МУИС-ийн номын сангийн Байгалийн ухааны уншлагын танхим болон Гадаад номын уншлагын танхим чөлөөт сонголттой болжээ. Энэхүү танхимын нээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд боллоо.
МУИС-ийн номын сан улсдаа дээгүүр орох 400 мянга гаруй номын фондтой, 20-30 мянган байнгын үйлчлүүлэгчтэй том номын сан ажээ.
Тиймээс энэ номын сангийн үйлчилгээ өөрөө орчин үеийн шаардлагад нийцсэн, уншигчдын эрх ашиг, эрэлт хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой гэж үзсэний үндсэн дээр тус сургуулийн захиргаанаас ийнхүү шинэчлэл хийжээ.
Чөлөөт сонголттой уншлагын танхимтай болсны ачаар номын сангийн үйлчилгээ түргэн шуурхай болж, зарцуулдаг цаг хугацааг хэмнэж байгаа юм байна.
Энэхүү үйлчилгээг бий болгохын тулд бүх номыг цахилгаан мэдрэмжтэй болгож, эн тэргүүний хэрэгцээтэй номыг чөлөөт сонголттой болгож, мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн ажээ.
Тус үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд, ахмад номын санчид, оюутнуудын төлөөлөл оролцлоо.
Цаашид тус сургуулийн номын санг дэлхийн стандартад нийцсэн болгохын тулд олон ажлыг үе шаттайгаар хийнэ гэв.
МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн
-Өнөөдөр Байгалийн ухааны уншлагын танхим, Гадаад номын уншлагын танхимыг чөлөөт сонголттой болголоо. Хамгийн их ачаалалтай Нийгмийн ухааны уншлагын танхимыг чөлөөт сонголттой болгох уу?
-Цаашид бид нийгмийн ухааны уншлагын танхимыг чөлөөт сонголттой болгох тал дээр ажиллана. Гэхдээ хийх ажил багагүй учир яг хэзээ гэдгийг хэлэхэд хэцүү байна.
-Чөлөөт сонголттой болсноор ямар давуу тал бий болж байна?
-Юуны өмнө оюутнууд өөрөө өөртөө үйлчилж хүссэн номоо авах боломжтой. Мөн нэг дор 5-6 ном авч болно. МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлэх нь элбэг байдаг. Энэ нь улам л нэмэгдэх болов уу.
МУИС-ийн оюутан, магистрант М.Батсайхан
-Сургуулийнхаа номын сангийн ном бүрдүүлэлт, сонголтын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Ерөнхийдөө сайн байдаг. Урд нь арван жилд байхдаа Д.Нацагдоржийн номын сангаар үйлчлүүлдэг байсан бол одоо их сургуульд ороод сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлдэг болсон. Хайсан номынхоо наян хувийг олдог гэж хэлж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!