Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт бөмбөг цуглуулдаг

Ч.Гантулга
2014 оны 11 сарын 4
polit.mn
Зураг зураг

17-хон насандаа Миланы дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, дэлхийд данстай тамирчин болсон Монголын бахархалт хөвгүүдийн нэг нь гавьяат тамирчин Н.Төгсцогт. Тэрээр 2012 оны Лондоны олимпод өрсөлдөгч тамирчнаасаа илүүрхэж, мөнгөн медалийн тавцанд зогсож чадсан.

Харин залуухан гавьяат чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглох хоббитой юм байна. Үргэлж бэлтгэл, сургуулилттай байдаг учир амралтынхаа өдөр алжаалаа тайлж, найзуудтайгаа хөгжилдөхөөр хөлбөмбөгийн талбайг зорьдог гэнэ. Энэ тухай тэрээр хэвлэлийнхэнд дуулгахдаа “Хэрэв боксчин болоогүй бол хөл бөмбөгчин болох байсан” гэж байсан.

Н.Төгсцогт сургуулийнхаа хөл бөмбөгийн аварга болж байсан туршлагатай тамирчин. Тэрээр “Би ихэвчлэн бэлтгэлээ сагс юмуу хөлбөмбөг тоглож эхэлдэг. Эхлээд биеэ халааж, хөлсөө гаргачихаад бэлтгэлдээ ордог” гэлээ.

Н.Төгсцогт сургуулийнхаа хөл бөмбөгийн аварга болж байсан туршлагатай тамирчин

Мөн тэрээр зөвхөн хөлбөмбөг тоглохоос гадна бөмбөг цулуулдаг гэнэ. Гэхдээ бөмбөг авахдаа таарсан дэлгүүр бүрээс авдаггүй. Хамгийн сайн ширэн бөмбөг зардаг дэлгүүрийг л сонгодог. Олон бөмбөгийг нэг дор хадгалах хэцүү байдаг учраас найзууддаа бэлэглэдэг гэв.

Мөн гадаадад тэмцээнд явахдаа заавал спортын бараа, хувцас хэрэгслийн дэлгүүрээр орж, өмсгөл авдаг уламжлалтай гэсэн. Том бөмбөгнөөс гадна бөөрөнхий дүрстэй бэлэг дурсгалын зүйл ч түүнд олон бий гэж байсан. Түүний өөр нэгэн сонирхолтой хобби нь оролцсон тэмцээнийхээ мандатыг цуглуулах.

Гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо өөрийнхөө бүртгэлийн хуудсыг дурсгал болгон авдаг. Эдгээр нь хэзээ нэгэн цагт Н.Төгсцогт гэсэн хүний амьдралын түүхийн гэрч болж үлдэх учир ийнхүү хадгалдаг ажээ. Харин гавьяат маань цуглуулгаа хэзээ ч тоолдоггүй гэв.

Зураг