УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Хуралдааны эхэнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байгаа болон цаг үеийн асуудлаар Үйлдвэр худалдаа аж ахуйн яамны мэдээллийг сонсож, хүйтэн, сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлж, үр тариа хураалтыг эрчимжүүлэхийг гишүүд мөн сануулсан юм.
Ерөнхий сайд Орос, Хятадад хийх айлчлалууд үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа хэллээ.
Түүнчлэн хөдөө аж ахуйн биржээс малыг амьдын жингээр худалдаалах ажлын явцыг танилцуулсан юм. Гэсэн ч энэ тухай мэдээлэл хангалтгүй. Ялангуяа малчид малаа амьдаар нь худалдахын тулд хаана хэнд хандаж, ямар аргаар худалдах нь тодорхойгүй байна гэлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын сүүлээр БНХАУ-д, харин Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийх юм байна. Энэ талаар Ерөнхий сайд хоёр хөршид хийх уг айлчлалууд нэлээд үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа хэллээ. Бүлгийн гишүүдийн зүгээс эдийн засгийн хувьд харилцан ашигтай шийдвэрлэх олон ажил байна. Мөн өмнө нь шийдэгдээгүй, хуримтлагдсан болон цаашид хэрэгжүүлэх олон чухал ажлуудыг харилцан ашигтай шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Эцэст нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Бүлгийн ахлагч С.Одонтуяагийн хэлснээр бодлогын баримт бичгийг хэлэлцэхдээ иргэний нийгмийн төлөөлөл, Төрийн бус байгууллага, эрдэс баялгийн салбарын эрдэмтэн, судлаачид болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсч, тусгахыг зорьж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!