Наадмын өдрүүдэд дүүргийн болон өрхийн эмнэлгүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Н.Мэндсайханаас тодрууллаа.
-Баярын өдрүүдэд дүүргийн болон өрхийн эмнэлгүүд ямар хуваариар ажиллах вэ?
-НЭМГ-ын даргын гаргасан тушаалын дагуу баяр, наадмын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Энэ хугацаанд дүүргийн эрүүл мэндийн, нэгдлийн шүд, гэмтэл, дотор, мэс заслын тасаг тус тус ажиллана. Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв мөн адил 10:00-1 6:00 цагийн хооронд ажиллахаар болсон.
Үүнээс гадна, төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун, зүүн болон төв хаалгуудад эмнэлгийн түргэн тусламжийн машин ажиллана. Хувийн эмнэлгүүдийг тодорхой хэмжээгээр нэмж ажиллуулах үүрэг даалгавар өгсөн учир шаардлагатай тохиолдолд иргэд давхар үйлчлүүлэх боломжтой.
-Жил бүр унаач хүүхдүүд бэртэж гэмтэх явдал элбэг гардаг. Үүнтэй холбогдуулан Хурдан морины салбар хороо болон унаач хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Манай Эрүүл мэндийн газраас жил бүр Хүй долоон худагт түргэний машинууд ажиллуулж гэмтэж бэртсэн хүүхдүүдийг ГССҮТ болон дүүргийн гэмтлийн тасагт яаралтай хүргэдэг. Тиймээс энэ жил дүүргийн гэмтлийн тасаг, кабинетүүд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллана. Xүүхдүүд бэртэж гэмтэхээс сэргийлэхийн тулд толгой, өвдөг, тохойны хамгаалалт зүүхээс гадна уяачид, уралдааныг зохион байгуулах комиссынхон тэдэнд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.
-Баярын үеэр Яаралтай түргэн тусламжийн төв ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс дүүргийн түргэн тусламжийн төвүүд ямар дуудлага хүлээн авах талаар иргэдэд мэдээлэл өгөөч?
-“103”-ын утсаар насанд хүрэгчдийн дуудлага болон Баянзүрх, Сонгино-Хайрхан. дүүргийн хүүхдийн дуудлагыг хүлээн авна. Бусад дүүрэг хуучин утсан дээрээ хүүхдэд түргэн тусламж үзүүлэх дуудлагаа хүлээж авахаар болсон.
Мөн эмч болон түргэний машины бэлэн байдал, нөөц хэрэгслийг бэлтгэхийг НЭМГ-ын даргын тушаалаар эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон. Харин манай байгууллага долдугаар сарын 10-16-ны өдрийг хүртэл 20:00-09:00 цагийн хооронд 320981 дугаарын утсан дээр 24 цагийн хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэдээс эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!