ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

СЕРЕС одой гаригийн тухай сонирхолтой ДОЛООН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Манай цагаар өчигдөр орой NASA-гийн Dawn хөлөг Серес нэртэй жижиг гаригийн тойрог замд хүрсэн нь хүн төрөлхтөн түүхэн дэхь анхны тохиолдол боллоо.

Серес бол Ангараг, Бархасбадь гаригуудын завсар дахь астероидуудын замд оршдог хамгийн том биет.

Бас дэлхийд хамгийн ойр одой гариг юм.

Dawn хөлөг Сересын үүсэл, хөгжил, бүтцийн талаар баялаг мэдээлэл цуглуулах зорилготой.

Үүнээс өмнө эрдэмтэд NASA-гийн Hubble Сансрын дурангийн тусламжтай хэд хэдэн баримтыг цуглуулаад байсан юм.

Тэдгээр баримтуудаас энд дурдаж байна.

  • Хүн төрөлхтний хамгийн анхны нээсэн астероид

Сересыг 1801 оны нэгдүгээр сарын нэгэнд Сицилийн астрономич Жюзеппе Пиацци нээсэн. Пиацци нь математик таамаглалын аргаар (гэхдээ энэ нь сүүлд худлаа болсон) Ангараг, Бархасбадь гаригуудын хооронд ямар нэг гариг байгааг батлах гэж яваад Сересыг илрүүлжээ. Эхэндээ түүнийг гариг гэж үзэж байсан ч яваандаа түүний орчинд олон тооны астероидууд илэрсэн тул астероидод тооцох болсон. Сүүлд 2006 онд түүнийг одой гариг хэмээх ангилалд оруулах болсон. Энэ ангилалд тэр үед Дэлхийн ванг мөн оруулж, нарны аймгийн гаригуудаас хассан нь одоо болтол маргаантай байгаа.

  • Түүнийг Ромын газар тариалангийн бурхны нэрээр нэрлэсэн

Пиацци түүнийг нээснийхээ дараа Ромын газар тариалангийн бурхан Сересын нэрийг өгчээ. 1803 онд энэхүү одой гаригаас гадна нэгэн бодисыг энэ нэрээр нэрлэх болсон. Сериум нэртэй газрын ховор металл нь хамгийн түгээмэлд тооцогддог бодис.

  • Түүн дээр нууцлаг хурц гэрлүүд харагддаг

Dawn хөлөг одой гаригт ойртох үед буюу 2014 оны сүүл, 2015 оны эхээр Сересын хойд өргөрөгийн 19 хэмд тогоон дотроос гайхмаар хурц хоёр гэрлийг илрүүлсэн юм. Орчны нөхцөл байдлаас нь харвал эдгээр гэрлүүд нь галт уулын гаралтай эсвэл байгалийн гэрэл лав биш харагдаж байгаа.

Маш өндөр гэрэл ойлгодог материал, магадгүй ус, мөс, давс ч байж болох юм гэж эрдэмтэд мөн үзэж байна.  Үүний нууцыг Dawn хөлөг тайлна гэж хүлээж байгаа.

  • Серес дээр усны уур манан татаж байж магадгүй

Сансрын ажиглах төв саяхан Сересын гадаргаас уур манан татаж байгааг харжээ. Уур нь хоёр цэгээс илэрсэн (хурц гэрлийн ойр) ба галт уулсын мөснөөс үүссэн байж магадгүй гэнэ.

Бас солир Сересын гадарга дээр буухдаа үүсгэсэн тэсрэлтээс үүдэлтэй байж магадгүй юм. Энэ бол Dawn-ы илрүүлэх бас нэг нууц.

  • Серес дээр хөрсөн доорх тэнгис байж магадгүй

Усны уур мэт үзэгдлээс харахад Сересын хөрсөн доор тэнгис байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Зарим гаригуудын дагуулууд нь тойрдог гаригийнхаа татах хүчний нөлөөгөөр ийм газар доорх тэнгис, далайтай байх боломжтой гэдэг. Харин Серест ийм нөлөө байхгүй ч түүний цөм дэх радио идэвхит халалтын улмаас ийм байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

  • Серес нь бөмбөрцөг хэлбэртэй

Бусад астероидуудаас ялгаатай нь Серес хангалттай том тул татах хүчнийхээ нөлөөгөөр бөмбөрцөг хэлбэртэй байдаг. Түүний өргөн 950 км. Нэгэнт ийм бөмбөрцөг хэлбэртэй тул ялгаатай давхаргуудтай гэж эрдэмтэд үзэж байгаа. Тухайлбал Серес дээр хадархаг эх бие, мөсөн бүрхэвч, хөрсөн доорх ус, тоосон гадарга байж болзошгүй.

  • Агаар мандал байж болзошгүй

Хэдийгээр нарнаас хол оршдог ч Серес дээрх температур Цельсийн -38 хэм орчим байх гэж үздэг. Ийм орчинд гадарга дээрх ус нь хий болж гаригийг тойрсон агаар мандал үүсгэх боломжтой. Үүнийг мөн л Dawn хөлөг тодорхой болгох юм.

 

 

Эх сурвалж: Space.Com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг