ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Бат-Эрдэнэ: Ирэх онд хүүхдийн эмч бэлтгэх эрчимжүүлсэн сургалтаар чанартай мэргэжилтэн бэлтгэнэ

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ирэх онд ашиглалтанд орох 150 ортой хүүхдийн эмнэлгийн эмч, ажилчдын бүртгэл явагдаж байгаа юм байна. Эмч, ажилчдаа ямар шалгуураар сонгож байгаа вэ? 

-Засгийн газрын шийдвэрийн дагуу 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн салбарт нэг дор багагүй ажлын байр бий болох боломжтой болж байна.

Дарга, эмч, сувилагч, асрагч, харуул хамгаалалт гээд бүгдийг тооцож үзэхэд ойролцоогоор 200 орчим ажлын байр шинээр бий болох гэж байна. Энэ дотроо 35 орчим эмч, 50-60 орчим сувилагч ажиллана гэсэн тооцоо гаргаад байна.

Яг мэргэжлийн хүүхдийн эмч бэлтгэхэд урт хугацааны сургалт хэрэгтэй байдаг л даа.

 Хүүхдийн эмч болсны дараагаар ахиад нэг жил нарийн мэргэжлээр сурна.

Анагаахын сургуульд зургаан жил суралцаж төгссөний дараа хоёр жил анхан шатлалд ажиллаад хоёр жил хүүхдийн эмчийн дахин сургалтад сурна.

Ингээд хүүхдийн эмч болсны дараагаар ахиад нэг жил нарийн мэргэжлээр сурна. Их урт хугацааны турш суралцдаг өвөрмөц чиглэл юм.

Тийм ч учраас сүүлийн үед энэ чиглэлээр сонирхож суралцагсад нь багасаад байгаа. Хуучнаар “Анагаах ухааны их сургууль” гэж байхад анхнаас нь хүүхдийн эмчээр сургаад шууд хүүхдийн эмч болгоод төгсгөдөг сургалт байсан ч тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дан ерөнхий эмчээр төгсөөд дараа нь мэргэшдэг болсон.

Харин “Ач” анагаах ухааны их сургууль нэгдүгээр курсээсээ хүүхдийн эмч бэлдэж эхлээд байгаа нь давуу тал юм. Мэргэжилтэн шалгаруулж авах зар тавьснаас хойш дөрөв тав хонож байна.

Одоогийн байдлаар зургаан эмч, нэг сувилагч бүртгүүлсэн. Цаашдаа сурталчилгаагаа илүү хүртээмжтэй болгож олон хүнийг хамруулах тал дээр анхаарч байна.

Улсын хэмжээнд хүүхдийн эмчийн мэргэжлээр ажиллаж байгаа 577 эмч байгаагийн 321 нь нийслэлд ажиллаж байгаа гэсэн статистикийн судалгаа байна. Тэгэхээр яг ажиллаж байгаа эмч нарыг биш ажилгүй байгаа, дөнгөж сургуулиа төгссөн залуучуудыг хамруулах шаардлагатай.

Саяхан Нийслэлийн иргэдийн хурлаас энэ эмнэлгээс гадна хоёр эмнэлэг шинээр байгуулах шийдвэр гаргалаа. Үүний дагуу эрүүл мэндийн яамнаас ирэх онд хүүхдийн эмч бэлтгэх эрчимжүүлсэн сургалтаар чанартай мэргэжилтэн бэлтгэхийг үүрэг болгосон.

Бид уг сургалтаар ерөнхий мэргэжлийн эмчээс хүүхдийн эмч, хүүхдийн эмчээс нарийн мэргэжлийн эмч бэлтгэх зорилго тавиад ажиллаж байна. 

-Эрүүл мэндийн салбар багагүй хэл аманд өртдөг. Хүнд суртал ихтэй, олон шат дамжлагатай гэх мэт. Энэ дутагдлыг арилгахын тулд давын өмнө ямар ажлууд хийж байгаа вэ?

-Олон хүнтэй ойрхон ажилладаг салбар учраас байнга хэл ам дагуулдаг л даа. Ялангуяа өвчин зовлонтой хүмүүстэй ажиллаж байгаа хүний үг, үйлдэл бүхэн хүмүүсийн хараа хяналтанд байдаг.

Өвдөж зовсон үед нь хайхрахгүй, сэтгэл гаргахүй байгаа нь өвчтөнд шууд мэдрэгддэг. Ингэснээс болоод хүнд сурталтай, удаан, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байна гэсэн гомдлууд гардаг. Ийм дутагдлууд байгаа нь үнэн.

Ирэх оноос эхлээд энэ бүх алдаа дутагдлыг нийтийн хяналтаар шийдвэрлэдэг тогтолцоонд шилжиж ажиллахаар болсон.

Өвдөж зовсон үед нь хайхрахгүй, сэтгэл гаргахүй байгаа нь өвчтөнд шууд мэдрэгддэг. 

Тухайн хүн гомдлоо эмнэлгийн даргад биш өөрт нь хэлдэг тогтолцоо байх шаардлагтай байгаа юм.

Одоо хэрэгжих гэж байгаа “Шилэн дансны хууль”-иар ямар нэгэн төрийн байгууллагын санхүү хариуцаж байгаа албан тушаалтан иргэдийн хяналтанд орж байгаа учраас буруу зөрүү юм хийх боломжгүй болж байна.

Яг үүнтэй адилхан эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг иргэдээр дүгнүүлдэг болох шаардлагатай . Бид ирэх онд эмнэлгийн ажилтан албан хаагчдыг цахим бүртгэлтэй болгохыг зорьж байна. Эмч, мэргэжилтэн болгоныг кодтой болгоод түүнийг нь цахим санд бүртгүүлэхээр тэр хүний бүх асуудлыг хянах боломжтой болно.

Ингэснээр иргэд санал гомдлоо цахим санд байршуулж, түүнээс нь бид кодынх нь дагуу шалгаад хэн ямар дутагдал гаргасныг мэдэх боломжтой болж байна гэсэн үг. Хэрвээ алдаа дутагдал гаргасан нь нотлогдвол эхний удаа сануулаад, дахин давтагдвал эмчлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах тийм тогтолцоонд шилжих бэлтгэл ажил хийгдээд явж байна. 

-“Эрүүл мэндийн хөгжлийн төв” гэдэг энэ байгууллагаас энэ жил хийсэн гол ажил юу байв?

-Манай байгууллагын хувьд эрүүл мэндийн салбарын бүх төрлийн судалгаа хийдэг. Анхан шатнаас эхлээд л явна шүү дээ. Энэ жилийн судалгаанаас харахад авч байгаа санхүүжилтнийхээ хирээр үзүүлж буй үйлчилгээ, үр дүн нь иргэдийн сэтгэлд хүрэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Эрүүл мэндийн салбарт санхүүжилт бага байгаа нь үнэн, гэхдээ өгч байгаа түвшин бага байна гээд муу ажиллаж болохгүй. Бид нар бусад төрийн албан хаагчдын л адил цалингаа тогтмол аваад, дулаан байранд ажиллаад, дулаан цахилгаанаа улсаар төлүүлээд явж байгаа. Гэвч ингээд ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж бага байна л даа. Тодорхой жишээ нь өрхийн эмнэлэг байна.

Нэг өрхийн эмнэлгийн жилийн төсөв нь 150-200 сая төгрөг. Энэ мөнгөний ихэнхи хувь буюу 60-70 хувь нь ажилчдын цалинд зарцуулагдаж байгаа.

Эмчид өвчтөн хандсан асуудлыг нь бүрэн шийдвэрлэж өгдөг байхыг шаардана

Тэгэхээр энэ зардлыг тооцож үзвэл үйлчлүүлэгч маань дахин өөр эмнэлэгт хандалгүйгээр асуудлаа шийдэх бүрэн боломж байгаа нь харагдаад байна.

Гэтэл нэгдэх асуудал нь өрхийн эмнэлэгт очдог хүн бага, хоёрт хангалттай үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Нэг эм бичиж өгөөд ч юмуу эсвэл шинжилгээ хийлгээд нарийн мэргэжлийн эмчид ханд гээд явуулчихдаг.

Цаашид яах вэ гэхээр ямар ч эмчид өвчтөн хандсан асуудлыг нь бүрэн шийдвэрлэж өгдөг байхыг шаардана. Өрхийн эмнэлгийн эмч гэхээр муу, гуравдугаар эмнэлгийн эмч гэхээр сайн гэсэн тогтолцоо байх ёсгүй. Ингэснээр шат дамжлага нь ч багасна. Мэдээж энэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд ихээхэн хүчин зүтгэл хэрэгтэй л дээ. 

-Зөвхөн Нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай байдаг? 

-Хөдөөд асуудалтай байдаг нэг зүйл нь эмнэлгийн хүчин чадлын асуудал. Эмнэлэг нь оочир дараалал ихтэй, орны хүрэлцээ муу байгаагаас болоод үйлчлүүлэгчид хот руу ирж эмчлүүлэх шаардлагатай болдог.

Орон нутагт байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, шилжилт хөдөлгөөнийг багасгах олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа.

Нэг сараас эхлээд бүсийн сургалтын төвүүдийг байгуулах чиглэлэээр эрчимтэй үйл ажиллагаа явуулна. Дархан-Уул аймагт бүсийн сургалтын төв байгуулахаар тохиролцоод гэрээгээ хийгээд Солонгосоос хөрөнгө оруулалт авахаар болсон.

Тэнд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн хойд талын сумдын эмч нар нарийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдах боломж бүрдэх юм. Дараа нь Өвөрхангай аймагт төвийн бүсийн сургалтын төв байгуулна.

  • Архангай,
     
  • Өвөрхангай,
     
  • Баян-хонгор,
     
  • Булган,Өмнөговь,
     
  • Дундговь аймгуудын эмч, мэргэжилтэнүүд энд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдана.

Мөн ур чадвартай багш мэргэжилтэнүүд очиж лекц уншиж семинар зохион байгуулна. Ингэснээр орон нутгийн эмнэлгийн үйлчилгээ сэргэнэ гэж найдаж байна даа. 

Зураг