Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхэд Увс аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Байлдагч П.Хэнмэдэх тухайн ангидаа бус өөр ангид байгаа бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах хүсэлт Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад илгээсэн гэж тус Цагдаагийн газрын эх сурвалж мэдээлэв.
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаагаас илгээсэн хүсэлтэд “Хилийн 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат байлдагч Пүрэвдоржийн Хэнмэдэхийг бэлтгэл заставын офицер, дэслэгч Н.Баатар зодож, дарамтлан зүү залгиулсан тухай мэдээллийн дагуу шалгахад П.Хэнмэдэхэд дарамт учруулсан нь тогтоогдоогүй.
Харин байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулж, зүү залгисан болох нь тогтоогдсон тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд заасан биедээ гэмтэл учруулах замаар цэргийн албанаас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс хилийн 0164 дүгээр ангид байгаа байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байгаа тул түүнийг мөрдөн байцаалтад ирүүлнэ үү” гэжээ.
Түүнийг ХХЕГ-аас хараахан цагдаагийн байгууллагад шилжүүлээгүй байгаа ч зарим хэвлэлээр П.Хэнмэдэхийг цагдан хорьсон тухай мэдээлэл цацагджээ. Энэ талаар Увс аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Шүүгчийн захирамж гарч түүнийг хорьсон зүйл байхгүй. Хилийн 0164 дүгээр ангиас манайд шилжүүлээгүй байгаа шүү дээ. Гэхдээ сэжигтэн ирчихвэл энэ сардаа багтаан мөрдөн байцаалтаа дуусгаж, прокурор, шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!