахад сургуулийн өмнөх боловсролынх уу, эсвэл бизнесийн байгууллага гэж алинаар нь ч тодорхойлж, ойлгоход түвэгтэй асуудал үүссэн гэхэд болно. Тэдгээр хүүхэд гэртээ цоожлогдож үлдсэнээс хүүхэд харах төвд байсан нь дээр гэсэн санааг Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд илэрхийлж буй. Тийм ч байж болох.

Уг нь хөгжингүй орнуудад хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангахад чиглэсэн Child care буюу хүүхэд харах үйлчилгээг нэгэнт бий болгон амжилттай хэрэгжүүлж байгаа юм билээ.

Гэтэл манай нөхцөлд үйл ажиллагаа, стандарт шаардлага нь нэгэнт зүгширч тогтсон цэцэрлэг, сургуульд хүртэл хүүхдүүд олноороо хоолноос хордож байхад хүүхэд харах төв үүнийг давтахгүй гэсэн баталгаа бий гэж үү.

Хуулийг баталснаар хүүхэд харах 6,300 төв шинээр бий болохоор тооцоолсон байна лээ. Гэтэл сүүлийн үед шинээр цэцэрлэг байгуулах 100 гаруй зөвшөөрөл олгосон ч тэд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хойрго байгаа нь Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүлээсэн байх.

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт тавьдаг олон шаардлага стандартаас холуур хүүхэд харах үйлчилгээний төв гээч зүйл байгуулаад хэдэн хүүхэд аваад ажиллавал ашиг орлого нь илүү байх магадлалтай гэж үзсэн байх талтай.

Үнэхээр хүүхэд харах төв хүүхдийн аюулгүй байдлыг хангах талд эрсдэлгүй ажиллах баталгаа хаана байна вэ.

Хуулийг баталснаар хүүхэд харах 6,300 төв шинээр бий болохоор тооцоолсон байна.

Хэдийгээр тодорхой стандарт шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрнө гэж буй ч ямар нэг таагүй зүйл болоход хэн хэрхэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа билээ.

Тиймээс ч энэхүү төслийг түр хойшлуулаад буй. Нөгөө “Оргүйгээс охинтой нь дээр” гэдэг шиг гэртээ байснаас энд өнж гээд аюулгүй байдал нь хангагдсан, эсэх нь эргэлзээтэй, эрсдэл бүхий газар бяцхан иргэдээ аваачиж, ялгаварласан хэрэг болно. Яг л Монголчууд бидний зэрлэг цэнгэл болсон хурдан морины уралдаанд унаач хүүхдүүд нь ихэнхдээ амьдралын боломж тааруу, ядуу айлын үрс байдаг шиг дүр зураг эндээ ажиглагдаад байна.

Мөн энэ хуулийг баталснаар төрийн ачаалал буурч, төсөвт хэмнэлт гарах тухай хуулийн төсөлд дурдсан байсан. Дэлхийн хаана ч гэлээ нийгмийн суурь үйлчилгээ хэмээн төр, засаг нь нуруундаа үүрдэг цэцэрлэг, бага боловсролын байгууллагаас хэмнээд бид хаа холдох билээ.

Балчир үрс, ирээдүйгээ асран хүмүүжүүлэх үүргийг төр дарамт гэж харах нь утгагүй. Үүний оронд хүүхдийнхээ идэх талхнаас хугаслан байж татвараа төлсөн ард, иргэдийн мөнгөнөөс тоосон шинжгүй халаасалж, хэтэвчээ дүүргэдэг, төрийн хөрөнгөөр тансагладаг хүмүүсээс хэмнэлт хайвал таарна.

Хүүхэд харна гэдэг нь ердөө харахын нэр биш. Төсөлд зааснаар хүүхэд өдөрт 12-оос илүүгүй цагийг дээрх төвд өнгөрүүлж болно. Тэр хугацаанд хүүхэд насныхаа онцлогт тохируулан бүхий л талаар хөгжих ёстой. Тэгэхээр хүүхдийг харж, асарч, хооллож, хүмүүжүүлж, хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л нөхцөлийг тэрхүү төвд бүрдүүлмээр.

Энэ бүх суурь хөрөнгө оруулалт, урсгал зардал, дээр нь ашгаа тооцвол эцэг эхчүүдийн халааснаас багагүй мөнгө гарах шаардлагатай болохыг О.Баасанхүү гишүүн барим тавин ярьж байсныг санаж байна. Тэрбээр хувийн цэцэрлэг байгуулан бизнес хийж явсан юм билээ.

Бага насны хүүхдийг харж хандана гэдэг маш хэцүү, тэгээд эмзэг, бас санаачлагчдын хийсэн санхүүгийн тооцоо бодит байдлаас асар ялгаа зөрүүтэйг толгой сэгсрэн өгүүлж байсан. Бодитой тооцно гэвэл эцэг, эхээс авах төлбөр нь бараг хувийн цэцэрлэгийн энд хүрчихнэ. Өнөөдөр гэртээ хүүхдээ цоожлоод явж буй эцэг эх санхүүгийн боломжтой байсан бол энэ замыг сонгохгүй шүү дээ.

Зураг