Синайн хойгийн хойд хэсэгт байрладаг, хэт даврагч “Ансар Бейт Аль макдис” бүлэглэл Ирак болон Сирид алан хядах ажиллагаа явуулдаг “Исламын улс” бүлэглэлд үнэнч байхаар тангараг өргөжээ. Энэ тухай өнөөдөр алан хядагчид мэдэгдэл гарган, цахим ертөцөд байршуулсан байна.
“Бид өнөөөр Ирак, Левант болон Исламын бусад улс орнуудад үнэнч байхаар тангараг өргөнө гэж шийдлээ” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Өмнө нь “Ансар Бейт аль Макдис” бүлэглэлийн дайчид “Исламын улс” бүлэглэлтэй үйл ажиллагаагаа уялдуулж байгаа тухай мэдээлэл нэг бус удаа гарч байсан юм. Есдүгээр сард гэхэд л “Исламын улс” бүлэглэлийн төлөөлөгчид орон нутгийн ала хядагчдыг засаг захиргааны эсрэг хийх довтолгоогоо зогсоохгүй байхыг уриаж байлаа.
“Тэдний замыг тэсрэх бөмбөгөөр дүүргэ, бааз руу нь довтол, гэр орныг нь дэлбэл, толгойг нь ав. Тэднийг амар тайван байлгаж болохгүй” хэмээн бүлэглэлийн албан ёсны төлөөлөгч Абу Мухаммед аль Аднани мэдэгдэж байв.
Энд дуулгахад 11 дүгээр сарын нэгний өдөр Египетийн цэргийнхэн Исламын улс бүлэглэлтэй холбоотой алан хядах үүрийг олж илрүүлсэн гэж мэдээлж байсан юм.
Египетийн алан хядагчид өнгөрсөн жил тус улсад “Ах дүү мусульманчууд” нам огцорч, Ерөнхийлөгч Мухаммед Мурси суудлаасаа буусны дараагаас улам идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон юм. Египетийн нутаг дэвсгэр дэх халуун цэгээр Синайн хойгийн хойд хэсэг тодорсон бөгөөд энэ хэсэгт өдөр бүр армийн эргүүл, зэвсэгт хүчний байрлалууд болон дотоодыг хамгаалах байгууллагын ажилтнууд руу халдлага үйлдэгдсээр ирсэн.
Сүүлийн саруудад хамгийн ноцтой алан хядах ажиллагаа нь Шейх Зувейдэд 10 дугаар сарын 24-ний өдөр болсон халдлага бөгөөд энэ үеэр ала хядагчдын гарт 31 цэргийн албан хаагч амиа алдаж, хэдэн арван хүн шархдаж байв.
Харин энэхүү хэргийн хариуцлагыг одоо хэр нь хэн ч өөр дээрээ аваагүй байгаа ч Египетий захиргаа энэ халдлагыг “Ансар Бейт аль Макдис” бүлэглэл үйлдсэн гэж үзэж байгаа юм. Энэ алан хядах ажиллагааны дараа тус улсын арми өргөн цар хүрээтэй тусгай ажиллагаа эхлүүлж, хойгийн хойд хэсэгт онц байдал зарлан, хөл хорио тогтоож байлаа. Ийнхүү тусгай ажиллагаа эхлүүлсний дараа олон тооны хэт даврагчийг устгасан тухай мэдээлж байсан юм.
Чухамхүү эдгээр ажиллагааны улмаас Египетийн “Ансар Бейт аль Макдис” бүлэглэл Исламын улсыг дагахаа олон нийтэд мэдэгдэж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Мөн энэ бүлэглэл Исламын улс бүлэглэлээс тусламж хүсэн хэдэнтээ холбогдсон гэж Египетийн тагнуулын алба мэдээлж байлаа. Түүнчлэн тэд Ливи зэрэг бусад улс орнууд дахь алан хядах байгууллагуудаас зэр зэвсэг болон хүн хүчний тусламж хүсч байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!