ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан настнууд зургийн дугуйландаа суралцаарай

Б.Туул
2014 оны 9 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

-Хүүхдийн байгууллагууд дугуйлангийн сурагчдыг бүртгэж эхэллээ-

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бага, дунд ангийнханд дугуйлан секцүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН ДУГУЙЛАН ГУРВАН ЖИЛИЙН СУРГАЛТТАЙ

Хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв. Тус төвийнхөн энэ хичээлийн жилд уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 20 ангид 500 гаруй хүүхэд хичээллүүлэх юм байна.

Энэ жил тус төвд электрон автомашины засварчин, онгоц зохион бүтээгчийн анги шинээр нээгджээ. Эдгээр дугуйлангийн ач холбогдол нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх юм. Дугуйлан гурван жилийн сургалттай. Бүртгэлийн 20 мянган төгрөгийг эс тооцвол хичээл нь үнэ төлбөргүй юм байна. Урлан бүтээх төвийнхөн элсэлтээ есдүгээр сарын 1-нээс эхэлж авчээ. Бүртгэл энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэв.

ЗУРГИЙН ДУГУЙЛАНД ЗУРГААН НАСТНУУДЫГ БҮРТГЭНЭ

Хүүхдүүд хичээ­лийнхээ цагийн хуваариас хамааран долоо хоногт хоёр удаа гурван цагаар хичээллэхдээ үдээс өмнө, үдээс хойшхи ангид суралцана. Хэрэв хүсвэл сонгоны ангид орж илүү цагаар гүнзгийрүүлэн сурах боломжтой.

Хүүх­дийн урлан бүтээх төвийнхөн зургаас бу­сад бүх дугуйланд дөр­вөөс дээш ангийн су­рагчдыг хамруулдаг гэж байна. Учир нь тэд­­гээр дугуйлангийн хүүхдүүд зайлшгүй багаж хэрэгсэлтэй харьцдаг аж. Харин зургийн дугуйланд нэгдүгээр ангийн хүүхэд ч хамрагдах боломжтой. Эдний дугуйлангуудад хамрагдсан бүх сурагч сертификаттай төгсдөг.

Мөн өдөрт нэг удаа халуун аарц уучихдаг гэсэн. Энд уран зураг, сийлбэр, ханын чимэг сийлбэр, сүрлэн наамал, сүлжмэл, хүүхэлдэйн бэлэг дурсгал, баримал, хайчилбар, шүрэн урлал гэсэн төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг. Дугуйлангийн сурагчид жил бүрийн тавдугаар сард тайлан үзэсгэлэн гаргаж хүүхдүүдийн бүтээлийг дэлгэн харуулдаг юм байна. Тиймээс хүүхдүүд та бүхэн сонирхсон мэдээллээ 329426, 325703 дугаарын утсаар тодруулж асуугаарай.

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРДНЫ ДЭРГЭДЭХ ДУГУЙЛАН

Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын дэргэд дуу, бүжиг, төгөлдөр хуур, ямаха хөгжмийн дугуйлан хичээллэж байна. Эднийх энэ жил “Хаан хуур”, “Балет”-ын дугуйландаа шинэ элсэлт авч байгаа аж. Морин хуур сурах бол сургалтын төлбөр нь 70 мянган төгрөг юм байна.

Харин балет сурах бол хичээллэх ээлжээсээ шалтгаалан 50-70 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Мэдээж, хэрэг дээрх хоёр дугуйланд 5-15 насны хүүхдүүд суралцах боломжтой. Дугуйлан тус бүрийг мэргэжлийн багш нар зааж суралцагч хүүхэд багачуудыг улс, орон нутгийн хэмжээний уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулахаас гадна тайлан тоглол­туудыг хичээлийн жилийн хугацаанд хоёр удаа хариуцан зохион байгуулдаг.

ХҮҮХДИЙН ОРДНЫ ДУГУЙЛАН ДУНДЖААР 190-210 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

 Хүүхдийн ордны хувьд, уран бүтээл,  гадаад хэл, урлагийн чиглэлээр 27 дугуйлан хичээллэж байсан. Харин энэ жи­лээс дугуйлангийнхаа тоог нэмж 30 болгожээ. Энэ тухай Монголын хүүхдийн ордны захи­рал П.Анхтуяагаас тодрууллаа.

-Монголын хүүхдийн ордонд энэ хичээлийн жилд хэдэн дугуйлан хичээллэх вэ. Хэчнээн хүүхдийг хамруулах боломжтой вэ?

-Манайх 18 нэр төрлийн 27 дугуйлан хичээллэж байсан бол энэ жилээс 30 төрлийн дугуйлан хичээллүүлэхээр төлөвлөсөн. Өчигдрөөс дугуйлангууд танилцуулгаа хийж бүртгэл эхлээд байна. Группын болон ган­цаар­чилсан ангид 2000 гаруй хүүхэд байдаг.

Одоо гурван дугуйлан нэмэгдэхээр 2500 хүүхдийг хамруулах бо­ломжтой. Морин хуур, төгөлдөр хуурын дугуйлан ганцаарчлан заах шаардлага тавьдаг. Харин группын ангилалд шатар, бүжиг, зургийн дугуйлан байна. Манай группын дугуйлан 180-250 орчим, ганцаарчилсан дугуйлан 18-20 хүүхэд авах боломжтой.

-Дугуйлангуудын хи­чээл­лэх цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөөч?

-Хүүхдийн чөлөөт цагт зориулсан хөтөлбөртэй учраас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн цагийг зөрүүлж ордог. Тухайн хүүхэд өглөө ордог бол үдээс хойш, үдээс хойш бол өглөө анги сонгох боломжтой. Тиймээс сургуулийн хүүхдүүдийн хичээл орсны дараа бид хүүхдээ хичээлээ зохицуулаад ирэх боломжоор нь хангаж есдүгээр сарын 15-ныг хүртэл бүртгэдэг.

-Хүүхдүүд сонирхсон дугуйландаа сурахын тулд хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ?

-Дугуйлангийн төлбөр харьцангуй гайгүй. Төлбөрийн дундаж нь жилийн 190-210 мянга, нэг сарын 18-23 мянган төгрөг. Ихэнх нь группын дугуйлан байдаг. Харин сонгодог нарийн мэргэжлийн хүүхэдтэй тулж ажилладаг ганцаарчилсан дугуйлан сарын 100 мянган төгрөгийн төлбөртэй байгаа.

Жилээр бодохоор арай өндөр гарч магадгүй. Тухайн сонголт өөрөө ямар үнэтэй, үнэхээр ганцаараа сурах ёстой гэдэг утгаараа төгөлдөр хуурын дугуйлан өндөр үнэтэй байдаг. Манай багш нар илүү цагаар ажиллаж хүүхдүүдээ улсын уралдаан тэмцээнд бэлтгэдэг. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг