ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Рублийн ханш долларын эсрэг 45.1%-иар суларчээ

Б.Ану
2015 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн валютын зах зээлд евро, иен, рубль зэрэг голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байна. 

Тухайлбал, сүүлийн зургаан сард еврогийн ханш долларын эсрэг 12.4%-иар суларсан бол рубль 45.1%- иар, иен 15.5%-иар суларчээ.

Монгол төгрөг гэхэд сүүлийн зургаан сард ам.долларын эсрэг 3.5 хувиар тус тус суларсан байна.
    
Харин сүүлийн гурван сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 35.5%-иар суларсан бол иен 9.1%, евро 5.3%, төгрөг 2.8%-иар тус тус суларсан байна.

 

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРАХ БОЛСОН ШАЛТГААН 

АНУ-ын эдийн засгийн ДНБ-ий өсөлт гуравдугаар улирлын байдлаар 2003 оноос хойшх хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, жилийн 5.0%-иар өссөн байна. 

Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрүүл мэнд улам сайжирч, сүүлийн найман сарын турш дараалан сар бүр дор хаяж 200 мянган ажлын байр шинээр нэмсэнээр ажилгүйдлийн түвшин 5.8%-д хүрээд байгаа юм.

Холбооны нөөцийн банкнаас ажилгүйдлийг 6.5%-иас доош түвшинд байлгах зорилтондоо хүрч, инфляциас сэрэмжлэх цэгт хүрсэн гэж үзсэн тул сар бүр үнэт цаас худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн бодит салбарыг дэмжиж байснаа 2014 оны аравдугаар сард бүрэн зогсоож, улмаар 2015 оны эхний хагаст бодлогын хүүгээ ч нэмэгдүүлж магадгүй болсон билээ. Энэ нь ам.долларын ханш дэлхийн бусад голлох валютын эсрэг чангарахад нөлөөлсөөр байна.

Үүний сацуу дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ огцом буурч, тэрхүү буурсан түвшингээ 2015 онд хадгалах хандлагатай болсон, хөгжиж буй орнуудаас валютын урсгал гадагшилж, хөгжсөн орнуудыг чиглэх үзэгдэл үргэлжилсээр байна.

 Азийн бүс нутагт хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байгаа зэргээс түүхий эдийн экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалтаас хамаарал ихтэй улсуудын эдийн засгийн үндэсний валютын ханш ам.долларын эсрэг суларч байгаа хандлага үргэлжилсээр байгаа юм.

Японы төв банк болон засгийн газраас сүүлийн хоёр жил орчмын турш хэрэгжүүлж буй мөнгө, сангийн эрчимтэй тэлэх бодлогын нөлөөгөөр ам.долларын ханш иенийн эсрэг огцом чангарч байгаа бол дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан, ялангуяа нефтийн үнэ сүүлийн 6-н сарын туршид 52%-иар буурч, нэг баррелийн үнэ 52 ам.долларт хүрээд байгаа, барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй уялдан ам.долларын ханш рублийн эсрэг эрс чангарах хандлага үргэлжилж байна.

Эх сурвалж: Олон улсын төлбөр тооцооны банк / Bank for International Settlements/, Bloomberg