Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

34 хувь тойрсон дуулиан юунд хүргэх бол

Н.Пунцагболд
2014 оны 11 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

-34 хувийг 34 хувийн татвар болгоё-

Оюутолгой ажиллаад эхэлбэл Мон­го­лын ард түмний амьдрал дээ­шилж, ажил хийх шаардлагагүй бо­лох нь гэж мөн ч их мөрөөдсөн дөө.  Гэвч монголчуудын хүсэн хүлээж байсан шиг үр дүн гараагүй нь харамсалтай. Өнөөд­рийг болтол гараагүй хэвээр байна.  Магад­гүй Өмнөговийн иргэдэд бага сага мэд­рэгд­сэн байж магадгүй юм. Харин бу­сад иргэд ердөө л Оюутолгойн талаарх хэ­рүүл маргаанаас өөр юм олж сонсч, до­лоосон бил үү.  

Дэлхийг тэжээх тэр том ор­дын үр шимийг үзэхээсээ урьтаад өрөнд орж, гадны бизнесмэнүүдийн халаасыг түн­тийлгээд дууслаа, бид. Олон хүн Оюу­толгойн асуудлыг удаа дараа сөхөж бай­гаагаас энэ бүхэн харагдана. Харин төр за­саг энэ асуудалд анхаарал хандуулах зав­гүй л яваа гэх. 

Тэд ердөө л 34 хувиа зарах асуудлыг ярьж, Оюутолгойг одоо гацаанаас гаргах цаг нь болсон гэж шоудахаас өөрөөр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Энэ талаар С.Ганбаатар гишүүн энэ оны дөрөвдүгээр сард сэтгүүлчдэд мэдэгдсэн байдаг. Гэвч асуудал тодорхой болохгүй байсаар өнөөд­рийг хүрэв. Сайн нууцалсан гэсэн үг л дээ. Түүнчлэн, татвартай холбоотой таагүй мэдээлэл гарч эхэллээ.

Хувь ний­лүү­лэгч­дийн гэрээнд зааснаар бид 34 хувиа өртэй, бас хүүтэйгээр ху­далдаж авсан. 

Тодруулбал, 2015 оны тө­сөвт уул, уурхайн сал­ба­раас нийт 1.1 их наяд төг­рөг төвлөрүүлэхээр тө­лөв­лөөд бай­гаа. Үүний 70 ор­­чим хувийг “Оюутолгой” бо­лон “Эрдэнэт” үйлд­­­вэрээс төв­лө­рүүлэхээр Сан­гийн яам тоо­цоолжээ.

Тухайлбал, ирэх онд “Оюутолгой” 819 мян­ган тонн зэс-алтны баяжмал экс­пор­­­­толж, 324 тэрбум төгрөгийн  тат­варын орлого төвлөрүүлэх аж.  Харин “Эрдэнэт” үйлдвэр 590 мянган тонн зэс-молибдений баяж­мал экспортолж 448 тэр­бум төгрөгийг татварт төлөх юм байна. 

Оюутолгойгоос орж ир­нэ гэж тооцож байгаа тат­ва­рын орлого нь Эрдэнэтээс бага бай­гааг уншигч та ойл­госон болов уу. Өнөөх л 34 хувьтай хол­боотой асуу­дал шүү дээ. Яагаад ийм байгаа талаар С.Ганбаатар гишүүн өчиг­дөр хийсэн хэвлэлийн хур­лын­хаа үеэр то­дорхой ха­риулт өгчихлөө. 

Тэр­бээр  “Оюутол­гой Монголд үйл ажил­лагаа явуулаад бүх зүйл ном ёсоороо явж байгаа. Өн­гөр­сөн жил 600 мянган тонн зэс­гийн баяжмал, 0.6 тонн алт, 200 тонн мөнгө гарсан. Энэ бол төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Энэ жил 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 32 тонн мөнгө гарна гэж төлөвлөж байна. БНХАУ-аас цахилгаан ав­даг. Хятадын ком­пани өөрийн­­хөө хийсэн хө­рөн­гө оруу­лал­тыг зургаан сарын до­тор нөхсөн. 

Монголтой хол­боо­­той бүх мөнгөнүүдээ ха­раар зурсан, өөрөөр хэлбэл нууц байна. Холбогдох албан ту­шаалт­наас үүнийг тодруулж асуух гэж  хэвлэлийн хурлыг хийж байгаа юм. Сүүлийн үед тус компанийн Монголын та­лын эзэмшил болох 34 хувийг ху­далдах тухай яригдах болсон нь байж боломгүй асуудал. Гэ­рээ байгуулагдаж байх үед Оюу­толгойд эзэмших хувийг асар өндөр хүүтэй өр зээлээр авч бай­гааг баялгийн эзэн мон­голчууд мэдээгүй. Харин бүх баялгийн 34 хувийг шууд эзэм­ших буюу 34 хувийн роял­тийн татвар авах нь гэж ойл­гож байсан. 

Гэтэл хувь ний­лүү­лэгч­дийн гэрээнд зааснаар бид 34 хувиа өртэй, бас хүүтэйгээр ху­далдаж авсан. Бидэнд та­ван хувийн л татвар төлөөд 751.2 сая ам.долларын зээл ол­госон. Үүний хүү нь 153.7 сая ам.долларын хүү таван жилийн ху­га­цаанд ху­раагдсан. Тэгэхээр бид 8.3 тэрбум ам.дол­ларын өрөнд орчихсон байна. Иймээс Мон­голын тал өөрт ногдох 34 хувийг худалдахад хүр­вэл роял­ти татварын хэмжээг 34 хувь болгох хэрэгтэй. 

Үүнээс өөр тохиолдолд 34 хувийн тухай яриа байж болохгүй” хэмээсэн юм. Түүний хэлж байгаагаар бол бид Оюутолгойгоос татвар гэхээр ч юм авч чадахгүй нь байна. Дээрээс нь баахан өртэй л сууж байна шүү дээ. Тиймээс 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн роялтийн татвар авах асуудлыг яаралтай шийдэх цаг болсон байна. УИХ-ын ги­шүүн С.Ганбаатар мэдээлэл хий­хээс өмнө өчигдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай мөн л Оюу­толгойтой холбоотой асуудлаар хэв­лэлд ярилцлага өгч,  хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг өөрчлөх шаардлагатай гэдгийг онцолж ярьжээ. 

Тэрбээр  “Одоо­гийн хөрөнгө оруулалтын гэ­рээний нөхцөлөө өөрчлөхгүй бол Оюутолгойтой холбоотой асуу­дал, хэрүүл маргаан 20, 30, цааш­лаад 50 жил ч тасралтгүй үргэлжилнэ. Учир нь, хөрөнгө оруу­лагчийн  сонирхол аль бо­лох өр­төг, хөрөнгө оруулалтаа нэмж, ашгаа багасгаж, Монго­лын талд ногдох ашгийн тат­вар бо­лон хувьцааны ног­дол аш­гийг бага байлгах зорилго­той ажил­лаж байгаа. Энэ нь өөрөө шударга хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, сонирхол биш. 

Тэгэхээр хөрөнгө оруулалт, өр­төг зардал гэж хэрүүл хийхээ больж хө­рөнгө оруулалтын гэ­рээнд л өөрчлөлт оруулах хэ­рэгтэй. Гэ­рээнд ганцхан л өөрчлөлт хийх шаардлага бай­гаа. Татвар, хувь­цаа гэдэг асууд­лаа орхиж одоо­гийн да­гаж мөрдөж байгаа хуу­лийн дагуу манайд орж ирэх ёс­­­той татвар, орлогоо шууд бор­луулал­­тын орлогоос авах хэ­рэг­тэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн бор­­луулалтын орлогоос Мон­гол Улс ногдол ашгаа авдаг бо­лох хэрэгтэй. 

Зарчмын хувьд үүнийг л шийдэх ёстой. Үүнийг ший­дээгүй нөхцөлд хөрөнгө оруулалт, өртөг, зардал ямар байх вэ гэсэн хэрүүл үргэлжилж, асуу­дал ч шийдэгдэхгүй. Хэр­хэн шийдэх үндсэн аргаа олж ча­дах­гүй байгаагаас төсөл нь ч урагшлахгүй, хоёр жил га­цаанд байна шүү дээ” гэв. Ерөөс эдийн засаг мэддэг, уул уур­хайн талаар гадарладаг хүмүүс бор­луулалтын орлогоос татвар авах нь хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа юм. 

“Манайх эхнээсээ л 34 хувийг эзэмшинэ энэ тэр гэсэн балай гэрээ бай­гуулахын оронд зүгээр татвараа өн­дөр тавьчихаад сууж байх бай­сан юм. Бүх орлого, зар­лага нь тодорхой байгаа юм чинь татвараа тооцоод л ав­чихна. Тэрэн шиг амархан юм байхгүй” гэж ярих уул уул уур­хайн компанийн захиралтай ч таарч байлаа.  

Үнэхээр энэ хувилбар хамгийн ашигтай юм бол өөрчлөх асуудлыг хөндөөд үзвэл яасан юм бэ. Д.Содном гуай хүртэл гэрээнд өөрчлөлт оруу­лах хэрэгтэй гэдгийг хэлж, ярьсан байна. Тэгэхээр огт бо­ломжгүй зүйл биш гэсэн үг.  34 хувиа 34 хувийн татвар бол­гочихвол яасан юм.  Болдог бол түү­нээс өндөр ч татвар авсан яах вэ дээ. Үнэхээр л Монголд ашигтай гэвэл.  Монголын засаг төрийг барьж байгаа нөхдүүд үнэ­хээр улс орноо боддог бол энэ хувилбарыг барьж аваад, ший­дээд явах л ёстой.  

Учир на­чир сайн мэддэг Д.Содном гуай гэрээ өөрчлөх боломж бай­гаа талаар ярьсан байхад төр засгийнхан яагаад хөдөлж бо­лохгүй гэж. Монголын ир­гэд байгалийн баялгаа ашиг­лаад, Арабын Эмират шиг амь­дардаггүй юмаа гэхэд нэн ядуу байд­лаасаа гарах цаг болсон биз дээ. Оюутолгойн бантан үүгээр дуусахгүй. Г.Уянга ги­шүүн мөн л тун ноцтой гэж хэлж болохуйц баримтуудыг дэл­гэж тавьсан юм. 

Мөнгө бол­гоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж бай­гаа өр.

Тэрбээр, “Оую­толгой төслийн үйл ажил­лагаатай холбоотойгоор САП бүрт­гэлийн системд 42-46-аар эхэлсэн дансуудад зардлаар бүртгэгдсэн гадны үйлчилгээ, бусад үйлчилгээ, гэрээт ажил, байр хангамж, түрээсийн зар­дал, гишүүнчлэлийн төлбөр ху­раамж, эмнэлгийн үйлчилгээ, аял­лын зардал зэрэг утгатай зард­лын гүйлгээг гурван оноор ерөн­хий журналын бүртгэлд үн­дэслэн шалгахад Оюутолгой тө­сөлд шууд хамааралгүй зард­лууд бүртгэгдсэн байна. 

Ту­хайлбал, Рио Тинто болон Айвен­хоу группийн гишүүн ком­­паниудын удирдлагуудын зард­­лууд,Оюу­тол­гой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани. Уг ком­панийн талаар дараа­гийн ба­римтад дурьдах бол­но/ ажилч­­дын:

  • Хятадад төл­сөн орон сууц­ны түрээс, эмнэл­гийн үйл­чил­гээ
     
  • Роберт Фрийдлан­дын ху­вийн орон сууцны түрээс, эмнэл­гийн үйлчилгээний зард­лууд
     
  • Маурин Сюгийн орон сууц­ны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зу­гаал­га, нислэгийн тийз
     
  • Хя­тадын татвар, бусдад өгсөн бэ­лэг, хандив
     
  • Шанхайн оффист гар­сан Стийв Гарсиагийн зард­лууд
     
  • Ванкуверт агуулахын тү­рээс, ажилтан элсүүлэх зардал, дай­ны эрсдлийн даатгал
     
  • Рио Тинтогоос томилогдсон Г.Бат­сүхийн Бээжин дэх орон сууцны тү­рээс, түүний аялалын зардал, амь даатгал зэрэг нийт 214.4 сая ам.долларын зардал нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ” зэрэг фактуудыг нь дэлгэн тавьсан нь тухайн үедээ мөн л шуугиан тарьж байв.

Хамгийн гол нь энэхүү баримтад дурь­дагдаж байгаа мөнгө бол­гоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж бай­гаа өр гэдгийг мөн са­нуулсан юм. Ийм байхад бид 34 хувиа зараад, 34 хувийн татвар бол­госон хавьгүй дээр биз дээ.

Оюутолгойгоо олборлож баяжих мөрөөдлөө одоо орхиж, тат­­вар болгож өөрчлөн хэдэн төг­рөг салгахаа л ярих хэрэгтэй бол­чихлоо.

Зураг