- Өмнөговь аймгаас мэдээлж байна -
Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авснаас тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна.
Өнөөдөр 12.00 цагийн байдлаар хөнгөн хордлоготой 64 хүүхдийг гэрт буцааж эмчийн хяналтад авлаа.
Энэ сарын гуравны өдрөөс цэцэрлэгийн, дараа өдрөөс нь сургуулийн хүүхдүүд гэдэс нь базалж гүйлгэсэн, өндөр халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн хавар болон долоодугаар сард бүх сумандаа ажиллан сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн байдал зэргийг шалгаж, заавар, зөвлөгөө өгч байсан юм.
Ханбогд суманд одоогоор Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн хоёр байцаагч болон халдвартын эмч нар ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн дотуур байрны хоолонд хордсон 103 хүүхдийн бие сайжирч бүгд эмнэлгээс гарлаа.
Цаашид аймаг, нийслэл, сумдын Засаг дарга, түүний харьяа боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалт зэрэгт онцгой анхаарч, дотоод хяналтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!