Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудыг улс төржиж, уралцаж байх хойгуур

Д.Түвшин
2014 оны 11 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш хамгийн удаан буюу хоёр жил хагас тогтвортой ажиллаж бай­гаа Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар өнгөрсөн зунаас хойш заргалдаж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн “өргөдөл гомдол”-ыг Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр удаа завсарлуулсны эцэст маргааш дахин хэлэлцэх гэж байгаа. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёстой л энэ яваа насандаа үзээгүйгээ үзэж, үхэр тэргээр туулай гүйцэх гэж чадлаараа чардайлаа. 

Намчирхан талцсан их тэмцлийн золиосонд Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам, тээврийн сайд А.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нараа төрхөмд нь буцааж, хүйтэн нойтон цагаар “дан дээлтэй” нь хөөж явуулсан Н.Алтанхуяг сайд маргаашнаас журмын нөхөддөө ч байцаагдаж болзошгүй.

Түүнийг буруутгаж байгаа гол үндэслэлийг одоо бараг бичиг үсэгт тай­лагдсан долоо, найман настнууд ч олоод үзчихсэн байж магадгүй.

“Өнгөрсөн 20 гаруй жилд байгаагүй их буюу долоон их наяд төгрөгийг үрэн таран хийсэн, Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, инфляцийг хоёр оронтой тоонд хүргэсэн, ам. долларын ханшийг 1850-аас дээш гаргаж сөрөг амжилт тогтоосон, валютын нөөцийг шавхаж дуусгаж байгаа” гээд буруутгах зүйл ар араасаа цувран гарч ирээд байдаг нь гайхалтай. 

Гэтэл түүний толгойлсон Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлвөлснөөс сүүлийн хоёрхон жилд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг барагтай бол дурсдаггүй.

ОХУ, БНХАУ-ын удирдагчид 400 тэрбум ам. долларын өртөгтэй, 2019 оноос анхны нийлүүлэлтээ эхлэх “Сибирийн хүч” хийн хоолойгоо Монголыг тойруулан барих тохиролцоонд нэгэнт хүрчээ. 

Монгол Улсын Авто замын салбарын 85 жилийн түүхэнд 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байгааг шүүмжлэгчид нь олж хардаггүй юм болов уу, аль эсвэл анзаардаггүй хэрэг үү. 

Хамгийн сүүлд авсан мэдээллээр эрх баригч АН-ын дотоод тэмцэл, албан тушаалын төлөөх дажин дээд цэгтээ хүрч УИХ-ын дарга З.Энхболдыг тууштай дэмжинэ гэж тооцоолж байсан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ намын даргад өрсөлдөж, Ерөнхий сайдаар ажиллах хүсэлтэй байгаагаа ил тод зарласан бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “УИХ-ын даргын ажлыг хийгээд явчихаж чадна” гэдгээ мэдэгдэж, зарим хүмүүсийн цөсийг хагалчих дөхжээ. 

Тэдгээр нөхдийг зүгээр л саваагүйтэж байна гэж үзвэл жинхэнэ хөнөөл тарьж мэдэх хүмүүс ч өөрсдийн байр сууриа илэрхийлээд авчээ. “МОАХ”-ны тэргүүлэгч Х.Баттулга намын даргад өрсөлдөх санаатай байгаагаа “заналтай” дуулгасан бол хөшигний араас Э.Бат-Үүл баатар “намаа авах цаг болсон” гэдгээ нөхөддөө сануулсан гэдгийг эх сурвалж онцолж байгаа. 

Монголын улстөрчид ийнхүү гэдсэндээ хөлөө жийлцэж байх хойгуур ОХУ, БНХАУ-ын удирдагчид 400 тэрбум ам. долларын өртөгтэй, 2019 оноос анхны нийлүүлэлтээ эхлэх “Сибирийн хүч” хийн хоолойгоо Монголыг тойруулан барих тохиролцоонд нэгэнт хүрчээ. 

ОХУ-ын Якутск муж, Хабаровск, Владивосток хотын чиглэлд 3200, Эрхүү, Якутск мужийн нутгаар 800 км үргэлжилж БНХАУ-д нэвтрэх, жилдээ 61 тэрбум хүртэл куб метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай хийн хоолойн барилгын ажил 2015 оны эхний хагаст эхэлж 2018 оны сүүлчээр ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа аж.

ОХУ-ын нефть, хийн “Газпром”, БНХАУ-ын төрийн мэдлийн “СNРС” компанийн хооронд байгуулсан гэрээ ёсоор 30 жилийн турш БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх энэхүү аварга том бүтээн байгуулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд соёрхон баталсан ч Монголын нутгаар дайруулах уу гэдгээ хараахан шийдээгүй байжээ.

Харин сүүлийн сар хүрэхгүй хугацааны дотор энэ аварга хоолойг Монголын хилийн дээсийг тойруулан БНХАУ-ын Цилин муж, Өвөр Монгол, Ляонин, Хөбэй, Шаньдун, Жянсү мужуудаар дайруулан Шанхай хотод хүргэхээр төлөвлөж ажил хэрэг болгож эхлэхэд бэлэн болжээ. 

Хамгийн гол нь Монголын улстөрийн тогтворгүй байдал, улс төрчид нь хэлсэн амандаа хүрдэггүй эргэж буцдаг, нэгнийхээ байгуулсан гэрээ хэлцлийг үгүйсгэдэг, төр засгийнх нь залгамж халаагүй байдал аварга хоёр хөршүүдийн итгэлийг мохоожээ. 

“Сибирийн хүч” хийн хоолой Монголыг дайрахгүй, тойрох нь тодорхой боллоо.

Ийнхүү монголчууд бид зүгээр сууж байгаад асар их ашиг олох боломжтой байсан “Сибирийн хүч” хийн хоолой Монголыг дайрахгүй, тойрох нь тодорхой боллоо. Адаглаад өдрөөс өдөрт үнэ нь унасаар байгаа нүүрсээ шатааж дулаацахын оронд нутгаараа дайран өнгөрөх хийн хоолойг Улаанбаатарын ойролцоо “цоолчихоод” дулаацаж суусан бол аштай юу. Гэхдээ Улаанбаатарын ойролцоо “цоолоход” дахиад л ах нарын арга эвийг олох ухаан хэрэгтэй. Харин манай улстөрчдөд ах нарын арга эвийг олохоос илүү сандал ширээ, албан тушаалын наймаалцал гэдэг асар том эрх ашиг үйлчилж, өөр зуураа дайтах нь холгүй байгаа тул юу яасан “Сибирийн хүч”-тэй манатай байгаа. 

Тийм ч учраас аманд гулсаад орж ирж магдагүй байсан асар урт “шар тос”-ыг амныхаа гадуур савируулчихлаа. Одоо тэд чаддагаараа фракц, бүлгээрээ эвсэж, ханцуй дотроо наймаалцаж байгаа. Ишш чааваас даа. 

Зураг