Английн “Премьер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт өнгөрсөн амралтын өдруудэд эхэллээ. Лигийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан "Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадруултай ярилцсанаа хүргэж байна.
-“Ливерпүүл” улирлын эхний ялалтаа байгууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Удаан хүлээсэн Английн “Премьер лиг” эхэллээ. Ямартай ч дэмждэг баг минь нэлээд хүнд тоглолт хийж, анхны ялалтаа байгууллаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Сэтгэгдэл өндөр байна.
-Супер довтлогч дутагдаж байгаа талаар ярина уу?
- Багийн гол довтлогч Луйс Суаресыг явуулсан болохоор шинэ довтлогч авна гэсэн таамаглал байна. Солилцоо наймааны цонх хаагдах арай болоогүй. Энэ хугацаанд юу ч болж мэднэ.
-Хайртай багийнхаа эхний тоглолтыг "Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчид хамтдаа үзсэн үү?
-Тийм ээ. "Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ТББ-ынхантайгаа үзсэн. Удаан хугацааны дараa үзсэн болоод ч тэр үү, их сайхан байлаа.
-“Ливерпүүл” клубийн төлөө цохилох зүрхтэй болоод хэдэн жилийг үдэж байна вэ?
-"Ливерпүүл” 2005 онд “Аваргуудын лиг”-т гайхалтай эргэн ирэлт хийн түрүүлж байлаа. Шувтаргын тоглолтонд Италийн “Милан” клубт гурван гоолын зөрүүтэй хожигдож явсан ч богино хугацаанд тэнцүүлж, улмаар 11 метрийн торгуулийн цохилтоор ялснаар Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд тав дахиа түрүүлсэн. Ирэх оны тавдугаар сард Станбулын домогт шигшээ тоглолтын 10 жилийн ой болно. Миний “Ливерпүүл”-ийн дэмжигч болсны 10 жилийн ой мөн тохионо.
-Танай ТББ хэрхэн байгуулагдсан бэ?
-2009 оны долдугаар сард “Ливерпүүл”-ийн дэмжигч 10 орчим залуу уулзаж, фэн клуб (Хөгжөөн дэмжигчдийн клуб) байгуулж, цаашлаад багийн талаарх мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг вэб сайт үүсгэх зорилготой болж байлаа. Ингээд фэн клубээ 2010 оны арваннэгдүгээр дүгээр сард албан ёсоор байгуулж, Монголын хөлбөмбөгийн анхны фэн клуб үүссэн түүхтэй.
Тэр цагаас хойш ‘Улаанууд”-ын дэмжигчдийг цуглуулах, хүрээгээ тэлэх, тоглолтоо хамт үзэх, нийгэмд хандсан хүмүүнлэгийн ажил зохион байгуулах гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
-ТББ байгуулагдсан цагаас хойш нийт хэдэн гишүүн элсээд байна вэ?
-Албан ёсны гишүүнчлэлийн хуудастай 100 гаруй залуу бий. Түүнээс гадна www.liverpoolfc.mn сайтын маань форумд 3000 орчим хүн бүртгүүлсэн. Мөн фэйсбүүк дэх фэн клубийн хуудас маань 5000 орчим дагагчтай.
-Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан үйл ажиллагаанаасаа дурдахгүй юу?
-Фэн клубийн маань гол зорилго нь гишүүддээ үйлчлэх болохоор тэдэнд хандсан үйл ажиллагаануудыг тасралтгүй зохион байгуулдаг. Клубээ байгуулсан цагаас хойш “Ливерпүүл”-ийн тоглолтыг амьдаар үзэх аяллыг зохион байгуулсаар ирсэн. 2011 онд “Ливерпүүл” Ази тивээр аялан тоглож, БНХАУ-ын Гуанжоу хотод болсон тоглолтыг манай гишүүд анх үзэж байлаа.
Үүний дараа 2012 онд ОХУ-ын “Анжи” багтай хийсэн тоглолтыг Москвад үзэж, өнгөрсөн жил “Мөрөөдлийн Энфильд” аяллаа зохион байгуулсан. Манай клубийн найман залуу алс холын Англи орныг зорьж, Ливерпүүл хотын гайхамшигт “Энфильд Рөүд” цэнгэлдэх хүрээлэнд зочилсон. Энэ бол “Ливерпүүл”-ийн дэмжигчдийн хамгийн том мөрөөдлийн нэг юм.
-Саяхан хийсэн аяллынхаа талаар ярихгүй юу?
-Жил бүрийн наймдугаар сард копуудын зуны цугларалт болдог уламжлалтай. Дөрөв дэх удаагийн цугларалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Энэ удаагийн цугларалтад Англи, Швед, БНХАУ болон хөдөө орон нутгаас олон дэмжигч ирсэн.
-Энэ мэт томоохон арга хэмжээний зардлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Манай клуб ямар нэг компани, улс төрийн нам эвслээс хол байдаг. ТББ-ын албан ёсны гишүүд маань жил бүр 12000 төгрөгийн хураамж төлдөг.
-"Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ойрын хугацаанд ямар үйл ажиллагаа хүлээж байна вэ?
-Бид жил бүрийн эхэнд тухайн ондоо хийх ажлын төлөвлөгөөг гаргадаг. Есдүгээр сарын эхээр “Red's Cup” хөлбөмбөгийн тэмцээн болно, “Аваргуудын лиг”, "Премьер лиг”-ийн хүрээнд хийх бүх тоглолтыг хамтдаа үзнэ. Мөн аравдугаар сардаа багтаж “Энфильд аялал”-ыг хоёр дахиа зохион байгуулах төлөвлөгөөтэй. Ингээд оны сүүлчээр шинэ жилийн баяр хамтдаа тэмдэглэнэ дээ.
-Тэмцээний цар хүрээ хэр нэмэгдэх байна вэ?
-Манай байгуулагын гишүүдийн дундах тэмцээн дөрөв дэх удаагаа болно. Тэмцээнд оролцох гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жил ч олон гишүүн хамрагдах төлөвтэй.
- “Ливерпүүл” клуб 2014-2015 оны улиралд гаргах амжилтын талаар ямар таамаглалтай байна вэ?
-’’Премьер лиг”-т өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, атгаад алдсан аваргын цомоо хүртээхийг юу юунаас илүүтэй хүсч байна. Дасгалжуулагч Брэндон Рожерс томоохон тэмцээнүүдэд оролцох бэлтгэлээ сайн базаасан тул “Аваргуудын лиг”-т ч гэсэн хөгжөөн дэмжигчдээ гомдоохгүй болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!