Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн асуудлыг хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болно гэв

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 10
iKon.MN
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт /2013.10.10/

Олон жилийн турш орон нутагт зохион байгуулсан “Адуучин” тэмцээнийг улсын хэмжээнийх болголоо. Монгол бахархал болсон адууны соёл, адуучин залуусын эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулахаар төлөвлөж Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж эхэллээ.

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт “Төсвөө шинэчилье” сэдвийн дор зохион байгуулсан. Засгийн газраас өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж асуулт хариулт өрнөж байна хэмээн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудын талаар ярилаа.

Монгол Улсын төсөв 2011 онд 2 их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үүнээс хойш төсвийн зарлага байнга  өсөж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар зүрх, сэтгэл гаргаж төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан.

Ирэх онд 7,4 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог хийсэн ч 7,2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. 2013 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд УИХ-д өргөн барина.

Төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа үйлдэлд хэвлэлийнхнийг хяналт тавьж ажиллахыг зөвлөлөө

Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлийн барилга 17 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхэлсэн ч өнөөдөр 31 тэрбум төгрөг болчихоод байна. Зэргэлдээ гурван суманд сургууль барихад барилга тус бүр тэрбум төгрөгийн зөрүүтэй болжээ. Энэчлэн тэрбум төгрөгийн нарийвчлалтай болсон жишээ олон байна.

Ийм замбараагүй байдлыг цэгцэлж, төсөв зардлаа хянах бололцоо байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа ийм үйлдэлд хяналт тавьж ажиллахыг зөвлөлөө.

Үүний дараагаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлаар “Шүүхээр энэ асуудлыг шийднэ” гэсэн товч хариулт өглөө.  

Мөн Оюутолгойн хэлэлцээр даваа гарагт Монголд үргэлжлэх байсан ч хаана, ямар хэлэлцээр болж байгаа нь мэдэгдэхгүй, мэдээлэл бүрхэг байгаа гэсэн асуултад “Энэ долоо хоногт уулзалт болохгүй. Ирэх долоо хоногийн эхээр Лондонгоос хэлэлцээр хийх хүмүүс ирнэ. Харин энэ долоо хоногт бэлтгэл ажил хангах хүмүүс ирсэн. Лондонд 30 асуудал шийдэх байснаас 15-ыг шийдсэн. Одоо үлдсэн асуудлыг хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болно" гэв. 

Өнгөрсөн долоо хоногт А.Мурат тэргүүтэй АН-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, ҮЗХ хуралдуулах товыг зарлахыг шаардсан. Энэ талаар Ерөнхий сайд жигүүрийн гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, ярилцана гэлээ.