Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

МСҮТ-д суралцагсдад олгодог сургалтын тэтгэлгийг 70 мянган төгрөг болгоно гэв

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 10
iKon.MN

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айллчал хийж буй тул нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалав.

УИХ-ын чуулганы хуралдаан /2013.10.10/

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.

Ерөнхий сайд хэлэхдээ, ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн хөөсрөлийг аль болохоор арилгах, гажуудлыг засахыг хичээсэн. 2000 онд манай улс нийтдээ 430 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2013 онд 7.4 их наяд болж өссөн байна, төсвийн өсөлтийг дагаад төсвийн зарлага ч их өссөн. Тухайлахад урсгал засвар, эд хогшил худалдан авах, гадаад дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөний зардал гээд бараа, үйлчилгээний зардлууд 2000 оныхоос 9 дахин, зөвхөн урсгал зардал 11 дахин өсчээ.

Гэхдээ ирэх онд бүхнийг танах, хасах гэхгүйгээр нэмэх, анхаарах зүйл ч бас бий, үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зохих хэмжээгээр нэмэхээр 200 орчим тэрбум төгрөг нөөцөлсөн байгаа. Хүүхдэд олгодог 20 мянган төгрөг, оюутны тэтгэлгийг үргэлжлүүлж олгоно, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад олгодог сургалтын тэтгэлгийг 70 мянган төгрөг болгоно. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ, шинэ хөрөнгө оруулалттай уялдаж санхүүжилт нэмэгдэж байгаа, энэ бүгдэд нийтдээ 450 орчим тэрбум зарцуулахаар төлөвлөсөн гэлээ.

Мөн төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг байнга нэмэгддэг, ашиглалтад оруулж чадахгүй олон жил дамнаж үргүй зардал гаргадаг талаар тодорхой баримт дурдаж хэллээ. Тухайлбал,  зөвхөн барилга дээр л гэхэд 12 мянган ажил, ажилбараар төсөвт өртгийг зохиодог нь үндэслэлгүйгээр өртөг өсгөдөг нэг арга болж байгааг шүүмжиллээ. 

2014 оны төсвийн тухай хуулийн талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.

Төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг хэт өндөр, үнийн зөрүү их байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга 4.5 тэрбум, 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөгөөр босохоор байгаа аж. Суманд барих 200 суудалтай соёлын төвийн барилга гэхэд 600-700 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бол одоо 1.5-2 тэрбум төгрөгийн өртгийн зөрүүтэй, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2.6 тэрбум болсон байна. Энэ бүхнээс болоод төсвийн дахин үнэлгээ хийх болсонтой холбоотойгоор 272 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болжээ. Энэ нь бага сургууль, цэцэрлэгийн 123 цогцолбор барих хөрөнгө юм.

Зөвхөн 2013 оны төсвийн хуульд туссан тооноос үзэхэд ганцхан жилийн дотор 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2014 онд 30-60 хувиар нэмэгдэхээр байна. 2013 онд 284 объект барихад 18 тэрбум төгрөгөөр барилгын зураг хийлгэжээ. Иймээс энэ гажуудлыг засахын тулд Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн яамд ярилцаад 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нэг маягийн жишиг зураг хийлгэснээр зургийн зардалд 6 тэрбум төгрөг зарах тооцоо гарч байна гэв.

Ирэх онд боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байхаар баталсан.

Гэвч энэ оны төсвийн орлогын гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, улс орны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 865 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 405 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 7 их наяд 275.1 тэрбум төгрөг болж 411.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч, төсвийн нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьдаа багтахаар байна гэдгийг танилцууллаа.

 

Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авсанаар үдээс өмнөх чуулган өндөрлөлөө.

Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхэлж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаархи гишүүдийн асуулт үргэлжилнэ.