Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед халдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Зуун айлын замын уулзварт жолооч Б дугаарын хязгаарлалтад орсон автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон аж.
Тиймээс замын цагдаа зогсоож шаардлага тавихад жолооч Б эсэргүүцэж, биед нь халдаж, дүрэмт хувцасыг нь урж танхайрсан байна.
Энэ талаар хэргийг үйлдэгч иргэн Б нь “Хоёр долоо хоногийн өмнө 100 айлын уулзвар дээр Замын цагдаа намайг зогсоосон. Эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд яарч явсан болохоор дугаар явдаггүй өдөр гарч ирээд зогсохгүй үнэмлэхээ мартсан байсан. Ингээд үнэмлэх байхгүйгээ цагдаад учирлаж хэлээд иргэний үнэмлэхээ үзүүлж, ухаалаг төхөөрөмжөөрөө намайг энэ машины эзэн мөн эсэхийг шалгачих гэж хэлсэн.
Гэвч цагдаа дугаар явдаггүй өдөр үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцлоо гээд машиныг маань журамлана гэсэн. Тухайн үед би бухимдаж уг цагдааг заамдаж “Энгэрээс нь татаж” авсан. Гэвч хажуугаас өөр нэг залуу цагдаагийн биед халдлаа гээд намайг татаж унагаасан. Иймэрхүү маргаан дэгдэж байтал дахин нэг цагдаа ирж асуудал нэлээд хүндэрсэн.
Гэхдээ би өөрийнхөө бурууг хүлээж байна. Замын цагдаад ямар ч гомдолгүй. Ажил үүргээ биелүүлж явсан албан хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэндээ харамсч байна. Надад 230.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа” гэв.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!