ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Амралт зугаалгаар явахдаа үер уснаас болгоомжлохыг анхаарууллаа

ikon.mn
2014 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд орсон хүчтэй, усархаг борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүс усанд хөл алдах, гарамгүй газраар гол гатлахдаа автомашинтайгаа урсах зэрэг аюулд өртсөөр байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 
Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт 2014 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл гол устай холбоотой 38 дуудлага иржээ.

Усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцсыг эрэн хайж гаргасан байна. Амралт зугаалгаар явахдаа золгүй байдлаар амиа алдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдсон тохиолдол бүртгэгдсээр байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг санууллаа.

Түүнчлэн голын сав болон эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хуүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлалгүй, голд сэлэхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна.