ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орсон"

Ж.Отгонмягмар
2013 оны 10 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа шинэчлэгджээ. Энэ талаар  БШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сур­гуулийн хичээлийн жи­лийн бүтэц, сургалтын төлөв­лө­гөөг шинэчлэн гар­га­сан гэсэн. Энэ талаар тод­руулаач? 

-Өнгөрсөн наймдугаар сард сургалтын шинэчлэлийн төлөв­лөгөө, хичээлийн жилийн бүтцийг баталсан сайдын тушаал гарсан. Уг тушаа­лаар 1-10 дугаар ангийн сургал­тын төлөвлөгөө, ердийн сур­гуулийн болон тусгай сур­гуулийн суралцагчдын сур­гал­тын төлөвлөгөөг гарга­сан.

Ердийн сургуулийн сур­гал­тын төлөвлөгөөг бүх ерөн­хий боловсролын сур­гууль да­гаж мөрдөнө. Харин тусгай сур­гуулийнх гурван чиг­лэ­лээр гарсан. Тодруулбал, харааны, сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй гэсэн гурван чиглэлийн суралцагсад сурах сургалтын төлөвлөгөөг батлан гаргасан юм. Түүнчлэн хос хэлний сургуулийн төлөвлөгөө ч мөн батлагдсан байгаа.

-Энэ хичээлийн жилийн бүтцэд ямар өөрчлөлт орсон бэ. Шинэчлэгдсэн бүтэц цаашид мөрдөгдөх үү?

-Сургалтын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор өнгөрсөн хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдсөн. Өнгөрсөн жилд нэг болон гуравдугаар улирлын амралт харьцангуй богино, хоёрдугаар улирлын амралтыг нэлээн урт хугацаагаар буюу дөрвөн долоо хоног амрааж байсан. Энэ жилээс эхлээд арай өөр байдлаар амраахаар болсон. Цаашид ч мөрдөгдөөд явна.

Тодруулбал, хүүхдүүд маань нэгдүгээр улиралд бага ангийн буюу 1-2 дугаар ангийн хүүхдүүд хоёр долоо хоног амарна. Гурваас дээш ангийн хүүхдүүдийг нэг долоо хоног амраахаар болсон. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн хүүхдүүд дөрвөн долоо хоног, дунд ангиуд гурван долоо хоног, ахлах ангийн хүүхдүүд хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улирлын амралтаар 1-12 дугаар ангийн хүүхүүд бүгд хоёр долоо хоног амрах бол дөрөвдүгээр улирлын амралтаар 1-12 дугаар ангийн хүүхдүүд бүгд хоёр долоо хоног амрахаар зохицуулж өгсөн. 

-Сурагчдын амралтад цаг хугацааны хувьд өөрчлөлт орсон уу. Эхний амралт хэзээ эхлэх вэ?

-1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо хоног амрах юм. Тиймээс 1-2 дугаар ангийн хүүхдүүд энэ сарын сүүлийн долоо хоног болон ирэх сарын эхний долоо хоногт амарна. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амарна. Тиймээс ирэх сарын эхний долоо хоногт амрах юм. 

-Хөдөө орон нутгийн сургуулиуд ч гэсэн нийслэлийн сургуулиудтай адилхан амрах уу?

-Амралтын хуваарийг улс орон даяар дагаж мөрдөнө. Хөдөө орон нутгийн хувьд цаг агаарын байдлаас шалтгаалаад амралтын хуваарь өөрчлөгдөх тохиолдол байдаг. Тиймээс хөдөө орон нутгаас ирсэн санал хүсэлтийг тухайн үед нь зохицуулах арга хэмжээ авна. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд цаг агаар болон тухайн орон нутгийн байдлаас шалтгаалаад өөр амралтын хуваарийн дагуу амарч байсан.

Зураг