Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ийм байвал орон сууцны үнэ буурахгүй ээ

Н.Пунцагболд
2014 оны 11 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлан, гадаа цас хаялж эхэллээ.  Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцээд Улаанбаатар хотынхон утаан дундаа бөглөрөх шахам алхацгаадаг болсоор хэдэн ч жилийг өнгөрөөв дөө.  Утаанаас салах хамгийн гол арга бол гал түлэхгүй байх. Гэр хорооллын олон мянган айлд гал түлэхгүй амьдрах боломж хаанаас байх билээ.

Уг нь ч гал түлэхгүй амьдарч болно. Ердөө л халаалтаа цахилгаанаар шийдчихэд хангалттай. Гэхдээ манай улсын эрчим хүчний чадал, үнэ өртөг тийм боломж олгохгүй байна.  Нөгөө талаар гэр хорооллын бүх айл орон сууцанд орчихвол асуудал шийдэгдчих учиртай.  Сайхан мөрөөдвөл шүү дээ.

Харин хөрсөн дээр бууж байгаад ярьвал ядаж 50 хувь нь орон сууцанд орчихвол энэ их утаа илт багасч, өвөлдөө алсын бараа харахаар болчих байх. Харамсалтай нь өнөөдөр орон сууцанд орох, байр худалдан авах гэдэг ердөө л мөрөөдөл төдий болчихоод байна. Уг нь худал хэлсэн хүнд Улаанбаатар хотод цаг тутамд орон сууцны барилга ашиглалтад орж байна шүү дээ. Хаана зай байна, тэнд орон сууц барьж байгаа.  Гэтэл гэр хорооллоос орон сууц руу нүүж байгаа хүн хэд байна вэ. Үнэндээ тун цөөн. Үнийг нь дийлэхгүй учраас тэр. Орон сууцны хөөсрөөд, тэнгэрт тулчихсан. Хэр баргийн хүн авч чадахгүй байна.

Орон сууцны хөөсрөөд, тэнгэрт тулчихсан. Хэр баргийн хүн авч чадахгүй байна.

Гэр бүлийн хоёр сардаа 1.5 сая төгрөгийн цалин авдаг байгаад ч нэмэргүй болчихоод байна шүү дээ. Үүний цаана орон сууцны үнэ яагаад буурахгүй байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь ердөө амархан. Худалдан авагч байгаа болохоор тэр. Харин хэн аваад байна. Бид гадныхан авчихаж байна, иргэд орон сууцны зээл их авч байгаа гэж оношлоод байдаг. Нэг талаараа үнэн. Нөгөө талаар орон сууцны ченжүүд үнэ буурахгүй байхад асар их нөлөөлж байна. Орон сууц худалдаж аваад, түрээсэлж мөнгө олдог нөхдүүд шүү дээ.

Өнөөдөр Монголд 200 байртай хүн байна.   За 50, 60 байртай хүн бол энүүхэнд гэж байгаа. Тэд ердөө сард олж байгаа мөнгөөрөө 1-2 байр авчихаж байна шүү дээ. Тэгэхээр яаж орон сууцны үнэ буурч, таван ханатай гэрээс байранд орох боломж иргэдэд гарч ирэх юм бэ.

Өнөөдөр Монголд 200 байртай хүн байна.

Энэ асуудлыг төр засаг зохицуулмаар байна. Ядаж татвар авъя, эсвэл үл хөдлөх хөрөнгө дээр тоо зааж өгье.  200 байртай хүн нэг байраа сард дунджаар 500 мянган төгрөгөөр түрээслэхэд сардаа 100 сая төгрөг олчихож байна. Энэ орлогоос улс нэг ч төгрөгийн татвар авч чадахгүй байгаа.  Мөнгөтэй хүмүүс ингэж ашиг олж байна.  Үүнийг яаралтай зохицуулах шаардлагатай.  Өнөөдөр бид мөнгөтэй нь юу дуртайгаа авч болох чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр мөнгө нь байвал хүн 20 байна уу, 200 байна уу байраа авах эрхтэй. Түүнийгээ хүнд бэлэглэнэ үү, түрээслэнэ үү, эсвэл үнэ хүргэж зарна уу гэдэг нь бас л тухайн хүний эрх.  Үүнийг хэн хүнгүй ойлгож байгаа.

Гэхдээ аливаа зүйл дээр шударга өрсөлдөөн гэж байх ёстой. Мөн  олон нийт, улс орны эрх ашгийн төлөө зохицуулалт хийх шаардлага гардаг биз дээ. Ердөө л санхүүгийн шударга өрсөлдөөнийг зохицуулж өгөх хэрэгтэй байна. Бичвэрийн өмнө нь утааны асуудал хөндсөн нь учиртай. Гэр хороололд амьдардаг ч бай, 200 байртай ч бай адилхан утаагаараа амьсгалж, уушгаа өвчлүүлж байгаа.

200 байртай, эсвэл эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнийг утаа хордуулахгүй гэсэн юм байхгүй. Тийм болохоор олон нийтийн эрх ашиг, хотын аюулгүй байдлын төлөө энэ асуудлыг зайлшгүй зохицуулмаар байна. Ердөө л үл хөдлөх хөрөнгийн тоо заагаад, түүнээс илүү гарвал маш өндөр татвар авдаг болчихвол болохгүй гэж үү. Өнөөдөр шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүсийн багагүй хувь нь орон сууц түрээсэлдэг бизнес хийдэг байх. Тийм яриа ч бий.

Гэхдээ ганц хоёр удаа хувийн эрх ашгаасаа илүү улсын хувь заяаг бодчих саруул ухаан байгаа байлгүй дээ. Нэг хүн 20 байртай байя л даа. Түүнээс илүү гарвал татвар өндөр байж болно.  50, 60, 200 гэдэг бол арай л хэтэрхий, шударга бус, хэт монополь байдал биз дээ. Ийм байвал яаж орон сууцны үнэ буурч, залуус байранд орж, утаа униар бага ч болов багасах билээ дээ.

Зураг