- Хар алмаз буюу Данийн Хааны Номын Сан дахь Монгол номын цуглуулга -
Дани улс нь хойд Европын арлын орнуудын нэг ба олон мянган жилийн суурин амьдралын хѳгжил нь бүх зүйлдээ дадал болж, нийцэн зохицсон. Энэ утгаараа хүн ардынх нь хүмүүжил, сэтгэлгээ үүндээ шингэж хөгжсөн орон юм.
Хүн ам 5 сая гаруй ч 1814 онд колончилсон Ногоон арлыг /Хойд мөсөн далайн мөсөн арал/ оруулахгүйгээр тооцвол Монгол орноос 36 дахин бага газар нутагтай.
Нийслэл Копенхаген нь ногоон хот гэдгээрээ алдартай. Энэ хотын өнгө төрхийг дундад зууны үеийн нэгэн хэвийн байшин, тэр дундаа дугуйчдаар нь олон хүн төсөөлдөг.
Дэлхийн хамгийн аз жаргалтай орны жагсаалтыг байнга тэргүүлдэг. Энэ улсын нэг онцлог нь ЯНТЕЛОВ буюу Онцгойрохгүй байх ёс нь хүн ардын амьдралын бичигдээгүй хууль, хэвшил болон мөрдөгддөг. Энэ нь товчхондоо хэнч тодорч, илүүрхэхийг дэмжихгүй байх юм.
Энэ орныг зорин ирсэн жуулчид, аялагчид, албаны хүмүүсийн хамгийн түрүүнд очдог гол цэг бол НюХавн /Шинэ боомт/ юм. Эндээс хот доторх усан замын аялал хийдэг ба 20 минут тутам задгай завиар жуулчдад үйлчилдэг.
Копенхагенд зочлон аялаж буй дийлэнх хүмүүсийн аялал эндээс эхэлдэг гэж болно. XVIII-XX зууны үед Нюхавн нь хамгийн бохир заваан, биеэ үнэлэгч, архичдын гудамж байсан бол одоо өнгө алагласан хуучны барилга, усан боомт дагасан төрөл бүрийн үнэтэй зоогийн газрууд тасралтгүй үргэлжилсэн, хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэг болсон байна.
Дэлхийн алдарт үлгэрийн зохиолч Х. К. Андерсен энд хэсэг хугацаанд амьдарч байсан гэдэг нь олон хүн ирж үзэхийг хүсэх бас нэг шалтгаан болдог.
Энэ 40 минутын усан замын аялалыг тайбарлагч 2-3 хэлээр Хатан хааны ордоноос эхлээд орчин цагийн Дани барилга загварын илэрхийлэл болсон Шинэ Дуурийн Театр, Копенхагений бэлэг тэмдэг болсон Ханс Кристиан Андерсений үлгэрийн баатар усан гүнжийн эрэг дээрх баримал, Хатан хааны усан онгоц, Копенхагены хамгийн үнэтэй орон сууц, дэлхийн гурван удаагийн шилдэг ресторон Нома, Үндэсний Музей болон Хар алмаз буюу Даний Хааны Номын Санг онцлон тодорхойлж, тайлбарладаг.
Хар алмаз буюу Данийн Хааны Номын Сан нь 1648 онд хаан Фредерик III Европ номын цуглуулга дээрээ суурилан нээсэн ба 1793 онд олон нийтийн номын сан болгон ѳѳрчилж, 1989, 2005 онуудад Копенхаген Их Сургууль, Данийн Үндэсний Шинжлэх Ухааны номын сангуудтай нэгдэн 2006 оны 1 сарын 1-нд албан ёсоор Хааны номын сан, Данийн Үндэсний Номын сан ба Копенхаген Их Сургуулийн номын сан болсон байна.
Копенхагений Хааны Номын Сангийн Монгол цуглуулгад 560 гаруй Монгол хэлээр бичигдсэн ном, гар бичвэр, модон бар, судар багтаж байгаа
Энэ номын сангийн хуучин суурин дээр 1999 онд Даний архитекторч Шмидт Хаммер Лассены загвараар хар гантиг, шилээр номын сангийн зориулалтын орчин үеийн барилга барьсан ба энэ гайхалтай уран барилгын бүтээл нь баруун талд нь байрлах боомт, далайн усанд нарны гэрэл ойн туяаран цацардаг учир ХАР АЛМАЗ гэж нэрлэх болжээ.
Дотроо концертын болон 8 уншлагын заалтай ба дуу авианы дээд зэргийн тоноглолтой энэ гайхалтай санд 6,1 сая ном, сэтгүүл, 18,6 сая хуулбар, фото зураг, 7,6 сая эмхтгэл, товхимол гэх мэт байдгаас онцолвол, алдарт зохиолчдын гар бичвэрүүд, түүхэн тэмдэглэлүүд, 1532 оны 1200 хуудас 400 гаруй зурагт хуудас Испанийн эзлэн түрэмгийлэх тэмдэглэл, Испанийн эхэн үеийн колончлолын бодлого, 1255 оны Хамбүрг Библи гэх мэт нэрлэж баршгүй үнэт дурсгал, бүтээлүүд байдгаас гадна Монгол гар бичвэр, ном судар, хэвлэлүүд уншлагын заалаар олон нийтийн хүртээл болдог.
Копенхагений Хааны Номын Сангийн Монгол цуглуулгад 560 гаруй Монгол хэлээр бичигдсэн ном, гар бичвэр, модон бар, судар багтаж байгаагаас 10 гаруй нь Данийн Үндэсний Музейд хадгалагдаж байна.
Энэ хэмжээний их Монгол хэл дээрх гар бичвэр, номын цуглуулга нь дэлхийд Монгол болон Оросын номын сангийн цуглуулгын дараа орох гуравдагч томоохон сан хѳмрѳг гэж болно.
Тус номын сан Монголын шашны судар, тѳрийн болон ахуйн холбогдолтой ном, сүсэг бишрэлийн тухай маш ѳргѳн хүрээтэй цуглуулга болоход нь Копенхагений Их Сургуулийн Тѳв Азийн Хэл Судлалын профессор Кааре Грѳнбечийн их үүрэг гүйцэтгэсэн.

Монголын уран зохиолын бараг бүх тѳрѳл энэ цуглуулгад багтсан байдаг.
Мѳн Кааре Грѳнбечийн хүсэлтээр Цахар Монголын уламжлалт аман үлгэр, домогийг нутгийн ардаар яриулан нилээдийг тэмдэглэн авсан нь Монгол угсаатан судлалын аман сурвалжийн үнэт ѳв болох юм.
Түүнчлэн сүм, дуганы сурагчдад зориулсан ёс суртахууны сургаал болон ёгт үгс 60, оноч мэргэн үг, зүйр үг, оньсогонууд багтаасан тэмдэглэл 3, Монгол Гэсэр хааны туульсаас I-VII, X, XI, XV дуунууд, Энэтхэг суурь дээр үндэслэсэн хүүрнэл ѳгүүллэг 46, Хятад туужийн орчуулга 59, бурханы шашны там руу аялсан тэмдэглэл 8, Mанж-Moнгол сурах бичиг, философи, Хятад философи болон албан бичгийн орчуулга 26 гэх зэрэг гайхамшигт оюуны ѳв хадгалагдаж байна.
Энэ гайхалтай Монгол судар, номын цуглуулгыг Данийн Хааны Газар Зүйн нийгэмлэгийн Ѳвѳр Монгол руу хийгдсэн Тѳв Азийг Судлах Даний II баг 1938-1939 онд 560 гаруй дээрх номоор баяжуулсан байна.
Ѳвѳр Монголын бичгийн болон уламжлалт аман зохиолийг бичиж, тэмдэглэж, баримтжуулахад их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Кааре Грѳнбеч юм.
Тэрээр энэ багын гол хүн байсан ба хэл шинжлэлийн ухааны гайхалтай эрдэмтэн байжээ.Тэрээр Ѳвѳр Монголд нэлээд хүчин чармайлт гарган байж маш хүнд хэцүү цаг үед Монгол номын цуглуулгыг хийж чадсан юм.
Эдгээр бүтээлүүд дотор нэлээд хувийг Халх Монгол болон Буриад ном эзэлдэг. Мѳн түүнтэй хүч хавсран туслаж байсан хүмүүс бол Даний судалгааны багын гишүүд болох Хеннинг Хаслунд Кристенсен болон Вернер Якобсен, Шведийн худалдаачин Георг Сѳдердом нар байжээ.
Кааре Грѳнбеч анх шашны бус, тѳрийн болон ардын аман, бичгийн ном, товхимолыг аль болох их хэмжээгээр цуглуулахыг зорьж байсан хэдийч бурханы шашны бүрээлүүдийн орчуулгыг мѳн хамруулсан нь одоо шашин судлалын арвин эх сурвалж болж байна.
Ѳвѳр Монголын газар нутагт байсан Японы түрэмгийлэгчдийн шахалтаас шалтгаалан Кааре Грѳнбечийн судалгааны баг тѳлѳвлѳсѳн хугацаанаасаа 3 сар хоцорсон ч, Цахарын Хойд сүмээс 400 гаруй түүхэн бүтээлүүд, судар, ургийн бичгүүдийг халдлагаас урьтан цуглуулгандаа багтааж амжжээ.
Кааре Грѳнбеч Монгол судар, номнуудад маш хүндэтгэлтэй хандан тэдгээрээс ургийн бичгүүдийг түүх судлалын гайхамшигтай, сонирхолтой эх сурвалж хэмээн онцгойлон тодорхойлоод, …барууны эрдэм шинжилгээний тѳвүүдэд хоёрыг л харж байлаа… хэмээн дурьдсан байдаг.
Эдгээр судар, номын цуглуулга нь Дэлхийн болон Монголын түүхийн хямралт он цагийг сѳрѳн, бартаат их замыг туулан байж бидний үетэй золгож байна.
Кааре Грѳнбеч Монгол номын цуглуулгаа Японы эзлэн түрэмгийлэгчдийн гараас маш хүнд замыг туулан гаргаж авч, арайхийн Данид авчирсан.
Кааре Грѳнбеч Монгол номын цуглуулгаа Японы эзлэн түрэмгийлэгчдийн гараас маш хүнд замыг туулан гаргаж авч, арайхын Данид авчирсан хэдий ч, яг энэ үед Дэлхийн 2 дайны үйл явц Дани улсад хүнд цохилт болсон байсан учир тѳлѳвлѳгѳѳ ёсоороо Копенхагений Тѳв Азийн хэлтэст байршуулах боломжгүй болж, 1949 он буюу дайн дуустал ДҮМ.н Угсаатны салбарт хадгалуулж байжээ.
Ингээд 1949 онд Даний Хааны Номын Санд албан ёсоор шилжүүлж, Кааре Грѳнбечийн зѳвшѳѳрлийн дагуу Монголын уран зохиолын ”Хуучны цуглуулга”-д нийлүүлэн байршуулжээ.
1950 онд уг гар бичвэр, он тоолол, түүхийн бүтээл, ном, судруудыг ангилан тѳрѳлжүүлсэн байна.
Эдгээр номуудаас заримыг онцгойлон дурьдвал:1650-1911 оны хооронд Бээжинд хэвлэгдсэн Бурханы шашны гар бичвэрийн хувилбар 219, Монголын уран зохиол, түүх болох Юань улс, Алтан хааны түүхэн зохиолууд байдгаас.
Эдгээр онцгойлон дурьдаад барамгүй Монголын оюуны үнэт ѳв болсон судар, номнууд нь Хар алмаз буюу Данийн Хааны Номын Санд хадгалалт, хамгаалалтын хамгийн ѳндѳр түвшинд байж, судлаач, сонирхогчдын оюуны мэлмийг мялаан байна.
Хэдийгээр Бурханы шашин, угсаатан, хэл шинжлэл, ардын анагаах ухаан гэх мэт чиглэл бүрийн Монгол судлаачдын гарын авлага болон судлагдаж хараахан амжаагүй байгаа боловч, Дани, Швед, Герман зэрэг орны эрдэмтэд нилээд анхаарал тавин хандаж байна.
Монголын оюуны үнэт ѳв болсон судар, номнууд нь Хар алмаз буюу Данийн Хааны Номын Санд хадгалалт, хамгаалалтын хамгийн ѳндѳр түвшинд байж, судлаач, сонирхогчдын оюуны мэлмийг мялаан байна.
Эдгээр номыг унших болон судлахыг хүссэн оюутан, судлаачид номын сангийн холбогдох цахим хуудас руу орон унших номоо олоод захиалгаа хийдэг. Ингээд 1-2 хоногийн дотор захиалсан ном уншлагын зааланд бэлэн болсон тухай цахим захиа хүлээн авдаг.
Монгол эртний ном тус номын сангийн Баруун уншлагын заал буюу Эртний ховор санд харьяалагддаг. Энд хүмүүс чѳлѳѳтэй орж гарахыг хориглосон, нилээд хатуу журамтай байдаг.
Хэдийгээр энэ их оюуны үнэт ѳвѳѳ гадны номын санд алдсан мэт харагдаж байгаа боловч, Монгол орны улс тѳр, эдийн засгийн хямрал үүсч намын нэр доор бүх сүм дуган, оюуны болон эдийн соёлоо хайр найргүй устгаж байсан, Ѳвѳр Монголд мѳн Япон эзлэн түрэмгийлж, Хятад эзэрхийллээ бататгахыг хүсч, соёлыг нь хүн ардтай нь хүйс тэмтэрч эхлэсэн үеүүдэд ѳѳрийн амь насыг үл хайхран маш хол замыг туулан энэ арвин Монгол номын санг бидний үед хүргэсэн Кааре Грѳнбеч болон түүний хамтран зүтгэгчдэд талархаад баршгүй.
Монгол Улс хэзээ шинжлэх ухааныг үнэлэж, оюуны соёлоо дээдлэж, зориулалтын хадгалах байр, савтай болж хамгаалж чаддаг болсон тэр үед энэ үнэт ѳв Монгол нутагтаа буцаж, Монгол судлаач, уншигч, хүүхэд, залуучуудын гарын авлага болж, оюуны цангааг тайлна гэдэгт итгэлтэй байна.
Арц хүжний үнэр нь шингээстэй, баринтаг нь хүртэл гараар оёсон зарим нэг их хүлгэн судрууд нь захаасаа бага зэрэг сэмэрсэн ч, 80 жил салхи оруулахыг хүлээн он цагийг маш хүчтэй сѳрж бидний үед ирсэн оюуны эх сурвалжаа судалж эхлэвэл, Монголын түүх, бурханы шашин, Монгол зан үйл, ардын аман болон бичгийн зохиол, сурган хүмүүжүүлэх ухааны шавхагдашгүй ундрага болох юм.
Зарим эртний /XVII-XVIII зууны/ судруудыг нь тайлж уншиж учир зангилааг гаргахад нилээд цаг зарцуулахаар байдаг. Учир нь зарим үг нь орчин цагийн бичгийн хэлээс тэс ѳѳр, мѳн нутгийн ѳвѳрмѳц хэллэгийн онцлог зэрэг нѳлѳѳлдѳг.
Дийлэнх гар бичвэрүүд нь эгэл жирийн лам, маарамба, зурхайчийн бичсэн судар, тэмдэглэл, сургаалууд байдаг ба Монгол бичгийн албан ёсны дүрэмд тѳдийлэн баригдаагүй байдаг учир утгыг нь гаргахын тулд заавал бүтэн ѳгүүлбэрээр унших шаардлагатай байдаг.
Ингээд Дани, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа ѳргѳн байж, судлаач, ном сонирхогч, оюунтануудын мѳр Хар Алмаз руу хѳврѳн, хойч үедээ үлдээх оюуны ѳмч нь Монголдоо байж, Монголоороо овоглогдоосой гэж хүснэм.
Судар номын мѳр тодрон гэрэлтэж,
Монгол хүн бүрийн оюуны мэлмий хурц байг
М. Эрдэнэчимэг /Угсаатан судлаач, Музейн мэргэжилтэн/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!