ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлын тамгаа авлаа

С.Болд-Эрдэнэ
2015 оны 2 сарын 5
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн шинэ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тус компанийн хуучин захирал О.Сайнбуян түүнд тамгыг нь шилжүүлж өгсөн байна.

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуянг чөлөөлж, Б.Бямбасайханыг томилох шийдвэрийг гаргажээ.

О.Сайнбуян 2012 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм.

Б.Бямбасайхан нь “Нова Терра” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай. Урьд нь “Ньюком” группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Түүний хувьд стратегийн ордуудын төрийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн тав дахь Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа юм.

Тус компани “Эрдэнэс Таван толгой” ХК 100 хувь, “Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 51 хувь, “Шивээ Овоо” ХК-ийн 90 хувь, “Багануур” ХК-ийн  75 хувийг эзэмшдэг Монголын хамгийн том компани юм.

“Эрдэнэс Монгол” компанийн ирээдүйн стратеги нь компанийн засаглал, бүтцээ сайжруулж, Сингапурын төрийн өмчит “ТЕМАСЕК” компанийн загвараар хөгжиж, үндэсний томоохон корпораци болох юм. Үүний тооцоо судалгаа, бэлтгэл ажлууд хангагдсан гэдгийг Гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян онцолж байсан билээ.

Шинэ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хувьд уг ажлыг хэрэгжүүлж, “Эрдэнэс Монгол”-ыг олон улсын түвшний томоохон корпораци болгон хөгжүүлэх үүрэг ногдож байгаа юм.

 

Зураг