• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батдорж: Би гэрэл зургаар амьдарч, гэрэл зургаар хооллож, гэрэл зургаас кайф авч амьдардаг хүн

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Гэрэл зурагчдаас ярилцлага авна гэдэг амаргүй. Хаана сайхан байгаль, хаана сонин хачин байна, тэнд аппарат хэрэгслээ үүрээд явчихдаг болохоор тэр.

Тэгээд ч ертөнцийг үзэх үзэл, бодол санаа нь аль хэдийнэ сансар огторгуйд нисч одсон мэт өөр сэтгэлгээтэй хүмүүс юм. Их тугтан Ч.Батдорж хэмээх энэ эрхэм зурагчныг Сэлэнгэ аймагт ажиллаж байхад нь дараах ярилцлагыг авлаа. “Сэлэнгэ сайхан нутаг” гэдэг альбом гаргахаар ажиллаж байгаа нь энэ. Ч.Батдорж бол манай Canon Mongolia уралдааны хамгийн идэвхитэй оролцогч бөгөөд өнгөрсөн хугацаанд зарласан нийт 13 уралдааны 12-т нь оролцож бас хэд хэдэн удаа тэргүүн, дэд байруудыг эзэлж байсан шаггүй өрсөлдөгч юм.


 

-ITZONE: Сайн байна уу? Хуучин жил улирч, шинэ жил ургах дөхсөн сайхан өдөр тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Гэрэл зураг таны хувьд амьдралын тань салшгүй нэгэн хэсэг байх. Өнөөдөр та ямар зураг дарав?

-Сайн, сайн байна уу. Та бүгдэд ярилцлага өгч байгаадаа баяртай байна аа. Гэрэл зураг ч миний амьдрал болчихоод байгаа шүү (инээв). Би 1979 онд юмуудаа, Чойрын орос дэлгүүрээс Смена гэдэг орос аппарат ээжээрээ авхуулаад зураг дарж эхэлсэн байдаг. Ингэж миний гэрэл зураг авах гараа маань эхэлсэн юм. Гэхдээ анги хамт олныхоо зургийг авч угааж өгөхөөс хэтэрдэггүй байсан. Хажуу айлын ахын өсгөгчийг гуйж аваад угаалгын өрөөндөө авсан зургуудаа шөнөжин  угааж цонхон, дээгүүрээ дэлгэж хатаадаг байлаа.  

Дээд сургуульд байхдаа хуучин зенит аппарат, өсгөгч авч оюутнуудын зураг авч овоо орлоготой, тав гурван төгрөгөөр тасардагүй оюутан болсон. 2000 онд анхныхаа студээ нээж, одоог хүртэл ажиллаж байна. Одоо би хүүтэйгээ хамтарч гэрэл зургийн студи ажиллуулж байгаа. Манайхан бүгд гэрэл зурагт дуртай. Эхнэр маань хөрөг зурагт дуртай. Өнөөдөр би захиалгат зураг авчихаад явж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга цагаан сар дөхөж байгаатай холбогдуулаад ахмадуудаа хүлээн авч байгаа зураг авалт хийсэн юм. Сайхан байлаа шүү, баярласан хөөрсөн ахмадуудтай уулзааад.

 

-ITZONE: Таны зургуудыг харж байхад байгалийн сэдэвтэй зураг зонхилох юм. Нүд дүүрэн харагдах нутгаас нэг кадр дотор яг юуг нь буулгахаа сонгох нь нарийн мэдрэмж юм. Ер нь зурагчин хүнд аппрат хэрэгслээ эзэмшихээс гадна хамгийн чухал чадвар нь мэдрэмж, хичээл зүтгэл бололтой.

-Өнгөрсөн жил гэрэл зургаар арвин, ургац ихтэй жил боллоо. Дорнодын уудам талаас Баруун Монголын цаст уул Цамбагарав, Монгол улсынхаа хоймор Дархадын хотгор цаатны урцанд хүртэл хонож, монгол орныхоо байгаль, ард иргэдийн ахуй амьдралыг гэрэл зургандаа буулгаж явлаа. Би байгалийн зурганд дуртай гэхээсээ илүү монгол ахуй, хүмүүсийн аж амьдарлын зураг авах дуртай. Сайхан монгол морийг байгальтай хослуулж авах ямар сайхан сэтгэлийн таашаал өгдөг гээч. Хөдөө явж байхад иймэрхүү дүр зураг тааралдвал зогсож байгаад, ойртож авна шүү. Хөдөө явахад адуу малтай зохиомж хийх юм уу, тавилттай зургууд авна. Ер нь хаа ч явсан харсан үзсэн зүйлийнхээ  зургийг  янз янзаар авахыг хичээдэг. Жишээ нь хүний харж байгаагүй өнцгөөс зураг авахад хүмүүст таалагддаг байх жишээтэй. Дараа нь тэгж авдаг байж, ингэж авдаг байж гэж бодогдох үе их байдаг. Анх хальсаар зураг авдаг байхад их хариуцлагатай байж. Авсан кадр болгондоо санаа зовно, хальснуудаа нандигнаж бооно. Хальсаа боловсруулсны дараа л санаа амарна шүү дээ. Одоо ч шүршээд байдаг болж, олон кадр дарж байж цөөхөн сайн зураг сонгодог болж. Техникийн дэвшил юмуу даа.

-ITZONE: Гэрэл зураг таны хувьд ажил уу эсвэл таны хобби юу? Сайхан зураг авсны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Гэрэл зураг миний ажил, бас миний хобби. Нэг ёсондоо гэрэл зургаар амьдарч, гэрэл зургаараа хооллож, гэрэл зургаасаа кайф авч байна даа. Бас болоогүй 10-аад хүнд гэрэл зураг авахыг зааж сургаж, зурагчин болох замд оруулсан байх юм. Хамгийн амжилттай ажиллаж байгаа нь  “Миний хөрөг” фото зургийн студи байна даа.

 

-ITZONE: Энэ сайхан зургуудаа та ямар аппаратаар авдаг вэ? Аппаратныхаа гэрэл сүүдрийг тааруулах, тоног хэрэглэлийг нь зөв ашиглах гэдэг чухал зүйл байх даа.

-Ч.Батдорж Би дандаа Canon төрлийн камер барьж байгаа. Ашиглахад дөхөм, за ер нь гарт орчихсон гэхүү дээ. Nikon барихаар дурангаа солихоос эхлээд өрц, хурдны тохиргоо хийхэд эсрэгээрээ байгаад байдаг.

 

-ITZONE: Гэрэл зурагчид бол шинэ технологийн “ангуучид” байдаг юм шиг санагддаг. Бас зураг авах арга барил сүүлийн үед шинэчлэгдэж, нүдээр ч харах боломжгүй зүйлийг зургийн хальснаа буулгадаг болж. Энэ бүх технологийн шинэчлэлийг хэр хурдан хүлээн авч, хэрэгжүүлж чадаж байна вэ? Сүүлд авсан шинэ технологийн мэдээллээсээ хуваалцаач.

 

-Сая танайх Canon 7D MarkII шинэ камер танилцуулж байсан, би нээлтэнд нь оролцож нэгийг нь авсан шүү. Canon компани хамгийн сүүлд Canon 5Ds маркийн камераа гаргалаа.

Удахгүй худалдаанд гарна гэж байсан, техникийн дэвшил ч гүйцэгдэхгүй юм аа.

Тэр үед танайх оруулж ирж бас танилцуулах биз, тэр үед нь очиж үзнэ дээ. Таалагдвал авна гэж бодож байгаа.

 

-ITZONE: Canon Mongolia page гэрэл зураг сонирхогчдод зориулан Гэрэл зургийн цуврал уралдаануудыг байнга зарлаж байгаа, энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Тэр их сайн уралдаан гэж боддог. Олон ч хүн идэвхитэй оролцдог. Би ч аль болох оролцохыг хичээдэг. Одоогийн залуучууд гэрэл зургийн мэдрэмж сайтай, их хөдөлмөрч байдлаар оролцож байна. Тэд монголын гэрэл зургийн хөгжлийг тодорхойлно доо. Би өөр ийм гэрэл зургийн уралдаан мэдэхгүй юм.


Авсан зурагчин, авахуулсан хүн, үзсэн бид үгүй болох цагт харин зураг үлдэх. Тийм учраас зурагчид бол түүхийг үлдээгчид юм. Ч.Батдорж Монголын үндэстэн, ястнуудын зан үйлийг зурагжуулан авч, мөнхлөн үлдээх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Үнэлж баршгүй үнэ цэнэтэй, өндөр хариуцлагатай түүхэн бүтээл болох нь дамжиггүй. Тэсэн ядан хүлээе, таны энэ бүтээлийг.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.