САЙН МЭДЭЭ: Монголдоо өдөрт 500-800 хос гутал хийх үйлдвэртэй боллоо
- Экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгаран "Чингис" бондын хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гутлын үйлдвэр ашиглалтад орлоо -
2011 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан "Best shoes" компани өмнө нь сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол өдөрт 500-800 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ. 70 гаруй ажилтантай тус үйлдвэр Итали, Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангаж чадахаар боллоо. Б.Түвдэнням
"Бид 1134 ам.метр талбайтай шинэ байрандаа конверын шугамаар үйлдвэрлэл явуулж эхэлснээр дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангаж чадахаар боллоо" гэж үйлдвэрийн захирал Б.Түвдэнням хэлж байв.
Анх гэрийнхээ тагтан дээр гутал хийж эхэлсэн Б.Түвдэнням орчин үеийн томоохон үйлдвэртэй болтлоо цуцалтгүй хөдөлмөрлөсөн бөгөөд түүний цаашдын зорилго нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох, ажиллагсдаа эх орондоо сэтгэл хангалуун сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх явдал гэлээ.

Гутлын үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрбээр "Хамгийн сайн чанарын гутлыг монголчууд дотооддоо үйлдвэрлэж чаддаг боллоо. Одоо бие биенээ дэмжих нь чухал. Хууль зүй, батлан хамгаалах салбарынхан ажлын гутлаа гадаадаас биш эднийхээс авдаг болох хэрэгтэй"-г онцоллоо.
"Best shoes" компани гутлаас гадна цүнх, арьсан жижиг эдлэлийг Итали, Герман, Энэтхэг улсуудын лицензээр БНХАУ-д боловсруулсан зориулалтын үхэр, тугалын арьсаар хийдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

