"Эрдэнэс Таван толгой"-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү?
"Таван толгой"-н ордыг ашигтай ажиллуулах үүрэг хүлээлгэн дөрвөн жилийн өмнө “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг байгуулж байлаа. Иргэн бүр хувьцаа эзэмшиж, ирэх жилээс нь хувь хишгээ хүртэж эхэлнэ гэсэн гэгээн сайхан итгэлээр ард түмэн энэ компаниас их зүйл хүлээсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэлх сайн, саар элдэв мэдээлэлд нь хүлээцтэй хандаж ирэв. Харин одоо ард түмний энэ гэгээн сайхан итгэл, хүлээлтийн хариуд хэрхэн ажилласныг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн шалгаж хагас хугасаас нь танилцууллаа.
Уг нь энэ шалгалтыг өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан хийж байсан юм билээ. Дүгнэлтээ тэр даруйд буюу 2014 оны зургадугаар сарын 25-нд бэлэн болгож УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлэхээр бэлдсэн боловч эрх баригчид аар саар шалтгаар хойшлуулсаар өдий хүргэсэн аж. Ингэж хойшлуулах шалтгаан УИХ дахь АН-ынханд байсан бололтой.
Учир нь тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний алдарт хүргэн Дэнзэнтэй холбоотой олон баримтыг Ажлын хэсгийнхэн илрүүлжээ. Энэ нь "Таван толгой"-д хийсэн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх, цаашлаад өрөнд баригдсан “Эрдэнэс Таван толгой” компанийн алдагдалтай ажиллаж буйг олон нийтэд дэлгэлгүйгээр хөрөнгө оруулагчаар шалгарсан компанид чимээ аниргүйхэн даатгаад үлдээх сонирхол байсан бололтой.
Энэ бол ажлын хэсгийнхний дэлгэсэн баримтын нэгхэн хэсэг нь. Үүнээс цаашлаад “Эрдэнэс Таван толгой” компанийн өр захирлынх нь хэлж байсанчлан 500 сая ам.доллар биш, бүр 700-800 сая ам.долларт хүрснийг шалгалтын баримтаас харж болохоор байна. Түүнчлэн “Эрдэнэт” шиг эрх мэдэлтнүүдийн “саалийн үнээ”, шахааны талбар болсныг доорх баримтаар хүргэнэ.
Санхүү, мөнгө хөрөнгийн хувьд энэ мэт олон зөрчил илэрснээс гадна хамгийн эмгэнэлтэй нь байгаль орчинд дэндүү хүнийрхүү сэтгэлээр хандаж, хэд хэдэн мянган хүнд даацын машин нь үр ашиг багатай, олон удаагийн рейсээр Өмнийн говийн эмзэг хөрсийг талхалсан хэвээр байгаад хяналт тавьж хариуцлага тооцдог төрийн байгууллага алга. Төрийн мэдлийн юм эзэнгүй, үнэгүй болдгийн жишээ энэ.
ГАШУУН СУХАЙТЫН АВТО ЗАМ “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Н МЭДЭЛД ШИЛЖСЭН Ч ХЯНАЛТ АЛГА
Өмнө нь “Эрдэнэс Таван толгой” компанийн олборлолт, тээвэрлэлт эхлэхээс өмнө хувийн компаниуд Өмнөговийн замыг там болгож байгаа талаар хэвлэлийнхэн өчнөөн бичиж, төрийнхөн байсхийгээд шалгалтын десант буулгаж хяналт тавин хариуцлага тооцдог байлаа. Үүний үр дүнд засмал замтай болсон. Гэтэл өнөөдөр энэ замаар төрийн мэдлийн нүүрсийг тээвэрлэж буй Хятадын голдуу компаниуд мөнгөө хэмнээд явдаггүй.
Үнэгүй, эзэнгүйгээр нь даац хэтэрсэн том том машинууд шороон замаар тос манаруулан давхилдаж хөрс шороог нь эвдэж сүйтгэсэн хэвээр байна.
Төрийн мэдлийн нүүрсийг тээвэрлэж буй Хятадын голдуу компаниуд мөнгөө хэмнээд явдаггүй.
Уг нь хувийн компанийн хөрөнгө оруулалтаар Гашуунсухайт хүртэл 245 км хатуу хучилттай авто замыг хэдэн жилийн өмнө тавьж байв. Үүнийг өнгөрсөн жил “Эрдэнэс Таван толгой”-д шилжүүлэн өгсөн.
Гэтэл компанийн удирдлагуудын сэтгэл дутсанаас бэлэн болгосон замаар мөнгө олох, байгаль орчноо хамгаалахад ямар ч анхаарал хандуулсангүй. Тус компани менежмент сайтай байсан бол тээвэрлэгчидтэйгээ гэрээ байгуулахдаа л анхнаасаа засмал замаар тээвэрлэх шаардлага тавьж, хэдэн төгрөгийн хураамж авч, орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлэх боломж байсан. Харамсалтай нь тус компани төрийн замыг бас л эзэнгүйдүүлснээр ийнхүү “үхмэл” хөрөнгийг нэмэгдүүлээд байна.
Харин Цанхийн баруун уурхайгаас мөн л 1000 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна. Үүнийг нэгтгэвэл Баруун, Зүүн Цанхийн уурхайн амаас Цагаан хад-Ганц модны чиглэлд нийт 2200 тээврийн хэрэгсэл нүүрс зөөж байна гэсэн үг.
Орон нутгийн “Таван толгой” компани анх нүүрс экспортолж байхдаа уурхайн амаас нүүрс тээвэрлэх эрх буюу квотын наймааг эхлүүлж байлаа. Тухайн үед ганц машинаар ч хамаагүй квот авч чадвал долларын саятан болдог гэсэн яриа ч гарч байв. Харин өнөөдөр Баруун, Зүүн Цанхид зөвхөн Монголын 20 орчим компанийн 1500 орчим тээврийн хэрэгсэл энэ эрхийг эдэлж байна.
Нутгийнхны ярьдгаар нүүрсний квот, тээвэрлэлтийн энэ компаниудын ард голдуу төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан, улстөрчид хүмүүс байдаг гэдэг. Тийм учраас зам нь төрийн мэдэлд шилжсэн, тээвэрлэлтийн компаниуд нь улстөрчдийн мэдлийнх гээд бүгд “төр”-ийн мэдлийнх болсноос энэ үйл явцад төр хяналтаа алдаад байна.
Хамгийн их ачаалалтай үедээ долоо хоногт 230 мянган тонн нүүрс зөөдөг гэж үзвэл давхардсан тоогоор нийт 4000 орчим удаагийн рейсээр энэ тээвэрлэлтийг хийсэн болж таарна. Өөрөөр хэлбэл, долоо хоногт өдөр шөнөгүй 4000 машин засмал болон шороон замаар тасралтгүй нүүрс тээвэрлэж байгаа нь Зүүн, Баруун Цанхиас Цагаанхад хүртэлх орчмын байгаль орчныг ямар хэмжээнд там болгосныг төсөөлж болохоор юм.
Хамгийн харамсалтай нь энэ олон мянган удаагийн рейсээр угааж боловсруулсан нүүрс биш чулуу шороотойгоо холилдсон, нэмүү өртөг шингээгүй түүхий нүүрс зөөсөөр байгаа нь “Эрдэнэс Таван толгой” компанид асар их алдагдлыг үүрүүлж байгаа билээ. Хамгийн сүүлийн буюу 2014 оны байдлаар "Таван толгой"-гоос 5.7 сая тонн нүүрс экспортолсон гэсэн мэдээлэл бий. Үүний хэдэн хувь нь шороо байсан бол. Мэргэжилтнүүдийн тооцоогоор энэ хэмжээний түүхий нүүрсийн тал нь буюу хоёр сая гаруй тонн нь шороо байдаг гэнэ. Тэгэхээр бараг талд нь шороо зөөсөн болж таарах нь.
Хэрэв баяжуулж, боловсруулаад экспортолдог байсан бол хэдэн сая тонн шороо илүү зөөж, үр ашиггүй зардал гаргахгүй, байгаль орчноо сүйрүүлэхгүй л байсан болов уу. Түүхий нүүрс экспортлохоос татгалзаж, баяжуулж угаасан, нэмүү өртөг шингэсэн нүүрс тээвэрлэнэ, баяжуулах үйлдвэр байгуулна хэмээн анхнаасаа л ярьсан.
"Таван толгой"-н тээвэрлэлтээс үүдсэн алдагдал толгой эргэм их мөнгөөр хэмжигдэх нь тодорхой болоод байна.
Гэтэл одоо нүүрсээ түүхийгээр зөөж бахь байдгаараа байгаа нь төрийн менежмент, бодлого, үйл ажиллагаа цаасан дээр л үлддэгийн бас нэг баримт юм. Энэ мэтчлэн олон удаагийн “жижиг” тээвэрлэлтээсээ асар их алдагдал хүлээж байгаа нь баяжуулах үйлдвэрийн сураг тасарсан, төмөр замын асууддыг одоо хүртэл шийдэлгүй хугацаа алдсантай холбоотой гэсэн дүгнэлтийг мэргэжлийнхэн хийжээ.
Үүн дээр замын хяналт муугаас байгаль орчинд учруулж буй хохирлыг тооцвол "Таван толгой"-н тээвэрлэлтээс үүдсэн алдагдал толгой эргэм их мөнгөөр хэмжигдэх нь тодорхой болоод байна.
"ТАВАН ТОЛГОЙ”-Н 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙН СҮЛЖЭЭ БАНКНЫ СИСТЕМД НӨЛӨӨЛӨХ ЮМ БИШ БИЗ
“Эрдэнэс Таван толгой” алдагдалд орж дампуурах дөхсөн нь БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан гэрээнээс үүдэлтэй гэж улстөрчид өнөө хүртэл тайлбарласаар ирсэн. 350 сая ам.долларын зээлээс үүдэлтэй энэ асуудал үнэний ортойг ч Ажлын хэсгийнхэн баталжээ. Тус компанийн захирлууд 2012 оноос хойш “Чалко”-гийн зээлийг барагдуулаад бараг дуусаж байгаа хэмээн ярьсаар ирлээ.
Гэтэл энэ зээл 2014 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 129.2 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа нь компанийн удирдлагууд ард түмэнд худал мэдээлэл өгч байсныг илрүүлээд байгаа юм. Одоогоор энэ өр нь хүүтэйгээ нийлээд 140 сая ам.долларт ойртсон гэх мэдээлэл бий.
Гэхдээ үүнээс гадна тус компанийн удирдлагууд эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөж, тогтвортой үйл ажиллагаа явуулах нэрийдлээр Хөгжлийн банк болон арилжааны хэд хэдэн банкнаас хэдэн саяар нь ам.долларын зээл авсан нь ханшийн зөрүү болон зээлийн хүүтэйгээ нийлээд хэдэн зуун саяар хэмжигдэх энэ их хэмжээний өрийн сүлжээг үүсгэсэн гэх.
Энэ зээлийн үлдэгдлийг хэрхэн барагдуулах, өрөө төлж чадах эсэх нь тус компанийн хувьд тун бүрхэг юм. Цаашлаад “Эрдэнэс Таван толгой” компанийн үүсгэсэн өрөө төлж барагдуулж чадахгүй бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед банкны системийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж мэдэхийг мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй.
Үүнээс гадна дотооддоо болон гүйцэтгэгч компаниудад үүссэн өрийг үүнд оруулаагүй бөгөөд “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд Ажлын хэсгийнхэнд шаардлагатай мэдээлэл, баримтуудыг гаргаж өгөөгүйгээс зарим асуудал ийнхүү бүрхэг үлджээ.
ЯАМНААС Ч НҮСЭР ОРОН TOO БА ШАХАА
Шалгалтаар илэрсэн бас нэг зөрчил бол компанийн нүсэр зохион байгуулалт, бүтэц. Энэ компанийн төв оффис нь гэхэд 127 ажилтантай. Үүн дээр уурхайн 416 ажилтан нэмэгдээд нийт 543 хүн тус компаниас цалин авч баилаа. Монгол Улсын салбар хариуцсан бүхэл бүтэн яаманд ч ийм олон ажилтан байхгүй.
Уул уурхайн яам л гэхэд таван газар, дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 74 ажилтантай байсныг өнгөрсөн жилийн сүүлчээр 15 хувиар цомхтгож, 66 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” гэх нэг компанийн оффис нь үүнээс хоёр дахин их ажилтантай байгаа нь зуун ямаанд жаран ухна гэгч болжээ.
Хөрөнгө ч биш дээрх банкуудаас зээлсэн мөнгөөрөө үүнийг шийддэг байсан гэсэн хардлага ч байна.
Өрөндөө баригдаж алдагдалтай ажиллахад нөлөөлсөн бас нэг шалтгаан бол тус компани Худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах тухай журмын дагуу төлөвлөгөө, тайлангаа Сангийн яаманд хүргүүлдэггүй байсан нь юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компани атлаа Сангийн яаманд мэдэгдэлгүйгээр худалдаж авах бараа бүтээгдэхүүнийхээ хөрөнгө мөнгийг нь өөрсдөө шийдчихдэг байсан бололтой юм.
Өөрсдийн хөрөнгө ч биш дээрх банкуудаас зээлсэн мөнгөөрөө үүнийг шийддэг байсан гэсэн хардлага ч байна. Тэд худалдан авалтыг зохион байгуулахдаа Үнэлгээний хороо байгуулаагүй, тендерийн бичиг баримт бэлдээгүй, босго үнэ баримтлаагүй, харьцуулалтын аргыг зөрчин шууд худалдан авалт хийсэн, нээлттэй тендер зарлахаас зайлсхийж, нийт төсөвт өртгийг хэд хэд хувааж, тендер шалгаруулалт явуулсан зэрэг нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэж шалгалтынхан дүгнэжээ.
Үүнд нөлөөлсөн бас нэг шалтгаан бол худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн хуулийн мэдлэг дутмаг, хариуцлага сулаас “Эрдэнэс Таван толгой” компанийг “Эрдэнэт”-ийн араас оруулж, ашигладаггүй сэлбэг хэрэгсэл, хэрэгцээ шаардлага хангахгүй чанаргүй барааны “шахааны агуулахтай” болгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
