О.Энэрэлт: "Зэрэглээ" дуугаа удахгүй дүрсжүүлнэ
Амьд хөгжмийн “Моханик” хамтлагийн ахлагч басс гитарчин О.Энэрэлтийг “Өглөөний мэнд” буландаа урилаа.
-Танай хамтлагийнханд энэ өглөөний мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог их үү?
-Энэ зуны хувьд зав муутай л байна. Шинэ цомгоо гаргасан. Шинэ цомгийнхоо “Зөөлөн мишээл”, “Чонон сүлд” гэсэн хоёр дуунд клип хийлгэж байна.
-Шинэ цомог тань ямар нэртэй вэ. Хэзээнээс сонсогч олны хүртээл болгов?
-“Моханик Амарбаясгалантад” гэдэг нэртэй. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цомгийн нээлтээ “Гламоур” арт галерейд хийсэн. Шүтэн бишрэгчиддээ зориулж өнгөрсөн жилүүдэд сонсогчдоос үнэлэлт авсан дуунуудаараа бэлэг барьсан. Цомог маань нийт 12 дуутай, шинэ бүтээлүүдээ багтаасан.
-Танай хамтлагийнхан хэд дэх жилдээ "PLAYTIME-2014" наадамд оролцож байна вэ, өнгөрсөн жилийнхээс энэ удаагийн наадам юугаараа онцлог болох бол?
-Манай хамтлаг ес дэх жилдээ оролцож байна. Жилээс жилд энэ наадмын цар хүрээ тэлж байгаа болохоор бид нилээн ач холбогдол өгдөг. Энэ жилийн наадам өвөрмөц болох байх. Гурван тайзан дээр зэрэг тоглох юм. Ингэснээр үзэгчид өөрийн сонсохыг хүссэн амьд хөгжмийн хамтлагаа хүссэн үедээ үзэх боломжтой.
-Амьд хөгжмийн хамтлагуудаас гадна өөр ямар арга хэмжээ зохиох вэ?
-Хөгжим дотроо олон янз. Хүнд рок пoп, алтернатив гээд урсгалууд бий. энэ удаад шинэ залуу хамтлагаас гадна DJ, болон гадаадын хамтлагууд уламжлал ёсоор оролцож байгаа нь бусад тоглолтуудаас ялгарах гол онцлог болов уу.
-Танай хамтлагийн дараагийн төлөвлөсөн ажил юу вэ?
-Үүний дараа бид “Зэрэглээ” нэртэй шинэ дууныхаа клипний зураг авалтыг хийлгэнэ. Намраас өөрсдийн бие даасан тоглолтыг хийх бодолтой байгаа. Гэхдээ тодорхой хугацаа товлоогүй учраас товтой хариу өгч чадахгүй нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
