ХБНГУ-ын Берлин хотноо 3 сарын 4-8-ны өдрүүдэд дэлхийн 190 орны 10,000 гаруй аялал жуулчлалын салбарынхныг нэгтгэх ITB Berlin 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно. Монгол Улс энэ үзэсгэлэнд анх удаа Албан Ёсны Түнш Орноор оролцох гэж буйтай холбогдуулан “Аялал жуулчлал – Ирээдүй” ТББ болон ITB Berlin үзэсгэлэнг зохион байгуулагч Германы Messe Berlin байгууллага хамтран 2 сарын 18-ны өдөр Берлин хотноо нээлтийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд "Messe Berlin”-ий Дэд ерөнхийлөгч Мартин Бук, "ITB Berlin” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн дарга Дэвид Рютц, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, "АЖИ" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Индраа, төслийн менежер Б.Эрдэнэчимэг нар оролцож Монгол Улс Албан Ёсны Түнш Орноор оролцох болсон тухай болоод, үзэсгэлэнд хэрхэн оролцох тухай мөн манай улсын аялал жуулчлалын талаар товч танилцуулга хийлээ.
Германы 100 гаруй сэтгүүлч оролцсон тус хэвлэлийн хурлын үеэр Монголын ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэр зэргийг үзүүлжээ.
1966 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн ITB Berlin үзэсгэлэнг энэ жил Европын улс орнуудаас төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 170,000 гаруй хүн үзэж сонирхох тооцоотой байгаа бөгөөд манай улсаас төр засгийн өндөр дээд хэмжээний төлөөлөл оролцох төлөвлөгөөтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!