Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Халиф болон Халифат улсын тухай

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Радикал зэвсэгт бүлэглэл болох Исламын улс нь Сунни муслимуудаас бүрдсэн халифат улс байгуулах зорилготойгоо зарласан. Тэдний толгойлогч Абу Бакр аль-Багдади өөрийгөө халиф хэмээн зарлаж байв.

Халиф гэдэг нь зөнч Мухаммедын залгамжлагчийг хэлдэг бол Халифат нь түүний захиргаанд орших газар нутгийг хэлдэг юм.

Өнөөдрийн Исламын хоёр урсгал болох Сунни болон Шиа нь Зөнчийг таалал төгссөний дараа хэн Халиф болох ёстой вэ гэдгээс эхлэн зөрчилдөж эхэлсэн гэдэг.  Сунни нар нь Мухаммедыг дагасан үнэн сүсэгтэй хэн ч Халиф болох эрхтэй гэж үздэг бол Шиа нар нь зөвхөн Мухаммедтэй ойр төрөл хүмүүс Халиф болох ёстой гэж үздэг.

Үүнээс үүдээд Сунни нар Мухаммедын дагалдагч Абу Бакрыг, дараа нь түүнийг нас барахад Умарыг халифаар тодруулж байжээ. Тэгвэл Шиа нар Мухаммедын хүргэн Алиг дэмжиж байв.

Алиг алагдсаны дараа түүний өрсөлдөгч Муваяа нь Дамаскад төвтэй Умаяадын Халифат улсыг байгуулж баруун талдаа Хойд Африкаар дамжин Испани, Португаль, зүүн талдаа Төв Азийг багтаасан уудам газар нутгийг захирах болжээ.

Умаяадын Халифат нь Манай Эриний 661-750 онуудад оршин тогтнож байгаад Аббасидын Халифын довтолгоонд мөхсөн юм.

Аббасидын халиф нь Багдадад төвлөрч 750-1258 он хүртэл оршин тогтножээ.

1258 онд Монголын Хүлэг Хаан Багдадыг сүйтгэж, халифыг цаазалснаар энэ улс төгсгөл болсон гэдэг.

1261 онд Аббасидууд Египетэд дахин нэгдэж шашны тэргүүнийхээ үүргийг 1519 он хүртэл гүйцэтгэж байгаад Оттоманы Эзэнт гүрний нийслэл Константинопольд шилжжээ.

Энэ Халифын захиргаа нь 1924 он хүртэл Исламын шашны албан ёсны тэргүүн болж байв.

Туркууд өөрийн Султаны захиргаанд халифыг зөвхөн шашны хэргийг мэдэж байхаар суулгаж өөрсдөө мэдэн томилдог байжээ.

Зарим уламжлалыг дагагч Сунни Арабууд энэ халифыг албан бус хэмээн үзэж тоодоггүй байв.

Дэлхийн Нэгдүгээр дайн дуусахад Оттоманы Эзэнт гүрэн нурж шинэ засаг Туркын төрийн эрхэнд гарчээ.

1924 онд Туркын удирдагч Мустафа Кемал Ататюрк Арабын ертөнцийнхөнтэй огт зөвлөлдөхгүйгээр Халифын захиргааг татан буулгав.

Үүнээс өмнө Ататюрк халифт бичсэн захиандаа “халифын захиргаа түүх болон үлдлээ. Одоо үүнд оршин тогтнох хэрэг байхгүй” хэмээн бичжээ.

Үүнээс хойш 90 орчим жилийн хугацаанд Оттоманы харьяанд байсан халифт ямар ч залгамжлагч байсангүй. Анхны халифат улсаас хойш олон зууны турш эхлээд Туркүүд, дараа нь Дэлхийн Нэгдүгээр дайны дараа Европчууд Ойрхи Дорнодыг хэсэглэн хувааж өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгожээ.

Тиймээс уламжлалыг шүтэгч Арабууд Исламын Алтан үе болох Умаяад, Аббасидын халифатуудаа санан мөрөөдөж дахин сэргээхийг хүсэх болжээ.

Тэр үед Исламын ертөнц нь дэлхийн шинжлэх ухаан, соёлын гол төв болж, харин Европ нь бүдүүлэг харанхуй ертөнц байлаа.

Халифатыг байгуулах санааг анх Аль Каеда сэдэж байсан ч амжилт олоогүй. Харин одоо Исламын улс нэртэй радикал бүлэглэл санаархах болжээ. Үүнд Умаяадын үеийн нийслэл байсан Дамаск, Аббасидын нийслэл байсан Багдад хотууд дайны хөлд нэрвэгдэж эмх замбараагүй байдал үүссэн нь нөлөөлсөн байх.

Гэхдээ Исламын улсынхны харгис хэрцгий байдал, аллага нь Ойрхи Дорнодын олон янзын шашин соёлт хүмүүсийг жигшээж, өмнөх халифатуудын үед байсан шиг дэвшилтэт нийгмийг бий болгох найдлага төрүүлэхгүй байгаа юм.

Үнэндээ Исламын улс нь халифатаас илүүтэйгээр Талибаны дэглэм дэхь Афганистан шиг харагдаж байгаа билээ.

 

Эх сурвалж: asianhistory.about.com