Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Азийн Сонгуулийн байгууллагуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Энэхүү шийдвэрийг 2014 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болсон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны хурлаас гаргажээ. Тус хурлаар Холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, мөн ОХУ, Малдив, Узбекистан улсуудыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан байна.
Энэ байгууллагын дүрмийн дагуу Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, таван гишүүн бүхий удирдах зөвлөлд нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог сонгосон байна.
Энэ нэр хүндтэй үүргийг манай байгууллага 2016 онд болох Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны Ерөнхий Ассамблейн чуулган хүртэл гүйцэтгэх ажээ.
Энэтхэгийн нийслэлд болсон дээрх арга хэмжээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!