Монголд багийн спорт хөгжихгүй байна гэдэг. Аргагүй л дээ, багийн спортоор сүртэй амжилт гаргаж байгаагүй болохоор тэр шүү дээ. Нөгөө талаас манай улс багийн спортод анхаараад, хөрөнгө мөнгө зарцуулаад сүйд болсон юм байхгүй. Чөлөөт, жүдо, буудлага, бокс тэргүүтнээ л бага сага анхаарч, түүний хүчээр Олимп, дэлхийн аваргуудтай болсон байх. Ямар сайндаа л Монгол Улсын шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болохыг үзэхэд бурхны нас хүрэхгүй гэсэн онигоо хүртэл зохиож байх вэ дээ.
Хэтэрхий гутранги үзэл. Сүүлийн үед манай өсвөрийн тамирчид багийн спортоор манай улс ямар ч амжилт үзүүлж болно гэдгийг хангалттай харууллаа. Тэгэхээр бурхан “амьддаа” манай улсыг хөлбөмбөгийн дэлхийн аварга болохыг харж ч магадгүй тийм гэрэлтэй ирээдүй биднийг хүлээж байна. Манайхан сагсан бөмбөгөөр дэлхий дахиныг ангайлгаж чадсан. Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжил ямар төвшинд байна вэ гэдгийг манайхан хэд хэдэн удаа харууллаа. Саяхан өсвөрийн сагсан бөмбөгийн охид АНУ-д очоод медаль аваад ирсан.
Сагсан бөмбөгийн эх орон Америкийн багуудтай тоглоод шүү дээ. Мөн “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчид хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн Европын хүүхдийн багуудтай тулж, ихэнхийг нь хожиж чадлаа. Тэгвэл Монголын өсвөрийн бейсболын баг “KIA Tigers” клубийн урилгаар БНСУ-д нөхөрсөг тоглолтод оролцож, тэргүүн байрт шалгарсан бахдам амжилтыг гаргалаа.
Өсвөрийн тамирчдыг багаас нь тун сайн бэлтгээд, төр засгаас хөрөнгө мөнгөөр дэмжээд, шигшээ баг байгуулаад, мэргэжлийн хэмжээнд хөгжүүлээд өгөх юм бол монголчууд дэлхийд ямар ч спортоор өрсөлдөж чадах юм байна.
Тиймээс тэднийг “Монголын мэдээ” сонин “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. “KIA Tigers” клубийн нөхөрсөг анхны тоглолт 2012 онд манай улсад зохион байгуулагдахад тус улсаас 100 гаруй өсвөрийн тамирчид хүрэлцэн ирж, оролцож байжээ. Харин хоёр дахь удаагийн тэмцээнд Монголын 20 тамирчин, гурван багийн хамт оролцож, өндөр амжилтыг үзүүллээ.
Энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-ын Гуанжү хотод болсон “KIA Tigers” хоёр дахь удаагийн тэмцээнд Монголын өсвөрийн “Киа Тайгерс” баг тус улсын дөрвөн багтай тоглож, бүгдийг нь хожсоноор тус тэмцээний аваргаар шалгарсан юм. 20 сурагч, гурван багшийн хамт явсан Монголын “Киа Тайгерс” баг энэ сарын 11-нд Гёонги аймгийн Янжү хотын, 12-нд Жоннамын Канжин, 13-нд Гуанжу хотын баг болон 14-нд Сөүлийн багтай сүүлийн тоглолтоо хийж, ялалт байгуулжээ. Тэр дундаа тэмцээний зохион байгуулагч Гуанжү хотын багтай энэ сарын 13-нд тоглож, 14:13-аар хожсон.
Тэмцээнийг зохион байгуулагч багийн хувьд манай тамирчдаас 2-3 насаар ах байсан ч зочин баг ялалт байгуулж, бейсболын спортоор чамгүй тоглож байгаагаа харуулаад авчээ. Мөн үзэгчдийн зүгээс ч ах нартайгаа тоглож, ялалт байгуулж байгаа Монголын тамирчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн байна. Энэ бол яах аргагүй бахдам амжилт. Солонгос бейсболоор тийм ч тасарчихсан орон биш. Дэлхийд Японы бейсболчид ур чадвараараа гайхагддаг. Хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтдаг. Солонгос тэдний энд хүрэхгүй ч гэсэн бас ч гэж манайхыг бодвол бейсбол гэдэг спортыг хөгжүүлчихсэн орон.
Монгол Улс бөх, боксоо л хөгжүүлэх гэж явахад тэд хөлбөмбөг, бейсбол гээд багийн спортоор хөгжүүлчихсэн болохоор манайхаас хамаагүй илүү байх нь тодорхой. Тиймээс манай өсвөрийн бейсболчдын амжилтыг яах аргагүй өндрөөр үнэлэх ёстой. Түүнээс гадна бейсболын тамирчдын энэ амжилт Монголд багийн ямар ч спорт хөгжих боломжтой гэдгийг дахин баталлаа.
Өсвөрийн тамирчдыг багаас нь тун сайн бэлтгээд, төр засгаас хөрөнгө мөнгөөр дэмжээд, шигшээ баг байгуулаад, мэргэжлийн хэмжээнд хөгжүүлээд өгөх юм бол монголчууд дэлхийд ямар ч спортоор өрсөлдөж чадах юм байна. Одоо бид топ дөрвөн спортоосоо халих цаг болсон. Жаахан хүрээгээ тэлж, топ 10 спорттой болъё л доо. Түүнийх нь тал нь багийн спорт байвал бүр сайн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!