Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын шашны тухай баримтууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед дэлхий дахинд Ислам шашны хэт үзэлтнүүдтэй холбоотой асуудлууд халуун сэдэв болж нийгмийн амгалан тайван байдлыг алдуулаад байгаа билээ. Тэгвэл энэ шашны талаар үнэн зөв мэдээлэлтэй байх нь хүн бүрийн хувьд чухал болжээ. Уг шашны тухай үндсэн ойлголтуудыг эх сурвалжаас тоймлон хүргэж байна.

  • “Ислам” гэсэн үг нь итгэгч, дагагч гэсэн үг. “Салам” буюу энх амгалан гэсэн үгнээс язгууртай. Ерөнхийдөө Ислам нь “Бурхны энх амгаланг тогтоох гэсэн чин хүслийг дагагч” гэсэн утгатай. Шашныг бүхэлд нь нэрлэж байгаа нэр. (Лал гэдэг нэр нь Төвөд үг бөгөөд буруу номтон гэсэн утгатай)
  • “Муслим” (мусульман ч гэдэг) нь Бурхны чин хүслийг дагагч бүгдийг хэлнэ. Хүнээс гадна байгаль дээрх бүгд (мод, амьтан, гариг дэлхий…) үүнд багтана. Тэд бүгд өөрсдийг нь бүтээсэн Бурхны хүсэл зорилгыг дагагчид гэж үздэг.
  • Ислам нь дэлхийн томоохон шашнуудын нэг. Дэлхий дээр 1.5-1.8 тэрбум орчим хүн шүтдэг. Иудейн болон Христийн шашнуудтай зөнч Абрахамаас эхлэн анхны хүмүүс болох Адам, Ева нарыг хүртэл нэг язгуур угшилтай.
  • Исламын шашны дагах таван суурь дадал заншил байдаг. Жинхэнэ Муслим эдгээрийг хатуу сахих ёстой.
    • Ганц Бурхан байдаг ба Мухаммед бол түүний элч гэдгийг зөвшөөрөх
    • Өдөрт таван удаа мөргөл хийх
    • Илүүдэл баялгийнхаа 2.5 хувийг жилд нэг удаа ядууст тараах
    • Хэрвээ бие махбод болон санхүүгийн хувьд боломжтой бол ядаж нэг удаа Меккад очиж мөргөх
    • Рамадан сард өдрийн гэрэлтэй цагаар мацаг барих
  • “Аллах” бол Араб хэлээр Бурхан гэсэн үг. Муслимууд Аллахыг Бурхны нэр гэж ойлгодог.
  • Христийн шашны бусдын нүглийн төлөө өөрийгөө золиослох үйлдлийг (Есүс цовдлуулсан шиг) Исламд зөвшөөрдөггүй. Исламд ертөнцийн сүүлчийн өдөр бүх хүн Бурхны шүүлтээр орж цаашид шинэ ертөнцөд үлдэх эсэхээ шийднэ гэж үздэг.
  • Муслимууд Мухаммедаас гадна Адам, Есүс зэрэг зөнчдөд бүгдэнд нь итгэдэг. Тэд бүгд Бурхны ижил сургаалийг өөр өөр цагт, өөр өөр хүмүүст хүргэсэн гэж үздэг байна.
  • Муслимууд Мухаммедад мөргөдөггүй, мөргөл нь ч түүгээр дамждаггүй. Зөвхөн Аллах бурханд мөргөдөг.
  • Муслимууд анхны өөрчлөгдөөгүй Библ (Есүсд дамжуулсан) болон Тора (Мосейд дамжуулсан Иудейн судар)-д итгэдэг. Гэвч өнөөдөр тэдгээрийн анхны хувилбарууд үлдээгүй, бүгд гажиж өөрчлөгдсөн учраас цорын ганц Коранд итгэдэг гэнэ.
  • Кораныг Мухаммед зохиогоогүй. Түүнийг Бурхан зохиож Мухаммедад (элч Габриелээр дамжин) дамжуулагдсаныг түүний дагагч нар бичиж буулгасан гэдэг.
  • Анхны Араб хэл дээр буулгасан Кораны хувилбарт ямар нэг өөрчлөлт огт ороогүй одоог хүртэл хэвээр байгаа гэж үздэг.
  • Исламын шашны дэлгэрэлтийн эхэн үед хүч хэрэглэх үзэгдэл байсан гэдэг. Гэвч Исламд өөр шашинтнуудыг хүчээр урвуулах ёс байгаагүй. Харин Исламын эзэмшилд байгаа нутгийн өөр шашинтнууд жизяа хэмээх нэгэн төрлийн татвар төлдөг байсан гэнэ.
  • Терроризм, шүүхгүйгээр хүчирхийлэл үйлдэх, энгийн хүмүүсийг алах нь Исламд бүхэлдээ хориотой. Ислам бол хүмүүс Муслим мөн эсэхээс нь үл хамааран нийгэмд энх амгаланг бүрдүүлэх тухай сургааль юм.
  • “Жихад” гэсэн нэр нь ариун дайн гэсэн үг биш. Үнэндээ “тэмцэх” гэсэн утгатай гэнэ. Зөвхөн дайн тулаан хийх биш илүү өргөн утгаар тухайлбал, залхуурал, биеэ тоох, буруу үйлдэлтэй тэмцэх зэргээр ашигладаг гэнэ. Коранд ариун дайн гэсэн үг байдаггүй. Зөвхөн өөрт нь халдсан этгээдээс өөрийгөө хамгаалах тохиолдолд л хүчирхийллийг хүлээн зөвшөөрдөг гэжээ.
  • Исламд эмэгтэй хүнийг дарлах үзэл байхгүй. Мухаммадын сургаальд “эхнэрээ хүндлэн харьцахыг” заасан байдаг гэнэ. Эмэгтэй хүний олон эрх Исламын хуулиар хамгаалагдсан байдаг.
  • Муслим эмэгтэйчүүд толгойгоо далдалсан хижаб хэмээх өмсгөл өмсдөг нь даруу төлөв байх Бурхны зарлигтай холбоотой гэнэ. Католик шашны гэлэнмаа нар, Тереза Эх, Ариун Мариа нар ч адилхан шашны өмсгөл өмсдөгтэй ижил.
  • Бүх Муслим хүмүүсийг Араб гэж ойлгож болохгүй. Дэлхийн орон бүрт Муслимууд бий. Арабууд нь нийт Муслимуудын 20 хувийг л бүрдүүлдэг. Дэлхий дээр хамгийн олон Муслимтай улс нь Индонези (200 гаруй сая Муслим бий), дараа нь Пакистан, Энэтхэг (нийлээд 350 сая орчим) юм.

 

Эх сурвалж: 30factsaboutislam.com