Өмнөговь аймагт хоолны хордлого гарч 69 хүүхэд хордсон талаар өмнө мэдээлж байсан билээ.
Хордлоготой холбоотойгоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн урд салбарын хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийжээ.
Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 40 арчдасны 26-гаас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байна.
40 арчдасны 26-гаас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн
Мөн цэцэрлэгт ариутгал хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байжээ.
Түүнчлэн цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний нян илэрсэн бөгөөд ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байж болзошгүй гэж мэргэжлийн хяналтын байцаагчид үзэж байгаа ажээ.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй гэж үзэн Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэлсэн байна.
Мөн Ханбогд сумын хөрс, ундны уснаас дээж авч МХЕГ-ын төв лабораторид шинжилж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!