Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Исламистууд хил рүү нь ойртохоос Хятадууд болгоомжилж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ирак дахь исламын зэвсэгт бүлгийн түрэмгийллийг Хятад улс болон иргэд нь хэрхэн харж байгаа талаар ForeignPolicy сайтад Алекса Олсены бичсэн нийтлэлийг хүргэж байна.


Хэдийгээр хаа сайгүй Умард Ирак дахь дайны тухай мэдээ хэвлэлийн тэргүүн нүүрүүдийг эзэлж байгаа ч саяхныг хүртэл Хятадад төдийлөн анзаарагдахгүй байсаар ирсэн билээ.

Харин Ислам шашинтнуудын эрхийг боож хааж байгаа улсуудаас, тэр дотроо Хятадаас өшөө авна гэсэн Исламын улсын мэдэгдэл нь бүгдийг өөрчлөөд байна.

Уг мэдэгдэл нь долоон сарын эхээр гарсан ч Арабаас Хятад хэл рүү мэдээлэл хүрэхдээ удсаны улмаас саяхан буюу найман сарын 8-нд Хонг Конгийн Phoenix Weekly сонины тэргүүн нүүрэнд гарснаар Мандарин хэлтэй хүмүүст анх удаа хүрчээ.

Үүний дараа Хятадын мэдээллийн сайтууд, нийгмийн сүлжээгээр тархснаас хүмүүсийн дунд багагүй шуугиан дэгдээгээд байна.

Жирийн Хятад хүнд тэнд болж байгаа аллага хядлага эхэндээ хол мэт төсөөлөгддөг байсан бол одоо ойрхон ирсэн мэт санагдаж эхэлжээ.

Phoenix-ын нүүрэнд зэвсэглэсэн исламын дайчид элсэн цөлөөр довтолж байгаа зурагтай нийтлэгдсэн байна.  Дотор нь Исламын улсын тэргүүн Абу Бакр Аль-Багдадигийн Иракийн Мосул хотод долоон сарын 4-нд хийсэн мэдэгдэл багтжээ. Түүний мэдэгдэлд ислам шашинтнуудын эрх Хятад, Энэтхэг, Палестин зэрэг орнуудад зөрчигдөж байгааг дурдаад шашин нэгт ахан дүүсээ аврахыг уриалжээ.

Phoenix-ын мэдээнд бас Исламын улсын ойрын таван жилд эзлэхээр төлөвлөсөн газар нутгийн зургийг хавсаргасан байжээ. Тэр зурагт нь Шинжааны нутгийн багагүй хэсэг орсон байгаа юм.

Үүнийг үзсэн Хятадууд цочирдон гайхаж бас санаа зовсноо онлайн ертөнцөд илэрхийлсээр байна.

Тухайлбал, Weibo сүлжээний нэгэн хэрэглэгч “Энэ нь тун сайн. Ингэснээрээ тэд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн таван улсын дургүйг хүргэж байж няц даруулах нь” гэх зэргээр бодлоо хуваалцжээ.

Нийгмийн сэтгэл зүй ингэж өөрчлөгдөж байгаа нь харин Бээжинд ашигтайгаар тусч Шинжаанд салан тусгаарлахыг оролдож буй Уйгар үндэстний босогчдыг дарах ажиллагаагаа эрчимжүүлж болзошгүй. Уйгарууд ч үүнийг баталж сүүлийн үед Хятадын эрх баригчид терроризмын асуудал дээр илүү чанга дуугарах болсон гэжээ. Бодит байдал дээр Исламын улс өөрт нь аюул учруулах эсэхээс үл хамаараад боломжийг ашиглан Бээжин Уйгаруудыг номхотгох ажлаа өргөжүүлэх нь тодорхой байна.

Бээжин Иракт болж буй улс төр, цэргийн хямралаас аль болох зайгаа барихыг хичээж ирсэн. Уг нь Хятад Иракийн газрын тосны салбарт тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулж, ойрх дорнодоос газрын тосны импортынхоо 10 хувийг хангадаг юм.

Исламын улсын түрэмгийлэл эхэлснээс хойш Хятадуудын хийсэн хамгийн шийдмэг алхам нь Ирак дахь 10 мянган ажилчнаа нүүлгэн шилжүүлсэн явдал. Мөн долоон сарын 8-нд Хятадын тусгай элч Ву Сике Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликитай уулзахдаа терроризмын эсрэг тэмцэлд нь туслахаа амлаад тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэгээ илэрхийлсэн юм. Айлчлалаас ирснийхээ дараа Ву Хятад улс нь Ирак, Сирид болж буй хямралын нэгэн хохирогч болоод байгаа бөгөөд уг хямралыг зохицуулах нь Хятад төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт нийцнэ гэж мэдэгджээ.

Гэвч Америкийн Иракт өгч байгаа агаарын цохилт Бээжинг уламжлалт байр сууриа түр өөрчлөхөд хүргэж байна. Ер нь Хятад улс Америкаас дэлхийн халуун цэгүүдэд явуулж байгаа цэргийн ажиллагаануудад байнга харамслаа илэрхийлж Судан, Сири, Орос, Иранд тавьсан хориг арга хэмжээнүүдийг нь эсэргүүцэж байлаа.

Харин Иракийн асуудал дээр АНУ, Хятад улсууд урьд өмнө байгаагүйгүйгээр санал нэгдэж байна. Тэр ч байтугай цэргээ Иракт илгээж энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжийг ч үгүйсгэхгүй байна. Гэхдээ энэ тохиолдолд АНУ шиг гүнзгий биш, хязгаарлагдмал хүрээнд байх болно гэж Бээжингийн судлаачид үзэж байгаа ажээ.