Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

“River stone” орон сууцны хорооллоос гурван хүн унаж, амиа алдлаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
“River stone” 10 давхар 2 блок 262 айлын орон сууцны хотхон

Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа “River stone” орон сууцны хорооллоос  өчигдөр өглөөний 11.00 цагийн үед гурван хүн /барилга дээр ажиллаж байсан/ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Бидэнд мэдээлсэн эх сурвалжийн хэлж буйгаар энэхүү орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХКомпанийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байгаа ба барилгын ажлыг аюулгүйн ажиллагааны ямар ч дүрэм журамгүйгээр явуулдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, тус барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагддаггүй бөгөөд тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байдаггүй байсан байна.

Ажлын аюулгүй байдал алдагдсаны улмаас ийнхүү барилга дээр ажиллаж байсан гурван залуу найман давхраас /нийт 10 давхар/ унаж, амиа алджээ.

Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан гэнэ. Гэтэл  дүүжин шатны бэхэлгээ тасарч доош унасан аж.

Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол, нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчдын нэг нь 23 настай О гэгч залуу байсан бол нөгөө хоёр нь ЕБС-ийн сурагч байсан гэлээ.

Хэдийгээр барилгын компанийн зүгээс хохирогч О-гийн гэр бүлтэй уулзсан ч үл ойшоосон байдалтай харьцаж, “Бидэнд  ч гэсэн хүнд байна. Өвдөж зовдоггүй хүн гэж хаана байх билээ. Компани маань хүнд байдалд орчихлоо” гэж хэлжээ.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.