Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос 700 гаруй хүүхэд Эрээн хотын дунд сургуульд суралцдаг

Б.Энх
2014 оны 10 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Эдийн засгийн олон салбарт хамтран ажилладаг урд хөршид эдүгээ 5000 гаруй Монгол оюутан суралцдаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Тэдний олонх нь улсдаа дээгүүрт ордог Бээжингийн их сургууль, Ардын их сургууль, Гадаад харилцаа, Үндэсний их сургуулиудад суралцдаг.

Эдгээр сургуульд хүүхдээ суралцуулахын тулд эртнээс бэлтгэлээ базааж, хүүхдээ багаас нь Хятад хэлтэй болгох гэсэн эцэг, эхчүүд цөөнгүй байдаг болжээ. Тиймээс бид энэ удаа Монгол хүүхдүүдийн суралцдаг Эрээн хотын нэгдүгээр дунд сургуулиас сурвалжлагаа бэлтгэлээ.

Энэ хичээлийн жилд 140 гаруй Монгол хүүхэд суралцаж байна

Эрээнд 10 гаруй сургууль байдаг ч Монгол хүүхдүүдийн олонх нь энэ сургуульд ирж суралцдаг ажээ. Биднийг очиход барууны хэв маягийг дуурайсан бүхэл бүтэн их сургууль юм уу гэж эндүүрмээр тун нарийн зохион байгуулалттай том сургууль угтсан юм.

Тус сургууль өмнө нь Эрээн хотын олон улсын хэлний сургууль гэсэн нэртэй байж. Харин одоо Эрээн хотын нэгдүгээр дунд сургууль болжээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн нийт долоон бүлэгт 10-16 насны 140 гаруй Монгол хүүхэд суралцаж байна. Сургуулийн ерөнхий бүтэц, зохион байгуулалттай танилцвал энд дотуур байр, хичээлийн байр, соёлын төв, спортын талбай, супермаркет гээд байхгүй юм алга.

Бүгдийг нэг дор төвлөрүүлж өгсөн нь манайхны их, дээд сургуулиудын бүтэц зохион байгуулалтаас ч илүү байв. Тус сургуулийн хотхон нийт 26 барилга байгууламжтай юм. Хичээлийн байр болон дотуур байр нь тусдаа, тэр бүү хэл хими, физикийн лаборатори, туршилт хийдэг анги танхим нь хүртэл тусдаа байрладаг ажээ.

Сургуулийн нийт талбай нь 170 мянган м.кв. бөгөөд түүнээс барилга байгууламжийнх нь нийт талбай 50 мянган м.кв талбайг эзэлдэг Хятад-Монголын хамтарсан том цогцолбор сургууль юм байна.

Монгол сурагчдад Хятад хэлний хичээлийг түлхүү ордог

Эрээнд хүүхдээ суралцуулах хүсэлтэй эцэг, эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор багш нарын заах арга барил, хичээлийн хөтөлбөртэй нь түлхүү танилцлаа. Энд “Улсын хэмжээний нэр хүндтэй сургууль”-ийн багш болох сонгон шалгаруулалтад орж, шигшигдсэн, заах арга зүй, мэдлэг боловсрол сайтай шилдэг багш нар ажилладаг гэдгийг сургуулийн удирдлагууд нь хэлж байв.

Сургалтын онцлог, давуу талуудыг нь сонирхож, тэнд суралцаж байгаа Монгол сурагчдаас зарим зүйлийг асууж сонирхсон юм. Эрээнд сурч байгаа Монгол хүүхдүүд нэлээд шахуу программаар хичээллэдэг юм байна.

Гэхдээ эндэхийн багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг учраас хичээлийн хоцрогдол бараг гардаггүй гэж байв. Мөн тус сургуулийн удирдлагууд жил бүр онц, сайн сурсан, урлаг спортоор бусдыгаа хошуучилсан шилдэг сурагчдаа тэтгэлэг хөтөлбөрт хамруулж урамшуулдаг нь Монгол сурагчдад илүү ихийг сурч мэдэх урам хайрладаг гэж байсан.

Хилийн дээс алхаж суралцаж байгаа Монгол хүүхдүүдийн олонх нь Хятад хэл сурах зорилгоор ирж суралцдаг аж. Тиймээс тэдний хэлний мэдлэгийг сайжруулахын тулд Хятад хэлний хичээлийг түлхүү ордог гэж байсан.

Тухайлбал, унших, бичих, сонсох, ярилцах, зохион бичлэг хийх хичээлийг голчлон ордог ажээ. Түүнчлэн Монгол хүүхдүүдийн авьяас чадвар, гадаад хэл, техник технологийн мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор англи хэл, компьютер, дуу хөгжим, биеийн тамир, уран зураг гэсэн бусад дагалдах хичээлийг ордог аж.

Ханын самбарыг нь харвал Монгол хүүхдүүдийн уралдаан тэмцээнд орж байгаа зураг дүүрэн байх аж. Авьяас чадвар сорьсон тэмцээн уралдаан ч бас чамгүй олон зохиодог бололтой. Сурагчдын хэлний мэдлэгийг сайжруулахын тулд Хятадын хэл соёлтой холбоотой үндсэн хичээлүүдийг бас үзэж судалдаг гэж байв.

Тэгээд гурван жилийн сургалтын хугацаа нь дуусмагц, улсын шалгалтад тэнцсэн сурагчдад Эрээн хотын олон улсын хэлний сургуулийг төгссөн гэсэн үнэмлэх олгодог юм байна. ӨМӨЗО-ны нэр хүндтэй сургуулийн нэг болох энэ сургууль нь бага, дунд, ахлах ангийнханд зориулсан тохилог гэгч нь дотуур байртай юм. Энд сурахаар ирсэн Монгол хүүхдүүдийн амьдардаг дотуур байр нь хүртэл тусдаа байдаг гэдгийг албаны хүн танилцуулж байсан.

Манайхны зарим эцэг, эхчүүд хүүхдэд багаас нь гадаад хэл заах нь эх хэлээ төгс сайн эзэмшихгүй байх сөрөг талтай гэж болгоомжилдог. Тэгвэл энэ сургуульд Монгол хэлний хичээлийг бас давхар үзэж судалдаг ажээ.

9-23 насны хүүхэд, залуус хэлний бэлтгэлд суух боломжтой

Тус сургуулийн элсэлтийн журмыг сонирхвол 9-23 насны хүүхэд, залуус энд ирж хэлний бэлтгэлд сууж болох нь. Хэлний бэлтгэлд суух хүсэлтэй хүүхдүүдийг жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр бүртгэдэг юм байна. Мэдээж, энд Хятад улсын хууль тогтоомжийг дагаж мөрддөг учраас хатуу дэг журамтай.

Тэр утгаараа насанд хүрэгчид болон хүүхдийн анги нь тусдаа байдаг. Харин гурван жилийн сургалттай сургуульдаа 10-16 насны хүүхдүүдийг элсүүлдэг. Хятад хэлнийхээ сургалтыг төгсчихөөд тус сургуулийн ахлах ангид үргэлжлүүлэн суралцаж болдог. Энд суралцаж байгаа хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг юм байна. Тиймээс бид сургалтын төлбөр болон Монгол хүүхдүүдийн суралцах чадвар, биеэ дайчлах байдал зэргийг албаны хүнээс асууж тодруулсан юм.

Нэг жилийн төлбөр 3000 юань

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Сайханцэцэг:

-ӨМӨЗО-ны бүх гадаад оюутнуудын дунд зохиодог уралдаан тэмцээнд Монгол хүүхдүүд идэвхтэй оролцож үргэлж дээгүүр байр эзэлдэг.

ӨМӨЗО-ны бүх гадаад оюутнуудын дунд зохиодог уралдаан тэмцээнд Монгол хүүхдүүд идэвхтэй оролцож үргэлж дээгүүр байр эзэлдэг.

Манай сургуулийг одоогоор 700 гаруй Монгол хүүхэд суралцаж төгсөөд байна. Сургуулиа төгсөөд Хятадын томоохон их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байгаа хүүхэд ч цөөнгүй бий.

Тухайлбал, саяхан бүх Монгол оюутнуудын дунд зохиосон Хятад хэлний тэмцээнд манай сургуулийг төгссөн хүүхэд түрүүлж, хамгийн өндөр оноо авсан. Мөн Бээжин хот болон Хуайнань мужид зохиосон тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 15 сурагчийн нэгээр шалгарсан.

Сургалтын төлбөрөө бид хагас жилээр нь авдаг. Нэг жилийн төлбөр 3000 юань. Үүнд дотуур байрны хэрэгсэл, сургуулийн дүрэмт хувцас, ном дэвтэр бичгийн хэрэгслийн зардал бүгд багтдаг.

Зураг