Залуу хуульчдын “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар АТГ-ын дэд даргаар сахилгын, эрүүгийн болон захиргааны ямар нэгэн хариуцлага хүлээж байгаагүй мөн хуулийн 21 дүгээр зүйлд төрийн албанд 10-аас дээш жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй хүнийг томилно гэж заасан байдаг аж.
А.Гантамир “Б.Хурц өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж байсан. Өршөөгдөнө гэдэг нь гэмт хэрэг хийгээгүйг нотолдоггүй. Шүүхээс ногдуулсан ялыг нь өршөөн хэлтрүүлж байна гэсэн утга агуулгатай хэрэглэгддэг хууль.
Мөн Б.Хурц 1999-2000 оны хооронд ОХУ-ын Аюулгүй байдлын академид 10 сар суралцсан гэсэн баримт бий. Эрхзүйч мэргэжлийг 10 сарын хугацаанд сурч, эзэмшинэ гэж байхгүй. Үнэхээр ОХУ-ын Аюулгүй байдлын академи 10 сарын хугацаанд эрхзүйч мэргэжил олгодог үгүйг мэдэхээр тус улсын Элчин сайдын яамнаас лавлагаа хүсээд байгаа.
Би Б.Хурцаас ганц л зүйл хүсч байна. Эрхзүйч мэргэжилтэйгээ батлах дипломоо харуулна уу. Үнэхээр тийм мэргэжлээр төгссөн юм бол яагаад үүнийгээ батлах дипломоо харуулахгүй байгаа юм бэ” гэв.
А.Гантамир АТГ-ын даргыг эрхзүйч мэргэжилгүй учир хууль бусаар уг ажилд томилогдсон гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч хариу өгөөгүй байна.
АТГ-ын даргын нэрийг МУ-ын Ерөнхийлөгч өргөн мэдүүлснээр УИХ баталдаг. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдод бичгээр ханджээ.
Харин УИХ-ын даргын туслах түүн рүү утсаар холбогдож “Таны хариуг бичгээр өгөх боломжгүй. Яагаад гэвэл та үүнийг улстөр болгох гээд байна” гэсэн хариу өгсөн байна.
Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдыг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байгаагаа А.Гантамир хэлсэн.
Мөн тэрбээр “УИХ-ын дарга З.Энхболдын бичгээр хариу өгөхгүй байгаа асуудлыг хаана хандаж шийдвэрлүүлэх вэ гэхээр АТГ болж таарч байна. Тэгэхээр төрийн байгууллагатай холбоотой жирийн иргэний гомдол саналыг хэн барагдуулах болж байна вэ. Одоо би хаана хандахаа мэдэхээ байгаад байна” гэсэн юм.
Гэрэл зургийг 2014.11.04 Б.Бямба-Очир/mpa
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!