Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү албанд томилогдсон цагаасаа хийж, хэрэгжүүлэхээр зорьж ирсэн ажил хэргүүдийн нэг нь цэрэгт ирсэн хүн бүрийг Монголоороо, үүх түүхээрээ бахархдаг, үндэсний гэсэн бүхнээ дээдэлдэг, оюуны дархлаатай, жинхэнэ эх оронч болгон төлөвшүүлэхийг хичээж байгаа. Энэ ч үүднээс салбарын сайд өөрөөсөө хөрөнгө мөнгө гарган “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г 10 мянган хувиар хэвлүүлжээ.
Тэрбээр энэхүү номынхоо дээжээс цэрэг дайчдад бэлэглэсэн юм.
“Дэлхийн түүхийг мэдье гэвэл Монголын түүхийг мэд. Монголын түүхийг мэдье гэвэл цэргийн түүхийг нь мэд” хэмээх гайхамшигт үг оюун бодолд минь ямагт хадаатай явдаг юм. Үнэхээр үе үеийн монгол цэргийн баатарлаг замнал, монгол жанждын суу билэг, яруу алдар Монголын түүхийн амин ундарга, эх булаг нь болдог. Дэлхий дээр бидэн шиг гайхамшигтай, бас бахархалт түүхтэй үндэстэн тийм ч олон биш. Бид даян дэлхийд төрт ёсыг анхлан таниулсан үндэстэн. Бид даян дэлхийд дэг ёс тогтоож явсан өвөг дээдсийн үр сад, Их Богд Чингис хааны удам, хойч үеийнхэн. Бидний түүх-бидний бахархал, оршин тогтнохын үндэс болдог юм. Тиймээс монгол хүн бүр түүхээ юу юунаас ч илүү мэддэг байх ёстой.
Мэдэхийн тулд энэ ертөнц дээр өөр ямар ч улс үндэстэн бий болгож чадаагүй, ухаж ойлгож баршгүй онцгой гүн ухааныг бүтээн үр хойчдоо гэрээс сургаал, зарлиг болгон бичиглэн үлдээсэн “Монголын нууц товчоо”-г монгол хүн бүр, тэр тусмаа эр цэрэг, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн сайтар судлан, сэтгэлдээ хоногшуулан, оюун бодолдоо шингээж, утгыг тайлсан байх учиртай. Тиймээс морин хуураа айл өрх бүр хоймортоо дээдлэн залсан шигээ үүх, түүхийнхээ алтан судар болох “Монголын нууц товчоо”-гоо шүтэн дээдэлж, санаж сэрж яваасай хэмээн би чин сэтгэлийн угаасаа бодож, хүсч явдаг аа...

“Монголын нууц товчоо” хэмээх түүхийн алтан судрыг эх орныхоо түүхийг бүтээж, тусгаар тогтнолоо хамгаалан, яруу алдраа даян дэлхийд дуурсгаж яваа жавхаа хийморь төгс цэрэг, дайчиддаа үргэлж нандигнан авч явах үнэт өв тань байх болтугай хэмээн өргөн барьж байна.
Монголын язгуурын их гүн ухааныг хойч үедээ өвлүүлэн залгажлуулах нэр төртэй эрхэм үүргээ ямагт санаж явахад тань тус болох болтугай...” хэмээсэн Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн сэтгэлийн үгс бүхий өмнөтгөлтэй “Монголын нууц товчоо” нь өврийн ном болж, Монголын бүх цэргийн алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдад өнөөдрөөс эхлээд очиж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү албанд томилогдсон цагаасаа хийж, хэрэгжүүлэхээр зорьж ирсэн ажил хэргүүдийн нэг нь цэрэгт ирсэн хүн бүрийг Монголоороо, үүх түүхээрээ бахархдаг, үндэсний гэсэн бүхнээ дээдэлдэг, оюуны дархлаатай, жинхэнэ эх оронч болгон төлөвшүүлэхийг хичээж байгаа явдал юм. Тиймдээ ч, цэрэг нэг бүрийн халаасанд явж, оюунд үлдэх “Монголын нууц товчоо” номыг Зэвсэгт хүчний бүх дайчиддаа хүргэх өрнүүн ажлыг ийнхүү эхлүүлж, өнөөдөр энэхүү номын дээжийг эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд ирж, зэрэгцэн жагссан цэрэг дайчиддаа гардуулж байна.

Энэхүү өврийн номыг цэргийн алба хаагчид, хугацаат албаны цэрэг дайчдад гардуулах ажлын нээлт өнөөдөр Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу бидний нэрлэж заншсанаар “Хүндэт харуулын анги”-ийн жагсаалын талбайд боллоо.

Түүхт 90 жилийнхээ ойг удахгүй ёслон тэмдэглэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг ирэхэд тус ангийн захирагч, хурандаа Л.Батболд хүндэт харуулын хамт угтан авлаа.

Монгол цэргийн сүр жавхаа, эх түүхийн бахархал, омогшил, номын цагаан буян оршсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ мөн дуутай хуур, шүлэг найргаар хөглөгдсөн юм.

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пунцагийн Бадарч нэгэн цагт эгнэн жагсч, хийморь жавхаагаа тэгшлээж явсан армийнхаа энэхүү үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдаж, “Монголын нууц товчоо” бүтээл нь утга зохиолын үнэт өв болох талаар өгүүлж, өөрийн зохиосон “Монголын нууц товчоо” шүлгээр энэхүү номын буяныг мялаалаа.

Харин Их эзэн Чингисийн дэлхийн дайдыг эзэлсэн агуу байлдан дагуулалтын түүхийн нууцыг гагцхүү “Монголын нууц товчоо” хэмээн энэхүү түүхэн шаштирт өгүүлдэг тухай БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн хүүрнэсэн юм.
Мөн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Улаанбаатар цэргийн хүрээний захирагчид, хүндэт харуулын ангийн дайчин цэргүүд сайдынхаа бэлгийг хүндэтгэн хүлээн авсан юм. Сайдаасаа бэлэг бэлгийн дээд номыг эдийн дээд хадгийн хамт хүлээн авсан дайчдын нэг, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түрүүч Б.Гантулга “Монголын нууц товчоо” өврийн номыг шамдан судалж, түүхээрээ бахархаж, эх орноо хөгжүүлэн мандуулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ тангараглалаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 155 дугаар зарлиг болон Батлан хамгаалахын сайдын 2013 оны 340 дүгээр тушаалаар баталсан “Батлан хамгаалах салбар ба эх оронч үзэл” хөтөлбөрийн зорилго ийнхүү алхам алхмаар хэрэгжсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!