Эрхлэгчийн зурвас
“Гэрэг” сэтгүүлийн морин жилийн сүүлчийн дугаар Таны гарт очиж байна. Энэ морин жил бол манай сэтгүүл шинэ хуудсаа нээсэн, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд өөрийн өнгө төрхийг таниулах гэсэн эрэл хайгуулын, урам итгэлийн он жил байлаа.
“Гэрэг” хэмээх шинэ сэтгүүлийн нэр дуулдаж эхэлснээс хойш хэдийнэ арваннэгэн сар өнгөрч, 44 дугаар таны гарт очжээ. Дугаар бүхэн шинэ байгаасай гэж бид хүссэн. Энэ бол долоо хоноод нэг шинэ дугаар гарах тухай асуудал биш, мэдээллийн агуулга, багтаамж, шинж төрх, хийц загвар шинэ байгаасай, сэтгүүлийн минь дугаар бүрээс уншигчид маань шинийг мэдрээсэй гэсэн хүсэл зорилго юм.
Бид дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд зонхилдог тэр хэв загварыг баримтлахыг, басхүү үндэсний, үндэстний гэх онцлог шингэсэн байгаасай гэж хүссэн. Энэ хүслийн төлөөх гараанд гарсан эхний жил өлзийтэй байлаа.
Явах зам урт, хүрэх газар холд бий.
Монголчууд бүгдээрээ биш ч гэсэн ямар нэг хэмжээгээр “Гэрэг”-ийг таньдаг болсон. Ингэж хэлэхийн учир нь улирлаас улиралд ямагт өсөн нэмэгдсээр байгаа захиалагчийн тоо, “Танай сэтгүүлээс худалдаж авах гэсэн юм, захиалах гэсэн юм. Хаанаас авч, яаж захиалж болох вэ” хэмээн бидэн рүү утасддаг уншигчид, сэтгүүлийн минь талаар санал бодлоо илэрхийлж, үнэтэй зөвлөгөө, шүүмж хэлдэг янз бүрийн насны, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн хандлагаар баталгаажиж байна.
Бид энэ бүхнийг урам итгэл, дэмжлэг түшиг гэж хүлээн авч байгаа. Явах зам урт, хүрэх газар холд бий. Туршлагажиж, мэргэшиж, ахин дэвшиж, хүн төрөлхтний бүтээсэн сэтгүүл зүйн нэгэн гайхамшигт ололт болох сэтгүүл хэмээх уншдаг судрын язгуур чанарыг хадгалан, баяжуулан хөгжүүлэх нь, Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн байр суурьтай болох нь бидний зорилго. Бид улам олон “танил”-тай, нөхөдтэй байхыг хүсэж байна. Монголчууд бүгдээрээ “Гэрэг”-ийг таньдаг, уншдаг болоосой гэж бас хүснэ.
Угтан ирж буй хонин жилийн Сар шинийн мэндийг уншигч түмэндээ өргөн барья. Сайхан шинэлээрэй. Удахгүй хонин жилийн эхний дугаараараа уулзан золгохын ерөөл тавья.
“Авторын булан”, С.Батбаатар
...Нэг удаа байрнаасаа хөдөлсөн чулуу дахиж байраа олох гэж зовдгийн үлгэрийг хамгийн сонгодгоор харуулдаг жишиг АН-д бий. Тиймээс нэг огцруулж болсон юм, дахиад огцруулахад яадаг юм гэсэн зөрүүдлэхээс улс төр үймрэн бужигнаж эхлэх магадлал бага биш бий.
Дахин нэг Ерөнхий сайд “мэндэлж”, хэдэн улстөрч Сайд болж тоглох бол нэг хэрэг. Ийм тоглоомоор бид хангалттай тоглодог. Бүр мэргэшсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ тоглоомын уршгаар ард түмний, улс орны эрх ашиг л хохирч үлддэг.
Эхнэр, нөхөр хоёр эвдрэлцэх, салах бол нэг гэр бүлийн л асуудал. Харин засаг төрийн түвшинд эвлэлдэх нь гарцаагүй цаг үеийн шаардлага, салах хагацах нь хор хохирол болж үлдэх гээд байгаа түүхэн нөхцөлд улсаа самрах эрх энэ хоёр намд байхгүй билээ.
Аархлаа АН татаж, тунирхлаа МАН залгих нь ялагдал, гутамшиг болчихгүй нь үнэн билээ...
Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№41) дугаараас уншина уу.
“Авторын булан”, Д.Мөнхчимэг
...Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарч байхад түлш, шатахууныхаа үнийг нэмсэн компаниудыг ОХУ-ын Монополийн эсрэг байгууллага шалгасан ч зөрчил илрүүлж чадаагүй учраас сануулга өгөөд л буцжээ.
Үнэ өссөн нь бодит шалтгаантай байсан болоод тэр. Оросын зах зээлд борлуулж буй бензиний үнэ ямар байх нь дэлхийн зах зээл дэх нефтийн үнээс биш, татвар, хураамжийн дүнгээс л хамаардаг аж. ОХУ-д ийнхүү түлш, шатахууны үнэ нэмэгдэж байхад Монголд үнэ буурна гэж үү?..
Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№41) дугаараас уншина уу.
“Хөрөг” булан, У.Бямбаням
...“2001 онд Японы “Кюүшюү” симфони найралтай Морин хуурын чуулга хамтран тоглосон юм. Өмнөх өдөр нь бэлтгэл хийх байсныг мэдсэнгүй.
Хөгжимчид эгнэн суусан тайз бол түүний хувьд ариун газар.
Маргааш нь куртка, жинс, пүүзтэй тууж иртэл “Батчулуун багш аа, оркестр хүлээгээд байна” гэдэг байгаа. Ороод иртэл 120 хөгжимчин ирийтэл суучихаж.
Намсрайжав гуайн “Баярын жавхаа” байсан юм. Гараад л дохилоо. Үлээвэр яваад эхэлтэл нүүрэн дээр нэг юм бут үсрээд явчих шиг болсон.
Яахав дээ, тийм олон хүний өмнө гудамжинд яваа юм шиг гарсандаа сандраад тэр.” Хөгжимчид эгнэн суусан тайз бол түүний хувьд ариун газар.
Хувцас хэрэглэл, ёс ёсолгоо, үзэгчдэд үзүүлэх хүндэтгэл, бүгд нэгэн бүхэллэг ертөнцийг бүтээн, тэндээс эгшиг аялгуу илүү хөгтэй гардаг гэдэгт тэр итгэдэг байв. Одоо тэр хөгжимчид эгнэн суусан ариун орноо эгшиг аялгуу, түүх домог болон “мөнхрөх” болно...
Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№41) дугаараас уншина уу.
“Сэдэв” булан, Ж.Хулан
...Хөгжиж буй орны хувьд хамгийн сонирхолтой цаг үе тохиож байгааг чуулганд ирсэн гаднын төлөөлөгчид дурдаж байлаа. Контент нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх Их Британийн “Bomanbridge” компанийн төлөөлөгч Сониа Флэк манай үзэгчдийн насны хувьд маш залуу, эрч хүчтэй байдал нь олон янзын контент бүхий хөтөлбөрийн бүтцэд тохирно гээд баримтат кино, баримтат цэнгээнт нэвтрүүлгүүд түлхүү хийхийг санал болгов.
Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарах гэсэн Монголчуудын сонирхлыг ч дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин нэгэнт хааш чиглэхээ тодорхойлсон Монголын телевизийн салбарын хувьд санхүүгийн хувьд тогтворжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага эн тэргүүнд бий.
Өдрийн турш үргэлжилсэн “Монголын телевизийн форум”-д энэ бүхнийг тодорхойлж, “тогоон дотроо” халуухан хэлэлцсэн ч үр дүн, шийдвэр хэрхэн гарахыг харах л үлдлээ.
“Монгол HD” телевизийн продюсер Э.Лхагва олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс өмнөх жилийн хэлэлцүүлэгт “Телевизүүдэд тулгарч байгаа бэрхшээлийг бид ойлголоо” гэснийх нь хариуг хэдэнтээ асуусан ч тодорхой зүйл сонссонгүй.
Харин “Монгол Масс Медиа” группийн захирал А.Амундра “Хэвлэл мэдээллийн салбар зөв голдрилдоо орохыг хүлээсээр өнөөг хүрсэн, цаашид ч хүлээхээс өөр замгүй” гэж хэлэхэд танхимд цугласан хүмүүс хэсэг чимээгүй сууснаа инээлдэв...
Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№41) дугаараас уншина уу.
“Дэлхий” булан, орчуулсан Б.Баясгалан (Эх нийтлэл “Newsweek” сэтгүүл)
...Гэвч хот дайны цагт хэрхэн тэсэж үдэх арга чаргаа эрсэн хэвээр. Уг хот Украины стратегийн онц ач холбогдолтой цэг тул оршин суугчдад нь ямар ч сонголт үлдэхгүй нь бололтой. Мариуполь бол Азовын тэнгисийн умарт эргийн маш чухал боомт юм.
Гэвч үүнээс чухал нь эл хот Оросоос Крым хүрдэг гол замын дагуу байрладаг тул Москвагийн булаан эзлэх оролдлогод аль жилийн өмнөөс л өртөх болжээ.
Тиймээс ч дайн болно гэдэгт эргэлзэх зүйл бараг үгүй. Гагцхүү хэзээ эхлэх бол, хэр аюултай байх бол гэдэг л гол асуулт болно...
Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№41) дугаараас уншина уу.
“Номын шүүмж” булан, Ж.Тэгшзаяа
...Өнгөрөгч долоо хоногт үгийн урлаг, номын хорхойтнуудын хувьд нэгэн таатай үйл явдал болсон нь яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгийн орчуулгын түүврээ гаргасан явдал байлаа. Уншигч миний хувьд номын эхний хуудсыг нээсэн мөчөөс л “Аварга том далавчтай өвгөн” намайг нуруун дээрээ суулгаж аваад үгийн урлагийн жигтэй, сонин 13 буудлаар өртөөлөн нисэж аялуулсан юм.
Эхний буудал Нацүмэ Соосэкийнх байв.
Нацүмэ Соосэки бол орчин цагийн Японы утга зохиолын төлөвшилд онцгой нөлөөтэй уран бүтээлч. Соосэкийн хөргийг 1984-2004 оны хооронд 1,000 иений дэвсгэрт дээр байрлуулсан нь Японы ард түмэн түүнийг Японы утга соёлыг төлөөлөх үндэсний сэхээтэн, уран бүтээлчийн хувьд хэчнээн үнэлж, хүндэтгэдгийн жишээ юм.
Нацүмэ Соосэки бол орчин цагийн Японы утга зохиолын төлөвшилд онцгой нөлөөтэй уран бүтээлч.
Түүний “Зүүдний арван шөнө” зохиолоос авсан “Гурав дахь шөнө” өгүүллэг богино боловч санаанд гүн хоногшин үлддэг зүүд шиг санагдав. Нуруундаа зургаан настай хүүхэд үүрэн харанхуйд хаашаа ч юм бэдрэх өгүүлэгчийн зүүднээ уншигч үнэхээр өөрөө яваад орчихсон, араас нь чимээгүйхэн дагаж байх шиг хүчтэй ховсдом амьсгалтай өгүүллэг.
Бидний багад “Шидэт хүүрийн үлгэр” хэмээх гайхамшигтай уран сэтгэмжийн цогцыг уншдаг байсан маань эрхгүй санагдсан. Японд энэ маягийн домог байдгийг мэдэхгүй ч, дорнын энэ домог зүйн үр хөврөлийг Соосэки урнаар ашигласан нь илт...
Нийтлэлийн үргэлжлэлийг энд дугаараас уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!