Хүчирхэг доллар: АНУ, Монгол ба бусад улс
“Энэ бол бидний мөнгө, та бүхний асуудал” гэж АНУ-ын Сангийн сайд асан Жон Коннали 1971 онд хэлж байв.
Ам.долларын ханш навс унаж байх үед моодонд орсон энэ үгийг өнөөдөр тус валютын ханш өсөж байхад ч эш татаж болох нь сонин. 2003 оноос хойших дээд түвшиндээ хэлбэлзэж буй “ногоон”-ы ханш зарим нэгэнд нь боломж нээж, заримынх нь бизнесийг сүйтгэж буй. Дэлхийн санхүү, эдийн засгийн хувьд хэтэрхий том байр суурь эзлэх тус валютын хүчирхэгжил АНУ, Монгол ба бусад улсад ямар нөлөө үзүүлж байна вэ?
АНУ: ТОМ ЗУРГААР НЬ ХАРАХАД
Америкийн эдийн засаг сэргэж, өсөлт нь эрчимжихийн хэрээр ам.долларын ханш гэдийх болов. DXY буюу ам.долларын спот индекс сүүлийн хагас жилийн дотор 18 хувиар өсөж, 95 нэгжид хүрчээ. 1971 оноос хойш ийм тохиолдол маш цөөхөн гарч байсныг шинжээчид онцолж байгаа юм.
Ам.долларын ханш зөвхөн Монголд өсөөд байгаа юм биш, дэлхийн бараг бүх валютын эсрэг чангарч байна.
“Ногоон”-ы хүчирхэгжил Америкийн бизнест сөргөөр нөлөөлж байна гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. “S&P 500” индексийн сагсанд багтах “Microsoft”-оос эхлээд “Procter&Gamble” зэрэг компани ам.долларын өсөлт ашиг, орлогоос нь “хумсалж” байгааг дуулгасан. “MacDonald`s” хүртэл өнгөрсөн онд бага ашигтай ажилласныхаа буруутнаар “ногоон”-ыг нэрлэв. Энэ мэт олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аварга компаниуд тодорхой хэмжээний алдагдал хүлээх нь мэдээж. Гэхдээ 17.7 их наяд ам.доллараар хэмжигдэх дэлхийн “Номер 1” эдийн засгийг том зургаар нь харвал ханшийн энэ хөдөлгөөн саараасаа илүү сайн үр дагавартай аж. Хүчирхэг “ногоон” тус улсын экспортын орлогыг хумиж байгаа нь үнэн ч хямд газрын тос, импортын хямд бараа, бүтээгдэхүүн, нам инфляцыг мөн авчирж буй билээ. Хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн хувьд үүнээс сайн зүйл бий гэж үү?
Импортын өртөг багассанаар инфляц буурч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэнэ гэж АНУ дахь “HSBC Securities”-ийн ахлах эдийн засагч Кевин Логан хэлснийг “Bloomberg” эш татжээ. Үүнд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь, тус улсын хувьд хэрэглээний зарлага ДНБ-ий 70 хувьд хүрсэн. Харин экспорт ердөө 13 хувьтай байгаа юм.
“Ногоон”-ы хүчирхэгжил хэрэглээнд тулгуурласан АНУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй
Цэнхэр: Өрхийн худалдан авалт
Ягаан: Экспорт
(ДНБ-д эзлэх хувиар)
Тэгвэл Америкийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болох хэрэглээний зарлага хэдийнэ нэмэгдээд эхэлж. Өнгөрсөн оны сүүлчийн улиралд л гэхэд тус улсад өрхийн худалдан авалт 2006 оноос хойш үзэгдээгүй хурдтай өссөн бол энэ жил ч сайн байх төлөвтэй. Мөн хөнгөн тэрэгний борлуулалт өнгөрсөн жил 16.5 саяд хүрсэн нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт болсон. Автомашины борлуулалт энэ онд 17 саяд хүрч, зургаа дахь жилдээ дараалан өснө гэж “Toyota Motor” корпорацийн АНУ дахь салбарын дэд ерөнхийлөгч Билл Фэй хэлсэн байна. Энэ бүхний үр дүнд тус улсын эдийн засгийн өсөлт ч эрчээ авах болов. 1999 оноос хойш анх удаа АНУ-ын ДНБ-ий өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтөөс өндөр гарах тооцоог Олон улсын валютын сан гаргасан билээ.
МОНГОЛ: САЙН БА СААРЫН ХОСЛОЛ
Ам.долларын ханш Монголд өссөөр байна.
Өнгөрсөн онд л гэхэд манай төгрөгийн ханш тус валютын эсрэг 12 хувиар суларсан бол сүүлийн дөрвөн жилийн дотор 56 хувиар унажээ. Энэ нь мэдээж нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн компаниудад ашигтай. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналтыг ам.долларын ханшийн өсөлт зөөллөж байгаа гэсэн үг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай байж ирсэн гадаад худалдаа маань өнгөрсөн онд түүхэнд анх удаа 537.9 сая ам.долларын ашигтай гараад байна.
Нөгөө талаас, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ талаас илүүг импортоор авдаг монголчуудын амьдралд “ногоон”-ы хүчирхэгжил дарамт нэмж байна. Инфляц хоёр оронтой тооноос бууж өгөхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Мөн банк, санхүүгийн салбарт ч муу нөлөө үзүүлж эхлэв. Учир нь, манай арилжааны банкуудын гаргасан нийт зээлийн дөрөвний нэгийг гадаад валютын зээл эзэлж байгаа юм. Тэгвэл валютын зээлийн хүү жилийн 13 хувьтай байгаагийн дээр “ногоон”-ы ханшийн өсөлтийг нэмж үзвэл ам.долларын зээл авсан хүн жилдээ 25 хувийн хүү төлж байгаатай ижил болно. Энэ нь чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд хүргэх нь тодорхой. Одоогоор арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдлийн таван хувийг чанаргүй зээл эзлэх болсон нь санаа зовоох үзүүлэлт мөн билээ.
ЭЦЭСТ НЬ
Ам.долларын ханш гэрлийн хурдаар өсөж байгааг түүхэн доод түвшингээсээ дээшилж байна гэж хэлж бас болно. Тодруулбал, DXY индекс 95 нэгжид хүрсэн нь 1985 онд 160, эсвэл 2001 онд 120-д хүрсэнтэй харьцуулахад бага хэвээр байгаа юм. Энэ нь “ногоон”-ы ханш цаашдаа ч өсөх урт зам бийг харуулж буй хэрэг.
Учир нь, Европын Төвбанкнаас эхлээд Япон, Австрали, Канад, бүр Хятадын Төвбанк хүртэл мөнгөний бодлогоо зөөллөх аянд нэгдээд буй. Тэд эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд зах зээлдээ их хэмжээний мөнгө нийлүүлж байгааг дагаад үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларна. Тэгвэл эргээд дэлхийн эдийн засгийн “зүтгүүр” болсон АНУ эсрэг урсгалаар явж байна. Энэ онд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмнэ гэж байгаа нь ам.долларын ханшид нэмэлт дэм болох төлөвтэй.
Хөгжиж буй орнуудын хамгийн их арилжаалагддаг 20 мөнгөн тэмдэгтийн индекс 1999 онд “Bloomberg” энэ үзүүлэлтийг тооцоолж эхэлснээс хойших доод түвшиндээ хүрээд байна. Мексикээс эхлээд Энэтхэг, Индонез зэрэг улс үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдлээс аврахын тулд зуу зуун тэрбум ам.долларын интервенц хийх болсон. “Дайран дээр давс” гэгчээр газрын тосноос эхлээд нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын үнэ унаж байгаа нь манайх шиг уул уурхайгаа түшиглэсэн улс орнуудад “давхар цохилт” үзүүлж байгаа. Тухайлбал, ОХУ-ын гадаад валютын нөөц энэ сарын эхний долоо хоногт л гэхэд 1.6 тэрбум ам.доллараар буюу 0.4 хувиар буурч, 374.7 тэрбум ам.доллар болжээ. Тус улсын Төвбанкнаас зах зээлд болон банкуудад валют нийлүүлсэн нь үүнд хүргэсан аж. Тэгвэл манай гадаад валютын нөөц өнгөрсөн онд 40 орчим хувиар буураад буй.
ОХУ-ын хувьд Украины асуудлаас болж АНУ болон Европын түншүүдтэйгээ шөргөөцөлдөж, санхүүгийн зах зээлээс жийгдээд байхад нь нефтийн үнэ унаж, улмаар рубль үнэгүйдсэн. Харин Монголд Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт дуусаж, далд уурхайн санхүүжилт хойшлоод байхад нүүрс, зэсийн үнэ хямдарсан нь төгрөг үнэгүйдэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд хүчирхэгжээд буй “ногоон”-ыг Орос, Монголын дотоод асуудал улам дэвэргэж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг өөрсдөө бид баллаж орхижээ. Энэ байдлаас гарах ганц гарц, найдлага нь гадаадын хөрөнгө оруулалт болов. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа энэ үед чухам гадаадын шууд хөрөнгө оруулалтаа л сэргээж чадвал ам.долларын ханшийг дотоод зах зээлдээ тогтоож чадах юм.
НИЙТЛЭЛЧ
Даваашаравын Мөнхчимэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
