Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

800 саяын төсөлтэй багш

М.Ган
2014 оны 9 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

МУИС-д хичээл заагаад  ердөө 14 хонож буй шинэхэн багш Ү.Отгонбаяр манай “Амьдралын тойрог” булангийн зочин. Баасан гаригийн үдийн хичээлийн дараа түүнтэй болзлоо.

Саравчтай малгай, саарал жинс, үүргэвчтэй залуу биднийг угтсан нь МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн багш Ү.Отгонбаяр. Япон, Америк, Англи, Дани зэрэг улсад сурч магистр, докторын зэрэг хамгаалснаас гадна, олон зуун сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлсэн, бас судлаач багшаар нэртэй сургуульд багшилж байгаад эх орондоо ирсэн гэдгийг өмнө нь сонссон болохоор толгой тархинаас нь ихийг “ухах” санаатай очлоо. Монголчууд бид “Холоос ирсэн хүнээс үг сонс” гэдэг дээ. Залуучуудад үлгэр дууриал болох түүнээс чамгүй л олон зүйлийг асууж шалгаахаар хичээлийнх нь танхимд орцгоолоо.

Олон нийт таньдаг, байнга л хэвлэлд бичиж, ярьдаг хүмүүсээс  бид энэ удаа холдож, төдийлөн танигдаагүй ч монголчуудын таньж мэдэхэд илүүдэхгүй, хийсэн бүтээсэн зүйлтэй шилдэг залуучуудын төлөөллийг олж чадсандаа олзуурхлаа.

Гадаадад сурдаг, сурч төгссөн монголчуудын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт чуулж, Төрийн гурван өндөрлөг илгээлт дамжуулж, Гадаад харилцааны сайд илтгэл тавьж томоохон хэмжээний хурал болсон. Сурвалжлагын гол дүрээ бид тэндээс олсон юм.

11 ДҮГЭЭР СУРГУУЛИАС ТӨРСӨН МАТЕМАТИКЧ

Ү.Отгонбаяр багшийг сүүлийн 17 жил гадаадын их дээд сургуульд сурч, багшилж байсан тухай өмнө нь сонссон байв. Ангид ормогцоо залуу багш өмнө нь хэвлэл энэ тэрд гарч байгаагүй, туршлага муутай гэдгээ бидэнд анхааруулсан юм. Гэхдээ тэр өнгөрсөн жил эх орондоо ирэхдээ эдийн засагч Д.Жаргалсайханы “De Facto” нэвтрүүлэгт орж шинжлэх ухаан яагаад хэрэгтэй тухай ярилцаж байсныг салбарынхан нь сайн мэддэг юм билээ.

Удаан хугацаанд гадаадын сургуульд багшилж, төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан залуу багшийн тухай манай уншигчид болон боловсролын салбарынхан их сонирхож байгаа нь гарцаагүй. Түүний бага нас, математикт хэрхэн дурласан талаар сонирхосноор бидний яриа эхэлсэн.

Отгонбаярын аавыг Үүеэ гэдэг. Аав, ээж нь хоёул МУИС-ийн газарзүйн анги төгссөн,газар зүйч мэргэжилтэй хүмүүс байдаг гэнэ. Гэхдээ мэргэжлээрээ ажилласан нь тун бага. Аав нь Барилгын цэргийн ангид олон жил ажилласан, харин ээж нь насаараа төмөр замд ажилладаг байсан тухай тэрээр дурссан юм. Тэд Сүхбаатар аймгийн уугуул аж.  

Отгонбаяр багш эхээс дөрвүүл, гурван ахтай, айлын бага нь. Хамгийн том ах нь холбооны инженер мэргэжил эзэмшсэн бол удаах нь физикч аж.  Бага ах нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж газар зүйч болсон байна.

Отгонбаяр 1976 онд Улаанбаатар хотод төржээ. Олонх хүүхэд тоо, математикийн хичээлд бус арай өөр хөнгөн төрлийн хичээлд дуртай байдаг бол Отгонбаяр багаасаа тооны хичээлд илүү байж. Тэрээр Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургууль байгуулагдахад шалгалт өгч долдугаар ангиасаа элсэн оржээ. Түүнээс өмнө тэр үеийн Октябрийн районы 47-р дунд сургуульд сурдаг байсан аж. 11 дүгээр сургуульд ороод физик, математекийн хичээлийг улам гүнзгийрүүлэн үзэх боломж гарсан нь хожмоо надад хэрэг болсон шүү гэж байлаа.

Сайн багшийн шавь болж, уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд математикийн улсын болон бүсийн олимпиадад чамгүй олон амжилт гаргасан байна. Математикийн улсын олимпиадаас 1992 онд хүрэл, 1993 онд мөнгө, 1994 онд алтан медаль хүртэж, тэр жилээ олон улсын олимпиадаас мөнгөн медаль авчээ.

Тэрээр “Би ер нь тооны хичээлд дурладаг хүүхэд байсан. Дунд ангид ороод компьютер, мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой гэдгээ ойлгож эхэлсэн. Тэгээд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МУИС-ийн математикийн ангид элссэн” гэж ярив.

“ОНГИРЧ БАЙНА ГЭЖ БИТГИЙ ОЙЛГООРОЙ”

Оюутан залуусын хувьд гадаадад сурна гэдэг ховор олдох боломж, мөрөөдлүүдийнх нь нэг байдаг. Отгонбаярын хувьд тэдний нэгэн адил боломж олдсон байна. Гэхдээ боломж гэхээсээ илүүтэй тэрээр сайн суралцдаг оюутан байсан гэхэд илүү тохиромжтой болов уу. Тэрээр 1997 оноос хойш гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж, судалгаа хийсээр өдийг хүрчээ. Дөнгөж их сургуульд суралцаж байхдаа дундаас нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах болсон байна. Тэрээр Токиогийн их сургуульд бакалавр, магистрын зэргээ хамгаалжээ.

Оюутан хүн гэдэг зөвхөн багшийн заасан зүйлийг сураад сууж болохгүй. Би Японд сурч байхдаа математикийн хичээлүүд дээрээ багш нараасаа түрүүлж явдаг, байнга ангийн найзуудтайгаа хамтарч бие дааж ном уншаад семинар хийдэг байсан. Цаашид өрсөлдөгч байя гэвэл зүгээр хичээлээ сонсоод явах хангалтгүй” гэж амжилтынхаа эхлэлийг даруухан тодотгов. Багш хичээлээ заана, дараа нь давхар хичээл бие дааж судлан багш нараасаа асууж, илүү ихийг мэдхийг хүсдэг байжээ. Японд сургуулиа дүүргэснийхээ дараа мөн л алс холын Америк орныг зорих болсон гэнэ. АНУ-ын Пенсилваниа мужийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан байна. Тодруулбал, сэлгэдэггүй геометр гэсэн сэдвээр судалгаа хийж докторын зэрэг хамгаалжээ.

Үүний дараа Дани улсын Копенгаген хотын Копенгагений их сургуульд гурван жил судалгаа хийсэн байна. Түүний судалгаа, шинжилгээ хийх ажил үүгээр зогсоогүй. Отгонбаяр багш Копенхагны их сургуульд судалгаа хийж байхдаа Их Британы Кардифын их сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцох боломж тохиожээ. Энэ үеэр түүнд Кардифын их сургуулиас “Манайд ажиллах төсөл бичнэ үү” гэсэн хүсэлт ирсэн байна. Ингээд тус сургуулийн хамт олонтой хамтран ажиллаж, судалгаа хийх төсөл бичиж дахин Их Британи улс руу нүүх хэрэг гарчээ.

Отгонбаяр багштай ярилцаж байхад тэрээр гадныхан шинжлэх ухааны салбартаа хэрхэн анхаарч, нарийн ханддаг тухай бидэнд сонирхолтой мэдээлэл өгч байлаа.

Тухайлбал, Их Британид судалгааны долоон том зөвлөл байдаг гэнэ. Түүний бичсэн төсөл нь Инженерийн болон Байгалийн шинжлэх ухааны Судалгааны Зөвлөлд нь багтсан байж. Төсөл бичихэд нэг онцлог байдаг байна. Төслөө ямар сургууль дээр хэрэгжүүлэх, хэн хэнтэй хамтран ажиллах тухайгаа тусгах нь чухал байдаг аж. Өөрөөр хэлбэл, тухайн сургуультайгаа хамтарч бичдэг гэсэн үг. Ингээд 2010 онд төслөө бичиж нэг жилийн дараа батлагдаад гурван жил Кардифын их сургуульд судалгаа хийжээ. Гэхдээ дан ганц судалгаа хийгээгүй аж. Хажуугаар нь хичээл заадаг байж. Тодруулбал, Кардифын их сургуульд гурван жил судлаач багшаар ажилласан гэсэн үг.

Түүний хэрэгжүүлсэн төсөл нь 800 сая төгрөгийн төсөвтэй байсан тухайгаа хэлэв. Ү.Отгонбаяр “Их хэмжээний төсөвтэй төслийг ганцаараа хэрэгжүүлсэн гэж яриад онгирч байна гэж битгий ойлгоорой. Үүгээр би гадны орнууд шинжлэх ухааны салбартаа ямар их анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулж, хөгжүүлдэг вэ гэдгийг л илэрхийлэх гэсэн юм” хэмээв.

Тэрээр төслийнхөө талаар “Миний төслийн нэр Noncommutative Algebraic Topology буюу Монголоор Сэлгэдэггүй Алгебралаг Топологи. Би өөрөө математикийн сэлгэдэггүй геометр гэдэг салбарт голчлон судалгаа хийдэг.Энэ нь алгебра, геометр, анализ гэсэн математикийн гол салбаруудын уулзвар дээр байдаг маш сонирхолтой салбар. Миний төсөл нь сэлгэдэггүй геометр талгебралаг топологийн аргачлалыг гүнзгий ашиглах тухай юм.  Жишээлбэл Бөрнсайд бүлгийн локалчлал ашиглан KK онол судлах гэх мэт.

Төслийн санхүүгийн талын асуудлыг бол хариуцсан байгууллагууд нь маш нарийн тоооцоо хийгээд хянаад явдаг болохоор миний оролцоо маш бага.Төслийн мөнгө бол миний цалингаас гадна, гадаад дотоодын хурал цуглаанд оролцох, бусад эрдэмтдийг урих, мөн тэдэн дээр айлчлан очиж хамтран ажиллах зэргийг санхүүжүүлнэ. Дээрээс нь сургуулийн нарийн бичиг болон цахим тооцооны мэргэжилтнээс туслалцаа авахад зориулж хүртэл мөнгө тооцож оруулдаг.Ер нь нарийн тооцоотой, үүнийг нь суруулийн санхүүгийн алба хариуцаад явдаг. Төсөл хэрэгжиж дууссаны дараа харгалзах Судалгааны Зөвлөлдөө санхүүгийн болон судалгааны үр дүнгийн тайлангаа өгдөг” юм гэж тайлбарлалаа.

Суралцана, судалгаа хийнэ, багшилна гэхээр энэ бүх боломж бололцоо гадаадад хэр зэрэг байдаг талаар сонирхоод амжив. Үүний хариуд “АНУ-ын том сургуулиудад хэрэв математикаар докторын сургалтад хамрагдах гэж байгаа бол ихэнх тохиолдолд тэтгэлэг өгдөг. Тухайлбал, Пенсилвань мужийн их сургуульд 40 гаруй мянган оюутан суралцдаг. Жилд арван мянга гаруй оюутан төрөл бүрийн мэргэжлээр төгсдөг гэж болно. Олон чиглэл, салбар байсан ч бүгд л эхний жилдээ математикийн хичээл үзэх шаардлагатай болдог. Гэтэл тэр олон оюутанд математик заах багш нар хүрэлцдэггүй. Тиймээс энэ орон зайг нөхөх хүмүүс нь докторын зэрэг хамгаалах гэж буй оюутнууд байдаг.

Тиймээс хичээл зааж буй тэдгээр оюутнуудад тэтгэлэг гэхээсээ илүүтэй цалин өгдөг” хэмээн тайлбарлав. Залуу хүн гэхэд сурахын төлөө олон зүйлийг амжилттай амжуулж байжээ. Түүний хувьд хичээл зааж цалин авахын зэрэгцээ суралцана гэсэн үг. Гадныхан математик, физик зэрэг суурь шинжлэх ухааны чиглэлд тэтгэлэг олгох нь харьцангуй элбэг байдаг нь түүнд давуу тал болсон аж.

Их Британид байхад түүний төслийнх хугацаа нь ч дуусч. Тэгээд салбарынхаа боловсон хүчин бэлтгэх талд дээр өөрийн сурч мэдсэнээ гаргах цаг нь ирсэн гэж Отгонбаяр багш үзээд Монголдоо ирсэн нь энэ аж. Тэрээр одоо МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимд багшилж байгаа юм. Тэрээр Монголдоо бүрмөсөн төвхнөхөөр болжээ.

“МОНГОЛД САЯ ХҮНД ДӨНГӨЖ 600 ЭРДЭМТЭН НОГДОЖ БАЙНА”

Бид нэлээд хэсэг хугацаанд математик, судалгаа шинжилгээний талаар ярилцсан байв. Шинжлэх ухааны салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, шаргуу хөдөлмөрлөж байгаа ч залуу хүний хувьд хувийн амьдралынх нь талаар бид хэсэг ярилцлаа.

Отгонбаяр багш англи, япон хэлтэй. Тэрээр эхнэртэйгээ зургаан жилийн өмнө Дани улсад танилцаж байжээ. Тэд гэрлээд өдгөө таван жил болж байгаа юм байна. Эхнэр Э. Халиун нь зураач, график дизайнер мэргэжилтэй. Одоогийн байдлаар Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийг Монголдоо оруулж ирж, хувийн бизнес эрхэлж байгаа аж. Улсын их дэлгүүр, MaxMall их дэлгүүрүүдэд салбартай гэнэ. Том хүү нь гурван настай, бага нь гурван сартай.

Телевиз үзэх гэхээсээ илүүтэй ном унших нь залууст маш хэрэгтэй.

Отгонбаяр багш залуу хүний нүдээр Монголд гарч байгаа шинэлэг, өөрчлөлтүүдийг ч мөн ажиглаж явдаг байна. Сүүлийн 17 жил гадаадад амьдарч байхдаа жил бүхэн эх орондоо ирдэг байжээ. 2000 оны эхэн үеэс монголчууд өөрсдөө юм хийхийг хүсдэг мэрийлттэй, бүтээлч болсон нь ажиглагдсан тухай бидэнтэй хөөрөлдөв. Элдэв гоёл чимэггүй түүний ярианаас математик, судалгаа шинжилгээний сэдэв яаж ийгээд л холбогдоод байв. Судалгаа хийх хугацаанд түүнд чөлөөт цаг тун ховор олддог байсан гэнэ.  Харин цаг гарвал гэр бүлдээ зарцуулах, сонгодог хөгжим сонсох, ном унших сонирхолтой аж. Орчин үед цахим ном гарснаас хойш Отгонбаяр багшийн хамгийн дуртай зүйл нь цахим ном болсон гэнэ. Ер нь телевиз үзэх гэхээсээ илүүтэй ном унших нь залууст маш хэрэгтэй гэдгийг тодотгов.

Гадаадад сайн мэдлэг эзэмшээд эх орондоо ирнэ гэдэг сайн хэрэг. Сурсан мэдсэнээ зөвхөн оюутнуудад хичээл заах байдлаар гаргахгүй байлгүй гэсэн асуултад маань “Миний үндсэн үүрэг бол оюутан залууст хичээл заах. Сайн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг өөрөө математикийн салбарын төвшинг дээшлүүлэх гол хөшүүрэг болно. Жилд олон оюутан төгсөж байгаа хэдий ч яая даа гэсэн 2-3 боловсон хүчин бэлтгээд байж болно. Хамгийн гол нь чанартай сайн боловсон хүчин байхад салбар хөл дээрээ босч чадна. Тиймээс миний зорилго бол чанартай сайн хичээл заах” хэмээн өөрийнхөө Монголд ирсэн зорилгоо хэлэв. Мэдээж боломж гаргаад судалгаагаа хийх гэнэ.

Монголын шинжлэх ухааны төвшинг олон улстай харьцуулахад ямар байдаг талаар сонирхон асуухад “Юнескогийн статистикийн институтээс гаргасан судалгаагаар Монголд сая хүнд дөнгөж 600 эрдэмтэн ногдож байгаа гэсэн байна. Гэтэл хөгжингүй орнуудад гэхэд доод тал нь гурван мянган эрдэмтэн байдаг. Дани улсад гэхэд Монголоос арав дахин их буюу зургаан мянга байна.

Ингээд үзвэл манай эрдэмтдийн тоо харьцангуй цөөн. Ялангуяа 1990 оноос хойшхи шилжилтийн үед шинжлэх ухааны салбар нэлээд орхигдсон” гэж багш дүгнэлээ. Тиймээс энэ салбарыг дээшлүүлэх эх үүсвэр бол сайн боловсон хүчин. Сайн боловсон хүчин бэлтгэхийн төлөө математикийн гавал багш эх орондоо, төрөлх сургуульдаа иржээ. Түүний энэ ажилд амжилт хүссэнээр бид сургуулийн үүднээс салсан юм.

Зураг