Өнөөдөр Монгол орон даяар Аавуудын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Аавын тухай бодлууд энэ өдрүүдэд толгойд эргэлдэнэ. Гэхдээ энэ удаад Монголын аавууд, эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ажилгүйдэл, архидалтын талаар дурьдахыг хүссэнгүй. Жил бүрийн энэ л өдөр ярьдаг, хэлдэг, тоо баримтаа дахин дурьддаг. Аавуудын гэр бүлдээ эзлэх байр суурь, эрчүүдийн үнэлэмж хаачив гэж яривал ярих олон зүйл байна.
Гэхдээ жил бүрийн цэргийн баяр, аавуудын өдрөөр л эрчүүдийн проблем, үнэ цэнийн тухай гэнэт санасан юм шиг ярьдаг. Олон судалгааны үр дүнг ажил хэрэг болгох тухай дурьдаад л өнгөрдөг. Тиймээс энэ удаад дээр дурьдсан бүхнийг түр хойш тавъя. Сүүлийн жилүүдэд үнэндээ зөвхөн аавуудын, эцэг хүний үнэлэмж буураад байгаа юм биш. Ерөөсөө тэдний орон зай нь хумигдаж байгааг бид бүхэн мэддэг хэрнээ энэ тухай төдийлөн ярьдаггүй.
Орчин цагийн бүсгүйчүүд ажил, карьер, амжилт, алдар хүнд, бизнесийн араас хөөцөлдөж явсаар нэг л мэдэхэд нас нь 30 хол давсан байх...
Уншигч та эцэггүй хүүхэд төрүүлээд ганцаараа өсгөчихнө, ген сайтай хүнээс хүүхэдтэй болчихно гэх ганц бие бүсгүйчүүдийн яриаг бишгүй дээ л сонссон байлгүй. Би ч ялгаагүй олон эмэгтэйгээс ийм үг сонсч байсан юм. Угтаа орчин цагийн бүсгүйчүүд ажил, карьер, амжилт, алдар хүнд, бизнесийн араас хөөцөлдөж явсаар нэг л мэдэхэд нас нь 30 хол давсан байх нь бий. Сургуульд сурч, өндөр боловсрол эзэмшиж, амжилттай ажиллахад бүсгүй хүний буруу юу байх вэ. Мэдээж хэн ч энэ хорвоод ганцхан удаа амьдрахдаа хүсч, мөрөөдсөнөөрөө амьдрахыг хүсдэг.
Гэвч бүсгүйчүүд бид чухамдаа энэ амьдралыг хоёр талаас нь тольдохыг хүсэхгүй зөвхөн ганц талаас нь мэрээд байгаагаа олж харахгүй байгаад хэргийн учир байгаа юм. Шилдэг сургуульд суралцаж, гялалзсан амжилт үзүүлсэн эмэгтэй байхыг хүсэхгүй хэн байх вэ. Гэвч аливаа зүйлийн тун, хэмжээг тааруулж, амьдралын хоёр талыг эн тэнцүү авч яваа эмэгтэйг л чухамдаа амжилтад хүрсэнд тооцохоос биш гэр бүлийн амьдралаа орхигдуулж, хойш нь тавьчихаад эцэс сүүлд нь хувиа хичээсэн шийдвэр гаргаж байгаа эмэгтэйг лав хэлэхгүй биз.
Нөхөр олдохгүйн түмэн шалтгаан тоочиж, эцэст нь ген сайтай эрээс хүүхэдтэй болчихоод, түүнийгээ ганцаараа өсгөнө гэж ярьж яваа эмэгтэйг л хувиа хичээсэн шийдвэр гаргагч гэсэн хэрэг.
Энэ хорвоо дээр ямар ч шидтэй, яаж ч төгс гэгээрсэн мундаг эмэгтэй байлаа гээд үр хүүхэддээ эцгийнх нь орон зайг үгүйсгэж чадахгүй.
Хэдийгээр тухайн эмэгтэйн нөхөртэй болохгүй байгаагийн шалтгаан янз бүр байж болох боловч эцсийн дүндээ эцэггүй хүүхэд өсгөнө гэдэг амиа бодсон шийдвэр гэхээс өөр юу гэх билээ. Хүүхэд аавтай байх ёстой, тэд элэг бүтэн гэр бүлд өсч өндийх учиртай. Тэд “аав аа” гэж дуудах эрхтэй. Гэтэл тухайн эмэгтэй төрүүлсэн хүүхдийнхээ цаашдын хувь заяаг огт бодохгүй зөвхөн насны эцэст гараасаа хөтлөх, хөлөө хучуулах, элгээ дэвтээх үртэй байх гэж л жирэмсэлж байгаа хэрэг шүү дээ.
Нийгмийн хөгжлийг дагаж ургасан энэ бүх гаж үзэгдлүүд өнөөдөр Монголын нийгэмд эр хүний ялангуяа эцэг хүний орон зайг үгүйсгэн, хумиж байна. Үүнээс гадна амьдралын ямар нэгэн шалтгаанаар салж, тусдаа амьдарч байгаа эмэгтэйчүүд цаг ямагт эцгийнх нь орон зайг үгүйсгэн ярьж, тэр ч бүү хэл нас барсан мэтээр хэлж, ойлгуулах нь түгээмэл болжээ.
Угтаа бол энэ хорвоо дээр ямар ч шидтэй, яаж ч төгс гэгээрсэн мундаг эмэгтэй байлаа гээд үр хүүхэддээ эцгийнх нь орон зайг үгүйсгэж чадахгүй, тэгэх ч учиргүй. Хэдийгээр тухайн эмэгтэйн хувьд муу эр хүн байвч төрсөн үрдээ бол аав нь шүү дээ. Орчлонгоос золгүй тохиолдлоор халин одсон байсан ч энэ орчлонгийн амьтай бүхэн аавтай. Өчүүхэн өт хорхойноос эхлээд амьтай бүхэн эр, эмээрээ хослон амьдардаг жамтай. Маргааш Аавуудын өдөр... Аав нарыгаа, эрчүүдийнхээ орон зайг үгүйсгэн, гишгэхийн оронд тэднийгээ хайрлан, хүндэлж, хайр, халамжийг нь хүртэж, амьдрах учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!