Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ынхан чуулганы танхимыг орхилоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын чуулганы хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны цаг үеийн байдалтай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Тэрбээр манай улсын эдийн засаг энэ оны I улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бол II улиралд өсөлтийн хурд эрчимжиж, эхний хагас жилд 11.3 хувьд хүрчээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр 6 дугаар сард ашиглалтад орж, зэсийн баяжмалаа 7 дугаар сараас экспортолсон, “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам, дэд бүтцийн байгууламжууд барьж эхэлсэн, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр бодит салбарыг дэмжсэн нь өсөлтийн хурдад нөлөөлсөн гэж хэллээ.

Инфляцийн түвшинг бууруулахаар Засгийн газар шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих 4 дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2012 оны эцэст 14.2 хувь байсан инфляци 6.7 хувьд хүрч буурчээ. Экспорт эхний 8 сард өмнөх оноос 6 хувь буурч, 2.7 тэрбум ам.доллар байлаа. Нүүрсний экспорт 21 хувиар, бас нүүрсний үнэ 30 хувь буурсан нь үүнд голлон нөлөөллөө гэлээ.

Барилгын салбарыг дэмжих зорилгоор дутуу барьсан барилгуудыг гүйцээхэд зориулж хөнгөлөлттэй зээлийг барилгын компаниудад олгосон, мөн орон сууцны хорооллын дэд бүтцэд Засгийн газар хөрөнгө гаргасан. Мөн иргэдэд жилийн найман хувийн хүүтэй зээлийг олгосон нь эргээд барилгын салбарынханд томоохон боломж олгосон байна. 

Валютын ханш 2013 оны дунд хүртэл тогтвортой байсан ч сүүлийн сард өсөөд байна.Гадаад валют орж ирэх урсгал буурсан, дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой байсан. Харин ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 1,1 хувь буурч, 7.3 хувь боллоо. Барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 77 мянган хүн шинээр ажилтай болж, үүнийг дагаад гадаадаас авах ажиллах хүчний тоо эрс буурсан гэж Ерөнхий сайд танилцууллаа.

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна. Ургац хураалтад цэргийн 800 албан хаагч, 300 гаруй оюутан гэрээгээр ажиллуулсан, борлуулалтад шинэ зохицуулалтууд хийснийг Ерөнхий сайд онцоллоо. Нийслэлд 28 цэгт түр төв байгуулан хүнсний ногооны борлуулалт хийж, үүний зэрэгцээ Дүнжингарав худалдааны төвд 760 гаруй ногоочин худалдаа хийж байна.

Энэ онд 2900 км авто замын барилга, 175 км замын их засвар шинэчлэлт хийж байна. Төмөр зам, барилга, хот байгуулалтын салбарын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Нийслэлд шинэ төлөвлөлт хийх, орон нутагт аймгийн төвүүдийг хот болгох хөгжлийн төлөвлөгөөнүүд гаргаж байна. Хилийн боомтуудыг шинэчлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих, одоо байгаа станцуудын хүчин чадлыг нэмэх ажлуудыг эрчимжтэй хийж байна гэсэн ерөнхий мэдээллүүд өгөөд, УИХ-ын гишүүдэд бичгээр тарааж өгсөн материалд дэлгэрэнгүй тооцоо, ажлын явцын талаар тайлагнасныг Ерөнхий сайд дурьдлаа. Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Япон улсад 9 дүгээр сарын 11-14-нд хийсэн албан ёсны айлчлалын гол үр дүнг болон энэ сарын 21-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын төлөвлөгөөг танилцууллаа.

Ийн мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авч байна. Харин энэ үеэр МАН-ын гишүүд чуулганыг орхин гарлаа.