Шинэ цолтон булангийнхаа зочноор Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дүнжингарав дэвжээ, Багануур ХК-ны бөх, улсын начин Ч.Батчулууныг урьж ярилцлаа.
Начинг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөний заряткаа хийж байхад нь зорьж очив. “Шөнө хөдөөнөөс ирлээ. Ээжийнх маань хотоос 100 гаруйхан км зайтай. Үе үе ээж рүүгээ давхиж очоод ирдэг. Ах эгч дүү нар бүгд тусдаа гарсан. Ээж маань ганцаараа болохоор хааяа зав гаргаж очиж туслахгүй бол болохгүй байна” гэсээр начин яриагаа эхлэв.
-Юуны өмнө Монгол Улсын начин цол авсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-За баярлалаа.
-Чамгүй олон жил барилдаж байж улсын цолд хүрлээ?
-Улсын наадамд таван жил барилдаад зургаа дахь жилдээ цол авлаа.
-Гуч гарч байж улсын цолд хүрнэ гэдэг энэ цагт бас цөөхөн л тохиох завшаан юм даа?
-Би 33-тайдаа цол авлаа. Ер нь 30 гарч байж цол авсан бөх ховор талдаа л даа. Завханы Бадамдорж, Дорнодын Цогзолдорж гээд цөөхөн бөх хожуу цол авсан байдаг. Ер нь цолны төлөө олон жил зүтгэсэн л дээ.
Жижиг биетэй бөх нь хамгаалж үлдээд давчих магадлал их болсон.
Ямар ч байсан бодож мөрөөдөж явсан цолоо авлаа, маш их баяртай байгаа.
-Тэр мөрөөдөлд хүрэх агшин мөн ч сайхан байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Бас л огшиж байна лээ. Нүдний нулимс гарчих гээд л... Гэхдээ арай уйлаагүй ээ.
-Тавын давааны барилдаан их хүнд барилдаан болсон байх аа. Хэдэн ч удаа барьц сонгов доо, та хоёр?
-Сайнбаяр заан бол сайн бөх юм. Дээрээс нь олон жил барилдаж байгаа туршлагатай. Жилийн жилд шөвгөрчих гээд байдаг бөх. Надаас хүссэн барьцаа авчих гээд л... Би бас цол авах гол зорилгынхоо босгонд ирчихсэн, хаяхыг л бодно. Тэмцэл нэлээн өрнөсөн шүү. Сайхан ч барилдаан болсон. Гар их цуцсаан. Ямар ч байсан тэсч байгаад л давсан даа.
-Давбал улсын цол... гээд бодохоор байгаагаасаа байхгүйгээ хүртэл бүх л зүйлээ шавхахыг бодно биз дээ?
-Зарим хүмүүс барьц сонгохоор их амархан давчихдаг гэж бодоод байдаг. Ялангуяа том биетэй мань мэтийг өрсөлдөгчөө өргөөд л тавьчихна гэж боддог шиг байгаа юм. Гэтэл одоо ямар ч бөх тэр барьцыг яаж хамгаалахаа сайн мэддэг болчихсон. Жижиг биетэй бөх нь хамгаалж үлдээд давчих магадлал их болсон.
-Яг хэдэн удаа барьц сонголцсон билээ?
-Хэн хэн нь гурав, гурав. Зургаан удаа барьц сонгосон. Би яахав, арал чацныхаа жаахан илүүгээр давсан болов уу. Тэрнээс биш заан лут байсан шүү. Сайн бөхөөр тав давсандаа л маш их баярлаж байгаа. Бас барилдаж байх үедээ үзэгчдийн дэмжлэгийг их мэдэрсэн шүү. Тэр ч надад нөлөөлсөн болов уу. Намайг барьцаа алдангуут л олон хүн “өө,өө” гээд л харамсаж байгаа нь дуулдана. Зааныг ч бас олон хүн дэмжиж байсан.
Давчихаад начин боллоо гэхээс илүү хүчтэй өрсөлдөгч давлаа даа гэдэг бодол хамгийн эхэнд төрсөн.
Тэгэхэд “Би тийм сайн ч бөх биш дээ. Гэхдээ олон түмэн ийм сайхан дэмжиж байхад даваад цол авчих юмсан” гэж бодоод мэрийсээн.
Давчихаад начин боллоо гэхээс илүү хүчтэй өрсөлдөгч давлаа даа гэдэг бодол хамгийн эхэнд төрсөн. Тэгээд ойрхон зогсож байсан улсын харцага Л.Бадарч ахаас “Би давсан биз” гээд асуусан, давсаан, давсан л гэж байна. Яг дээр нь унаснаа мэдэж байсан ч баталгаажуулж авч байгаа хэрэг л дээ.
-Та хоёр өмнө барилдаж байсан уу?
-Зааны барилдааныг харж байснаас биш ёстой барилдаж байгаагүй юм байна лээ. Наадмын өмнө намайг авах магадлалтай хүмүүсийг тооцоход Сайнбаяр заан орж байсан л даа. Гэхдээ авахгүй ч байж мэднэ гэсэн бодол түлхүү байсан. Тэгээд л барилдсан даа.
-Та хоёрыг барьц тавилцах чөлөөнд нутгийн чинь бөхчүүд нэлээд зөвлөж байгаа харагдсан. Юуг голлож хэлсэн бол?
-Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй нутгийн бөхчүүд талбай руу хүрээд ирсэн, бүгд л зөвлөж байлаа. Зүүн талд нь сонгож болохгүй шүү гэж их хэлсэн.
-Сайнаа заан зүүн талдаа эвгүй юу?
-Зааны давуу тал. Зүүн талдаа хутгана, тахимдана. Ах нарынхаа хэлснээр барилдсан. Сүүлд нь үг сайн сонссон гэж магтаж байна лээ /инээв/.
-Дөрвийн даваанд бас чанга учраа таарсан байсан?
-Тэгсэн. А.Цацбашир харцага бид хоёр 90 жилээр бас дөрвийн даваанд таарсан. Гарангуутаа би хөөж яваад элэг бүс, сэнжиг авахын өмнө давхар хамуулан унаж байлаа. Энэ жил харин би барьц сонгуулаад араар нь хашиж мордоод давсан.
Бид хоёр чинь арал чацаар ойролцоо. Би жингээр арай илүү байх. Тэр өндөр хүнд барьц сонгуулах бас эвгүй л дээ. Тухайн үед би гайгүй мэдэрч барилдаж чадсан болохоор давсан гэж бодож байгаа. Харцага бас сайхаан. Уначихаад тахимаа өгөхдөө “За өвгөөн, хүссэн цолоо аваарай” гэхэд нь их сайхан санагдсан.
-Та өмнө цэргийн арслан болохдоо 100 хувь итгэлтэй байсан гэж хэлсэн байдаг. Энэ жил улсын цол авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-/инээв/. Мэдээж 100 хувь итгэлтэй байсан. Ер нь тамирчин хүн амжилтын төлөө итгэлгүй, өөрийгөө зориулахгүй бол юунд ч хүрэхгүй шүү дээ. Хэрвээ миний бэлтгэл дутуу байна, би муу байна гэж бодоод байх юм бол барилдаан гардаггүй юм билээ. Өмнө надад улсын цол гэхээр их л хол, хэцүү санагддаг байсан бол энэ жил тав давчихаад явж байхад гайгүй санагдсан.
-Тэгэхээр та өмнө цол авна гэсэн итгэл бага байсан гэсэн үг үү?
-Ер нь итгэл ч, туршлага ч дутуу байсан юм байна лээ. Өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж чадахгүй, ихэвчлэн сэрвүү барьцнаас унасан байх жишээтэй. Хамгийн гол нь сэтгэлзүй байдаг юм байна. Уначихвал яана... гэж бодолгүй унасан ч надад алдах юм байхгүй гэсэн сэтгэхүйгээр л барилдсан. Бид заалны барилдаанд хамаагүй л барилддаг шүү дээ. Тэрэн шигээ л барилдчих ёстой юм байна. Цол бодож нервтэх шал дэмий юм билээ. Хоёрын даваанд ч барилдаан гарахгүй байгаа юм чинь.
Би ноднин хоёр дээр Д.Энхбаяр арслантай барилдахад “За хоёр давчихвал, гуравт яах бол, дөрөвт яах бол” гээд их олон юм бодож гарсан. Наадмын өмнө бүр хэцүү шүү дээ. Бэлтгэл дээр эргэж ирсэн хүн болгон шахуу “За энэ жил л цол авахгүй бол болохгүй шүү” гээд хэлнэ. Тэр нь бидэнд айхтар хүнд дарамт, нерв болж тусдаг. Тэр бүхнээс өөрийгөө чөлөөлж өгөх хэрэгтэй юм байна лээ. Энэ жил би зөвхөн урдах даваагаа л бодож барилдсан.
-Зургаагийн давааны барилдаан хэр болсон бэ?
-Ганбаатар гарьдтай барилдсан. Бид хоёр өмнө олон барилдсаан. Уг нь золгоод барилдчихъя гэсэн бодолтой гарсан. Гарьд ч үнэхээр сайн байна лээ. Би яахав, тав давчихсан. Сэтгэл нэлээд хөөрөлттэй. Тав дээр хүнд барилдаан хийсэн болохоор тийм амархан сэргэж чадаагүй. Дээр нь миний гар нэлээд муудчихсан байна лээ.
Барьж чадахгүй зүгээр л илээд байгаа юм чинь... Надад харамсах юм байхгүй ээ. Авах цолоо авчихсан. Дахиад олон наадам байна. Одоо цолоо баталж, ахиулахын төлөө сайхан барилдана л гэж бодож байгаа.
-Хүмүүс таныг “Наад зах нь улсын заан байхаар бөх” гэж ярьдаг юм билээ. Энэ нь таниас дахиад илүү зүйл нэхээд байна аа гэсэн үг биз дээ?
-/инээв/. Тэр бол ард түмний зүгээс өгч байгаа урам юм даа. Хэрэв начин болчихвол энэ заан байхаар бөх гээд, заан болчихвол арслан аварга болох бөх гэх жишээний. Гэхдээ мэдээж цаашаа цол ахихыг бодолгүй, хүсэлгүй яахав. Хэдийгээр жаахан оройтож цол авсан байж болох ч цаашдаа дахиад хэдэн жил сайхан барилдчих нас байна, нөөц боломж ч байгаа гэж боддог.
40 хүрсэн ч сайхан, сайхан барилдаж байгаа бөхчүүд олон байна шүү дээ. Дооёо гарьд, Рагчаа гарьд, Ду.Батбаяр начин гээд л... Бэлтгэлээ сайн хийгээд сайхан барилдана л гэж бодож байна. Түрүүчийн долоо хоногоос бэлтгэлдээ орсон байгаа.
-Сая Гиннесийн ойн барилдаанд бас сайхан барилдлаа. Шинэ цолтойгоо анх гарав уу?
-Наадмаас хойш хөдөө сумдын наадамд бараг 15-16 удаа барилдсан байх шүү. Бөхийн өргөөнд бол сая анх удаа гарлаа. Түрүү бөхтэй сайхан барилдаад л уналаа. Арслан сайн байна лээ.
-Улсын начин гээд дуудуулаад барилдахад ямар байна?
-Цолны ялгаа мэдрэгдэлгүй яахав. Олон жил хөлс хөдөлмөрөө зориулж явсаных цолд хүрээд улсын начин гээд дуудуулж байхад сайхан л юм байна. Зун хөдөө байхад хүн намайг “начин” гэж дуудаад юм яриад байхад нь би анзаарахгүй өөр тийшээ хараад хөглөсөн шүү /инээв/. Цолондоо дасаагүй. Одоо бол арай өөр өө.
-Анх улсын цолтойгоо ямар наадамд барилдсан бэ?
-Бүрэн сумын 90 жилийн ой долдугаар сарын 14-нд болсон билүү дээ. Тэнд анх улсын цолоороо дуудуулж барилдаад түрүүлсэн. Сайхан л юм билээ. Бүрэнгийнхэн ч бас цол аваад анх манай суманд ирж барилдлаа гээд баяртай байсан.
-Танай сумынхан бол бүр их баяртай байна уу, шинэ начинтай болсон гээд?
-Тэгэлгүй яахав. Манай Баяндэлгэр, Багануур хоёр чинь бараг нэг сум гэсэн үг. 12-ны оройноос эхлээд надруу байнга залгаастай, уулзах нь уулзаад баяр хүргэцгээсэн. Нутгийн минь олон бараг надаас илүү энэ цолыг хүсч байж дээ гэж бодоход бүр сайхан байсан. Манай сум чинь түүхэндээ улсын цолтой бөх байхгүй. 5-6 аймгийн хурц арслантай. Тэр ах нар маань хүртэл өөрсдөө ирж надад баяр хүргэсэн их том хүндэтгэл санагдсан. Анхных нь болоод ч тэрүү их л баярлацгаасан даа. Бас аав, ээж хоёрын маань нутгийнхан бөөн баяр.
Ээж минь Хэнтийн Цэнхэрмандалынх. Бүх ах дүүс нь нутагтаа байдаг. Аав маань Говь-Алтайн Тайширынх. Тэндээс бас ах дүү нар маань утасдаад “Манайхан удамдаа анх удаа улсын цолтонтой боллоо” гээд баярлаж хөөрч байсан. Ингээд зогсохгүй хаа хамаагүй Увс, Завханы таньж мэдэхгүй хүмүүс ч баяр хүргэж байна лээ.
Тэгэхээр их л олон хүн намайг цол аваасай гэж дэмжиж, хүлээж суусан юм байна. Энэ цолыг би авсан болохоос ард түмний цол юм байна шүү гэж бодож, сүслэж байгаа даа. Сүүлийн үед манай аймаг чинь бөхийн дэвжээ байгуулаад хамтарч цугларч бэлтгэл хийгээд сайхан байгаа.
Дэвжээтэй болсоноос хойш Ок начин нэг, Батмөнх хоёр, би нэг шөвгөрлөө. Гэрэлт-Од начин, Бадам-Очир начин гээд ах нар маань сэтгэл их өндөр байх шиг байна лээ. Олон жил шөвөггүй явж байгаа аймаг олон л байгаа биз дээ.
-Танайхан чинь бэлтгэлийн сайхан баазтай болсон биз дээ?
-Тэгсэн. Бусад аймгийн дэвжээд яг тийм өөрийн гэсэн бааз одоогоор байхгүй л болов уу. Их сайхан тохижилттой газар бий. Одоо спорт заал нь баригдчихвал болох гээд байгаа юм. 100 хувь бөхчүүдийн мэдэлд байдаг. Дуртай үедээ очоод бэлтгэл хийх боломжтой. М.Энхболд ах маань өөрөө санаачлага гаргаж нутгийн ах нар дэмжээд ийм сайхан дэвжээтэй болгож өгсөнд бөхчүүд маань их баяртай байгаа.
-Наадмын бэлтгэл энэ жил ямархуу байсан бэ?
-Сайн байсан шүү. Жилийн ерөнхий бэлтгэл сайн байх чухал л даа. Өвөл, хавар сайн ч барилдсан. Аймаг цэрэгт нэг гарна, улсын цолтнуудын барилдаанд бас барилдана. Ингэхээр бараг барилдаанаараа бэлтгэл хийчихэж байгаа юм.
-Цэргийн наадмаар Дашийг бараг давж яваад л уначихсан. Тэр бас их сонин барилдаан болсон шүү?
-Уг нь яг л дээр нь унаж явсан газар л даа. Нидэрээд яахав гэж бодоод хөндийрсөн чинь цээжин дор эргээд, босоод ирдэг юм. Миний алдаа л даа. Даш сайхан барилдаад цэргийн харцага болоод зун аймагтаа арслан болсон байна лээ. Олныг баясгасан сайхан барилдаан болсон байх аа /инээв/. Уг нь би дахиад түрүүлчихье гэж бодож байсан.
-Аймгийн наадамд ч олон шөвгөрсөн дөө. Анх хэдтэйдээ аймагт барилдсан юм бэ?
-Өө, олон, олон. Би чинь 25-тайдаа анх аймгийн заан цол авч байлаа шүү дээ. 22-той сумын заан болсон.
-Тэгвэл цолнуудаа ер нь аажуу аваад яваа хүн юм байна даа?
-Тийм байна. Гэхдээ багадаа өсвөрийн улсын аваргад ороод, эхний аравдугаарт багтаж байсан үе бий. Аав минь эрт өөд болсон. Тэгээд ээж, хэдэн дүү нартаа тус дэм болох гээд сургууль соёлын мөр хөөлгүй, хөдөө хэдэн малаа хараад хэсэг байсан. Ийм учиртай. Намайг цэрэгт яваад ирсний дараа 2001 онд хотоос Намшир багш, Өвгөнхүү харцага, Ганзориг багш гурав очиж авсан. Намраас нь чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэллээ.
Хүүхэд байхдаа бас чөлөөтөөр бага сага барилддаг байсан юм. 2003 онд сумынхаа 80 жилээр сумын заан цол авсан. Нэг ах маань надад нас гэдэг чинь зүгээр л тоо байхгүй юу гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй.
Бас Өвгөнхүү харцага “Би 23-тайдаа их спортоор хичээллэж эхэлсэн хүн” гэж ярьдаг юм. Тэрнээс хойш өчнөөн л тэмцээн уралдаанд орж, сүүлдээ шавь нар бэлдэж бас хичнээн удаж байгаа билээ, тийм ээ? Тэгэхээр нас бол зүгээр л тоо юм. Хамгийн чухал зүйл сэтгэлзүй гэж ойлгосон.
-Гэртээ нэлээн олуулаа өссөн гэж дуулсан шүү?
-Манайх чинь бүр 12-уулаа шүү дээ. Дээрээ таван ах эгчтэй, дороо таван дүүтэй, дунд хүү нь. Олуулаа байх гоё шүү дээ, бужигналдаад.
-Бусад нь барилдахгүй байна уу?
-Барилдахгүй байна аа. Эрэгтэй нь гурав. Нэг ах, нэг эрэгтэй дүү бий. Дүү маань уг нь сонирхолтой. Барилдах гэхээр нэг л болохгүй байна. Тэгэхээр нь би “Хэрэггүй. Бэртэл гэмтэл авчихвал хэцүү. Зүгээр бөхөө үзээд, дэмжээд явж бай” гээд байгаа. Ах, эгч нарын хүүхдүүдээс барилдах байх аа.
-Ер нь бяралхаж барилдаад байгаа харагддаг?
-Мэдэхгүй ээ /инээв/. Бодвол бяртай юм байлгүй, хүмүүс л бяралхаж барилдаад байна гэдэг юм. Бяр байгаа бол тэрийгээ гаргаж л барилдалгүй яахав.
-Жин нэлээн нэмсэн үү?
-Нэмэгдэж байна. Жилд 5-6 кг нэмэгдээд, тал нь бэлтгэлээр алга болоод, тал нь үлдээд байх шиг байна. 2006 оноос хойш нэлээд нэмэгдсэн шүү. Барилдахаа болихоороо жингээ сайн хасна л даа.
-Одоо өндөр, жин яг хэдтэй байна аа, багын л өсгөлүүн байв уу?
-Өндөр 189 см, жин 152-153-тай байна. Багадаа ангийнхаа өндөр банди нарын л тоонд ордог байсан.
-Ямар мэхийг голлож хийдэг вэ?
-Би чинь дархан мэхгүй хүн шүү дээ /инээв/. Биеэ зөв суллаад, алдааг нь харж байгаад ихэнхдээ хүний мэхийг дагуулж л юм хийдэг юм уу даа. Нэг их айхтар тонгороод, хөмрөөд, хутгаад гэх мэтийн сонгодог мэх хийхгүй. Гэхдээ бас зүгээр зогсоод байхгүй.
-Багадаа бөхөөс өөр зүйл хүсч мөрөөдөж байв уу?
-Жолооч болно гэж боддог байсан. Арай томхон болоод бөх үздэг, сонирхдог болоод ирэхээрээ яалт ч үгүй “Бөх л болъё” гэж боддог болсон. Манай нутгийн бөх, аймгийн арслан Загдсүрэн гэж ах бий. Надад бөхийн гараа дэвээ, шаваа анх заасан хүн л дээ. Бага байхдаа анх тэр ахын сургийг сонсоод олж хараагүй байж л “Тэр ах шиг гоё бөх болох юмсан гэж...” боддог байлаа.
Тавдугаар ангид байх жилээ намар ахтайгаа хадланд гарлаа. Овоолчихсон өвсийг би 2-3 сэрээддэг байхгүй юу. Бухал биш шүү дээ. Надад бол их л том санагдаж байгаа юм. Тэгсэн нэг их гоё дөрвөлжин биетэй залуу ирээд сэрээ авснаа өнөө их өвсийг минь ганцхан хатгаад шидчихсэн. “Пөөх ямар бяртай, мундаг хүн бэ” гэж бодож байлаа.
Ахтай минь жаал бөх ярьж байгаад явахаар нь ахаасаа асуусан чинь “Загдсүрэн гэдэг бөх чинь энэ шүү дээ” гэж байна. Тэр өдрөөс хойш өнөө Загдсүрэн ах шиг бөх болох хүсэл бүр ассан даа. Тэгэхэд Загдсүрэн ах хүрэн сийрсэн малгай өмсчихсөн явсан. Би гэртээ ирээд “заавал тийм малгай авна” гээд зүтгэчихсэн.
Намар сэрүүнд сийрсэн малгай өмсөх хүн байх уу? Тийм байхад заавал авна гэж нэхээд л, би тийм эрх байсан ч юм уу, аав ээж хоёр минь яалт ч үгүй авч өгдөгсөн. Тэр хүнээс үүдэлтэй бөх болох мөрөөдөл минь цааш хөгжөөд яваад байсан байна л даа. Начин болсныхоо дараа өнөө ах дээрээ очоод нөгөө малгайны түүхийг ярьсан чинь “Чи ямар сайн мэдэж байна аа. Надад нээрээ тийм малгай байдаг байсан” гээд инээж байна лээ.
Ер нь бөх болъё гэж зүгээр нэг бодох биш, бүр шимтэн дурлах, бүр хайрлах ёстой юм билээ. Хэрвээ би бөхөд тэгж дурлаагүй бол өнөөдөр огт өөр ажил мэргэжлийн, хэн ч таньж мэдэхгүй нэг нөхөр явж байх байсан. Би азтай, азтай. Ингэж бөхөд дурлаж, бөхөөр барилдаж, сайхан цол аваад явж байгаа нь миний дээдийн хувь гэж боддог.
-Начин дуу хууранд хэр вэ?
-Байхгүй, байхгүй. Дуунд ёстой явахгүй. Дугараа ирэхээр дуулж чадахгүй, харин айргаа уучихъя л гэдэг юм.
-Айраг сайн уух уу?
-Айрганд их дуртай. Бэлтгэл эхэлчихсэн үед уухаар бие жаахан сулраад байдаг гэм бий. Тийм болохоор наадмаас хойш есөн сар гартал л жаал уух юм даа. Нээрээ нэг сонин юм ярих уу? Би чинь энэ жил начны зодог өмсөж начин болсон хүн шүү дээ.
-Тийм үү. Хэний зодгийг өмсөө вэ?
-Цэргийн наадам дээр зодог маань жаахан сэмэрчихсэн байсан чинь Даш бүр ураад хаячихав аа, хөөрхий. Наадмын өмнө зодгоо солих гэсэн чинь зодог хийх газар олдоогүй. Бүгд захиалгатай гээд. Тэгэхээр нь нөгөө урагдсан зодгоо ширсэн чинь нэмэргүй, дахиж задрах гээд байна. Тэгсэн манай Гэрэлт-Од начин “Ах нь бараг өмсөөгүй юм” гээд нэг зодгоо өгсөн. Өмссөн чинь яг таардаг юм. Ингэж начин ахынхаа зодгийг өмсөөд тав давчихлаа. Маш их бэлгэшээсэн, их ч баяртай байгаа.
-Та зодгоо ширчихдэг юм уу?
-Би эсгүүр нь байвал зодгоо өөрөө оёчихдог юм л даа. Нэг их гоё сайхан биш юм гэхэд өөртөө таарсныг оёчихно шүү. Одоохондоо гоё эсгэж л чадахгүй байгаа юм. Бас байнга оёод суучихаар хуян хөөрөөд хэцүү юм билээ. 4-5-ийг оёчихсон шүү. Эсгүүр сайтай бол гайгүй л юм билээ. Яваандаа барилдахаа цөөрөөд ирэхээр зодог шуудаг оёно гэж бодож байгаа.
Дээр үеийн бөхчүүд ихэвчлэн өөрсдөө оёод л өмсчихдөг байсан гээ биз дээ. Манай аймгийн “онгоц” Чойжамц гээд цэргийн хурц арслан бөх байсан. Тэр хүн намайг хүүхэд байхад өөрөө өмсгөлөө оёж сур гээд зааж өгсөн юм.
-Сонирхолтой мэдээлэл байна шүү. Ер нь санаанаас тань гардаггүй сургамжтай барилдаан байдаг уу?
-Анх сумынхаа наадамд өмдтэй гарч барилдаад хоёр давчихлаа. Хараад байсан чинь намайг дийлэх хүн алга байна шүү. Ганцхан хөгшин бөх барилдсан, тэр нь манай ангийн охины аав. Тэр ах бас намайг хараад “За өнөөдөр чамтай л барилдвал барилдах нь. Өөр ч үзчихээр хүн алга даа, дүү хүү” гэж байна. Би дотроо хөгшин хүнийг эрхбиш давчих байлгүй ухааны юм бодоод л дагаж очоод мордчихсон чинь өнөө ах цаашаа яг унах гэснээ нэг хөл дээрээ дэнжигнээд хөмөрчихдөг юм.
Би ч пад гээл яг дор нь орж байгаа юм чинь /инээв/. Тэгсэн ангийн хүүхдүүд “Ангийнхаа охины аавыг дийлдсэнгүй” гэж шоолоод бөөн юм болсон. Тэр ер санаанаас гардаггүй юм. Их сургамжтай, хөгжилтэй явдал болсон. Бас тэр барилдааны дараа нутгийн маань хоёр хөгшин “Миний хүү битгий бөхөө хаяарай. Анх барилдаж байгаа хүн түрүү бөхөд унах сайн байдаг юм шүү дээ” гэж байж билээ.
-Бөхийн эрдэм заасан багш нарынхаа тухай ярих уу?
-Олон багштай хүн дээ. Анхны багш гэвэл нутгийн минь бөх Загдсүрэн ах байна. Бас манай Багануурын МУГТ О.Энхтайван багш байна. Намайг өсвөрийн улсын аваргад авч орж байлаа. Тэгээд Намшир багш дээрээ ирж дөрвөн жил бэлтгэл хийсэн. Бүр гэр оронд нь амьдраад хоолыг нь идээд Намшир багшийн хүүхэд шиг хоёр жил хэртэй амьдарсан. Одоо ч холбоотой.
2008 оноос хойш Сэрээтэр багштай бэлтгэл хийсэн. Мөн Бадам-Очир начин, Гэрэлт-Од начин ах нар маань байна. Отгонбаяр начин, Батмөнх заан нартайгаа байнга л барилдаанаа ярьж зөвлөөд явж байдаг. Манай аймгийн цолтой бөхчүүд нас нь ахиад бид нараас нэлээд тасарчихсан. Үе тэнгийн бид нар л бие биендээ нэмэр түшиг болоод явж байна шүү дээ.
-Хотод орж ирээд ямар нэг клуб, дэвжээнд харъяалагдаж байв уу?
-Анх хотод орж ирээд “Нарантуул” клубт тамирчин болж байлаа. Сайхансамбуу гуай чинь ийм клуб байгуулаад хөдөөнөөс барилдчихаар хүүхдүүд олж ир гээд Намшир багш, Өвгөнхүү харцага зэрэг хүмүүсийг явуулсан юм билээ. Монголынхоо 6-7 аймгаар тойрч хүүхэд цуглуулсан гэдэг юм. Хэрвээ тэд нар намайг олж хараагүй бол би одоо хөдөө мал маллаад л явж байхгүй юу.
Тиймээс би Сайхансамбуу гуайд бас баярлаж явдаг юм. Тэр клубт хичээллэж байсан хүүхдүүдээс бас олон сайхан бөх төрлөө дөө. Баасандорж заан, Өсөхбаяр заан, Санжаадамба заан, бид нараас гадна аймаг, цэргийн цолтой залуучууд ч байгаа.
-Ноднин байх аа. Спорт хороод татан буугдах нь гэсэн чинь Батчулуун арслан “Тэгвэл мал дээр гарна аа” гэж байна гэсэн яриа дуулдсан. Нээрээ мал дээр гаръя гэж бодсон юм уу?
-/Инээв/. Тэр чинь онигоо байхгүй юу. Санжаадамба бид хоёрыг л хүмүүс явуулж байгаа юм. Бид хоёр чинь угаасаа л малчин гаралтай улс. Барилдахаа болихоороо мал дээр гарна аа гээд л тоглоом шоглоомоор хэлснийг хүмүүс тэгээд ярьчихсан байсан.
Сүлд ч тэгээд татан буугдсан л даа. Уг нь цөөхөн 30-аад л бөхтэй байсан шүү дээ. Сул цалин авдаг хүмүүс гэж ад үзээд л татан буулгачихсан. Үндэснийхээ юмыг ойлгохгүй хүмүүс нь ойлгодоггүй л юм байна. Би хувьдаа тэрнээс хойш өөр хорооны харьяалалд ороогүй л байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Тун удахгүй хүмүүсийн “нэхээд” байгаа улсын заан цолны эзэн болоорой гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе?
-За баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд цолоо ахиулахын төлөө хичээнэ. Цолоо ахиулна гэдэгтээ ч итгэлтэй байна аа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!