Саяхан Америкийн Корнелийн их сургуулийн эрдэмтэд сонирхолтой дүгнэлт гаргажээ.
Тэдний мэдэгдсэнээр Оклахома мужид болж байгаа таван газар хөдлөлт тутмын нэг нь өндөр даралтаар газар доорх ялтсыг усаар дэлбэлэх аргаар занарын хий олборлож байгаатай шууд холбоотой гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ он гарснаас хойш Оклахома мужийн нутаг дэвсгэр дээр гурав болон түүнээс дээш баллын хүчтэй хоёр зуу гаруй газар хөдлөлт болсон нь тус мужид өмнө нь болж байсан чичирхийлэлтээс хавьгүй их байгаа гэнэ. Ийнхүү ихсэх болсон нь Оклахомагийн баруун өмнөд хэсэгт байрлах хийн томоохон дөрвөн цооногийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотой гэж судлаачид батлаж байна. Занарын хийн олборлолт зургаан жилийн өмнөөс эрс эрчимжсэнээс хойш газар хөдлөлтийн тоо ихсэх болсон тул эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ.
Энэхүү судалгааг хийсэн мэргэжилтнүүдийн нэг Жеффри Эйберсийн өгүүлснээр тус бүсэд байгалийн хүчин зүйлийн улмаас газар хөдлөлт ихээр гарах магадлал тун бага гэж үзжээ. Гагцхүү ашигт малтмалыг дэлхийн ялтасыг гидравлик дэлбэрэлтийн аргаар олборлож байгаа нь газар хөдлөлтийг иидэвхжүүлсэн гэдэгт судлаачид итгэлтэй байгаа аж.
Түүнчлэн шинжээчдийн үзэж байгаагаар олборлолтын ажил эрчимжсэн нь цооногийн байршлаас 35 километрийн радиусд газрын чичирхийлэлт үүсэхэд хүргэж байгаа гэнэ. Гэтэл эрдэмтдийн энэхүү мэдэгдэлд орон нутгийн иргэд огтхон ч гайхаагүй аж. Оршин суугчид газар хөдлөөд байгааг ашигт малтмал олборлолттой холбоотой гэдгийг гадарлаж байсан бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!