Татварын Ерөнхий Газар (ТЕГ) 2014 оны нэгдүгээр сараас эхлэн татварын цахим тайлангийн E-Tax системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн билээ. Үүний дүнд өнгөрсөн жил татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 7.6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт үүссэн тухай тооцоо судалгааг АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) гаргаад байна.
Цахим тайлангийн системд шилжихээс өмнө компани, ААН-үүдийн нягтлан бодогчид цаасаар санхүүгийн тайлангаа тушаах гэж татварын албанд биеэр очиж оочирлоход дунджаар ажлын таван цаг зарцуулдаг байжээ.
Татвар төлөгч зөвхөн ажлын цагаар хязгаарлагдахгүй, хуулийн хугацаанд хоногийн 24 цагийн турш интернет орчинд аль ч газраас тайлангаа тушааж, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг болсноор татвар төлөгч болон улсын татварын байцаагчид ажлын цагийн үр ашиггүй хэлбэрээс ангижирч, цаасан тайлан хурааж баталгаажуулах, мөн тайлан тушаахад үүсдэг ажлын ачаалал, стресс бухимдлаас ч салж, улмаар ажлын бүтээмж дээшилсэн байна.
Энэ талаар ТЕГ-ийн Мэдээлэл Технологийн Төвийн дарга Х.Батбаяр “Бид анх 2012 онд татварын цахим тайлангийн систем боловсруулах тендер зарлаж, мэдээллийн технологи, цахим засгийн систем хөгжүүлэлтээр дотооддоо хамгийн өндөр туршлагатай Интерактив компаниар уг системийн хөгжүүлэлтийг гүйцэтгүүлж, богино хугацаанд нэвтрүүлсэн.
Татварын байгууллагаас гаргадаг 100 гаруй төрлийн тайлангууд загварчлагдсан бөгөөд татварын цахим системийн ачаар их хэмжээний мөнгөн зардал болон цаг гэх мэт олон төрлийн хэмнэлт татвар төлөгч, татварын байцаагч аль аль талдаа үүссэнд бид баяртай байгаа. Одоогийн байдлаар 120 мянга орчим аж ахуй нэгж энэхүү системийг ашигласан үзүүлэлттэй байгаа бөгөөд. татвар төлөгчид тайлангаа хоцорч тушаах асуудал эрс багассан” хэмээн тайлбарлаж байна.
Татварын цахим системд татвар төлөгчид татварын тайлангаа оруулж илгээхээс гадна татварын байцаагчдад санал хүсэлт, өргөдөл илгээж асуудлаа шийдвэрлүүлэх мөн ААН, хувь хүний татварын тодорхойлолтыг хүсэлтийн дагуу гаргуулах боломжтой юм.
Дашрамд сонордуулахад энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн хувиараа ажил хөдөлмөр эрхлэгч татвар төлөгч иргэд татварын цахим системд http://e-tax.mta.mn вэб хаягаар хандан ХХОАТ-ын тайлангаа тушааж, баталгаажуулах боломжтой болох юм.
Б.Өлзийбаяр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!